Шууд Chart

С.Дэмбэрэл: Манай улс сансрын мэдээлэлд жилд 6.8 тэрбум төгрөг зарцуулдаг

2021-04-07 12:20:36

Жаран жилийн өмнө, дөрөвдүгээр сарын 12-ны өдөр ЗХУ-ын сансрын нисэгч Юрий Алексеевич Гагарин сансарт ниссэнээр сансарт хүний хөл хүрч, мөр гарсан түүхтэй. Энэ үйл хэрэг дэлхий нийтэд сансрын эрин үе эхэлснийг зарласан юм. 2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүн төрөлхтөн сансарт ниссэн олон улсын өдрийг албан ёсоор зарлаад олон улсын хэмжээнд жил бүрийн дөрөвдүгээр сарын 12-ны өдөр энэ өдрийг тэмдэглэж байхаар тогтоосон  байдаг. Түүхэн өдөртэй холбогдуулж Монголын сансрын технологийн хөгжил, ололт амжилтын тухай ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Манай улс 1970 оноос эхлээд сансраас мэдээлэл хүлээн авч цаг уур, холбоо харилцаа, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хэрэглэж эхэлсэн түүхтэй. Одоо ч хэрэглэж байна. Тэгвэл бидэнд сансрын технологийг хөгжүүлэх боломж бий юу?

-1981 оны хамтарсан нислэгийн үеэр манай эрдэмтэн судлаачдын хийсэн багаж, төхөөрөмжөөр сансарт туршилт явуулж байсан түүхтэй. Гэхдээ сансрын хиймэл дагуулын түвшинд технологи хөгжүүлж,  хөөргөсөн нь 2017 оноос эхтэй. 2017 онд МУИС-ийн эрдэмтэн, судлаач залуус Япон улсад суралцаж байх хугацаандаа сансрын хиймэл дагуулын хөтөлбөрт хамрагдаж, анхныхаа Мазаалай хиймэл дагуулыг бүтээсэн. Өнөөдөр Мазайлай хиймэл дагуулыг хийсэн залуучууд “Тэмүүлэл” нэртэй хоёр дахь хиймэл дагуул хийгээд 2022 онд сансрын тойрог замд гаргахаар ажиллаж байна. Үүний дараа хиймэл дагуулынхаа хэмжээ, хүчин чадлыг нэмэгдүүлээд микро хиймэл дагуул бүтээх зорилго тавьсан. Тэгэхээр ойрын ирээдүйд манай залуучууд зайнаас тандан судлах хиймэл дагуулыг сансарт гаргахад ойрхон байна. Бид хиймэл дагуулын техник технологи хөгжүүлэхийн хажуугаар сансрын хиймэл дагуулаас авсан мэдээлэлд манай орны эрдэмтэн судлаачид ажиглалт, анализ хийж цаг уур, батлан хамгаалах, онцгой байдал зэрэг олон салбарт хэрэглэдэг. Жишээ нь манай ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн, Газарзүй гео-экологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид сансраас авсан мэдээлэл дээр тулгуурлан судалгааны ажлаа хийж байна.

-Манай судлаачид өөрсдийн хэрэгцээнд нийцсэн хиймэл дагуул хөөргөнө. Ийм тусгай хэрэгцээний хиймэл дагуултай болох нь чухал гэж ярьдаг. Яг өнөөдөр манай улсад хиймэл дагуулаас мэдээлэл авах, сансрын мэдээллийг ашиглах зайлшгүй шаардлага хэрэгцээ байна уу?

-Цаг уурын урьдчилсан мэдээ, байгалийн гамшигт үзэгдлийн хамрах хүрээ, ой хээрийн түймрийг хурдан мэдэх, хамрах хүрээг нь тодорхойлох, газар хөдлөлтийн эвдрэлийн бүс тодорхойлох ч гэдэг юм уу, эсвэл цөлжилт, ой, ургамлын бүрхэвч гэх зэрэг мэдээллийг манай эрдэмтэн судлаачид гадны хиймэл дагуулуудаас авдаг. Заримыг нь худалдаж аваад ашигладаг. Дэлхий дээр та бидний сайн мэдэх газар зүйн байрлалын системийг тогтоодог дөрвөн том JPS станц ажилладаг. ОХУ, БНХАУ, АНУ, Европын холбооны энэ сүлжээ станцууд газарзүйн байрлалын системийг нарийвчлан тогтоох нэг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ энэ дөрөв тус тусдаа системээ хөгжүүлж байна. Нэг систем нь 10 тэрбум долларт хүрдэг ийм технологийг яагаад энэ улс орнууд тус тусдаа хөгжүүлээд байна вэ? Энэ бол цэрэг, дайны зориулалттай. Иймээс улс орнууд нэг системийн хараат байдалд орохгүйн тулд өөр өөрсдийн технологио хөгжүүлдэг онцлогтой. Мэдээж манай Монгол улсад хиймэл дагуулын ийм том сүлжээ станцыг хийж чадах хүчин чадал байхгүй ч гэсэн өөрсдийн орны шаардлагад нийцсэн микро хиймэл дагуул хөөргөх шаардлага бий. Монгол улсын Алсын хараа-2050 гэсэн чухал баримт бичигт сансрын техник технологийг  хөгжүүлээд өөрсдийн хэрэгцээнд нийцсэн мини хиймэл дагуулын сүлжээтэй болъё гэж зорилгоо тодорхойлсон. Хиймэл дагуул хөгжүүлэх нь их чухал. Бид техникийн болон байгалийн гамшигт үзэгдлийн мэдээллийг орон зай, цаг хугацаа харгалзахгүйгээр шууд авах боломжтой болно. Мөн уул уурхай ашигт малтмалын эрэл хайгуул, цөлжилт, бэлчээр, ой ашиглалт, ус цаг уур, батлан хамгаалах гээд олон салбарт шаардлагатай мэдээллийг сансраас тогтмол авч байх юм. Нэг үгээр хэлбэл, Монгол орныхоо газар нутагт юу болж байгааг шууд мэдэж, хурдан шуурхай, зөв оновчтой шийдвэр гаргаж чаддаг тийм цаг үе ирнэ гэж найдаж байна.

-Та өөрийн нэг ярилцлагадаа манай улс сансрын технологийн төвтэй болно гэж онцолсон байсан. Ийм төвтэй болох уу?

-Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн баярын өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сансрын нисэгч Ж.Гүррагчаа болон манай эрдэмтэн залуусыг хүлээн авч уулзсан. Энэ уулзалтын үеэр манай залуу судлаачид сансар судлалын үндэсний лабораторитой болъё оо, энэ чиглэлээр ажилладаг боловсон хүчнээ олон болгож, мэдлэг боловсролыг нь дээшүүлэхэд анхааръя гэж саналаа хэлсэн. Ер нь сансар судлалын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсронгуй болгоод олон талын хүсэл эрмэлзлэлийг нэг чигт зангидаж, нэгдсэн нэг цонхоор хөгжье өө гэсэн. Үүнийг Монгол улсын Засгийн газраас дэмжиж байна. Засгийн газраас шинээр барьж байгаа шинжлэх ухаан инновацын цогцолбор төв дээр Үндэсний сансар судлалын лаборатори байгуулахыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

-Манайд сансрын технологи сайн хөгжөөгүй ч гэсэн зайнаас тандан судлах шинжлэх ухааны ажил хангалттай хийгдсэн гэдэг. Энэ судалгаа шинжилгээний ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, практикт ашиглах боломжтой юу? 

-Зайнаас тандах шинжлэх ухааны салбарын судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг хийж байна. Үүнийг огт хийгээгүй гэж хэлж болохгүй. Хотын захиргаа, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам зэрэг олон байгууллага зайнаас тандах судалгааны ажлын үр дүн, дүгнэлт дээр үндэслэн зөв оновчтой шийдвэр гаргасан тохиолдол цөөнгүй байдаг. Гэхдээ бизнесийн хүрээнд гэдэг ч юм уу, өргөн хүрээнд ашиглагдах түвшинд арай хүрээгүй байна. Ер нь сансрын мэдээлэл гэдэг чинь өөрөө өртөг өндөртэй. Монгол улсын газар дээрх мэдээллийг шууд авъя гэвэл гадаадын хиймэл дагуулын эзэмшигч компанид их хэмжээний төлбөр төлөхөөс аргагүй. Үүнээс болоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд орчихдог. Харин өөрийн хиймэл дагуулыг хөгжүүлээд сансрын тойрог замаас Монгол орныхоо газар нутгийг тасралтгүй ажигладаг болчихвол сансрын мэдээллийг шууд авах, эдийн засаг, инновацын үйл ажиллагаанд нэвтрэх зэргээр шууд өөр түвшинд гарч хөгжих боломжтой.

-Манай улс сансрын мэдээлэлд жилдээ хэдэн төгрөг зарцуулдаг бол?

-Монгол Улсын хэмжээнд сансрын мэдээллийг тэдэн төгрөгөөр худалдаж авдаг гэсэн нэгдсэн дүн гарахад төвөгтэй. Яагаад гэвэл бүх салбарууд өөрсдийн шугамаар мэдээллээ худалдаж авдаг. Гэхдээ саяхан болсон хурал дээр жилдээ сансрын холбооны суваг ашиглалтын төлбөрт 6,8 тэрбум төгрөг төлдөг гэсэн багцаа тоо гарсан. 

Ингээд үзэхээр бага биш дүн гарна гэсэн үг. Яахав мөнгө төгрөг хэмнэхдээ ч юм уу, аль эсвэл айхтар ашигтай ажил хийхдээ биш хамгийн гол нь ойрын ирээдүйд сансар судлалын технологийн үндэсний лабораторыг бий болгож, боловсон хүчинээ бэлтгээд өөрийн гэсэн хиймэл дагуулыг шат дараалан хөгжүүлэх, цаашилбал 2030 он, 2050 он гэхэд сансрын тойрог замд хүчин чадал сайтай, олон янзын үүрэг гүйцэтгэх боломжтой мини хиймэл дагуул хөөргөж, түүнээс авсан мэдээллээ улс эх орондоо ашиглах гэсэн ийм л зорилготой.

-Ярилцсанд баярлалаа. 

 

Нийтэлсэн: Д.Даваадулам

С.Дэмбэрэл: Манай улс сансрын мэдээлэлд жилд 6.8 тэрбум төгрөг зарцуулдаг   
Үзсэн: 724 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй