Шууд Chart

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2021-04-07 16:43:48

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны (2021.04.07) өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын гурван гишүүнээс 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Чинзориг хийсэн. 

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулан, гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд Ажлын хэсэг хуулийн төслийг хэлэлцээд, нийт 8 бүлэг, 56 зүйлтэй шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, онцлог зохицуулалтуудыг төсөлд тусгасан байна.

Тухайлбал, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмж болон хоршоог амжилттай хөгжүүлж байгаа улс орнуудын шилдэг туршлагад тулгуурлан, хуульд хэрэглэсэн нэр томьёо болон хоршоо үйл ажиллагаандаа баримтлан ажиллах зарчмыг анх удаа тодорхойлсон. Иргэний хуулийн 33.2-т хоршоог ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрөл байхаар зохицуулсан нь олон улсын жишигт илүү нийцсэн гэж Ажлын хэсэг үзэж, олон улсын хөдөлмөрийн байгууллагаас боловсруулсан хоршооны талаарх концепцыг тулгуур болгон төслийн боловсруулалтыг гүйцэтгэсэн. Хоршооны гишүүний эрх үүрэг, бүртгэл, элсэлт, оруулсан хувь хөрөнгө, өв залгамжлал, түүний бүрэн эрх дуусгавар болохтой холбоотой харилцааг “Хоршооны гишүүн” гэсэн шинэ бүлэг болгон зохицуулсан. Энэхүү хуулийн төслөөр хоршоо анх удаа хуулийн этгээдийнхээ хувьд эрх, үүрэг, хариуцлагатай болж, гишүүдийнхээ нийгэм, эдийн засгийн байдлыг дээшлүүлж, амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд гишүүдийнхээ өмнө үүрэг хүлээхээр тусгасан. 

Мөн хоршооны талаарх төрийн, нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын бүрэн эрхийг шинээр томьёолон, төсөлд тусгаснаар хоршоогоор дамжуулан түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалтын кластер сүлжээг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, хоршооны хөгжлийн үнэлгээг хоёр жил тутам хийж, нэгдсэн удирдлага, мэдээллээр хангах замаар хоршооллын хөдөлгөөнийг хоршоодын холбоо болон хоршооллын нэгдсэн холбоогоор дамжуулан дэмжихийг зорьсон.  Хуулийн төслийн хоршооны хөрөнгө гэсэн зүйлийг “Хоршооны хөрөнгө, эх үүсвэр” гэсэн шинэ бүлэг болгон өөрчлөн найруулж, хоршоо хуулийн этгээдийнхээ хувьд Иргэний хуульд тодорхойлсон өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл байх болгомжийг нээж, хоршоог өөрийн хөрөнгөтэй болгосон. Ингэснээр, хоршоог арилжааны банк болон бусад зээлдэгчдээс зээл авах эрх зүйн үндсийг илүү тодорхой болгосноор хоршоог бие даан хөгжих, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт тодорхойлсон төрийн бодлоготой нийцүүлэн, зөвхөн хоршооны гишүүд төдийгүй хоршоогоор дамжуулан орон нутагт хоршооллын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэхэд томоохон түлхэц болоход чиглэгдсэн гэж байлаа. 

Нөгөө талаас бусад хуулийн этгээдүүдийн адил хоршооны дундын эд хөрөнгийг оновчтой удирдах шаардлагатай ч хоршооны гишүүд хамтын удирдлага, хяналтаа алдсан тохиолдолд хоршоонд үүсэх аливаа эрсдэлийг хоршооны гишүүн хувийн эд хөрөнгөөрөө нөхөх хариуцлага хүлээж байдаг нь бусад хуулийн этгээдээс ялгарах онцлогтойг харуулж байна. Хоршоо гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангахад сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хоршоо энэхүү хамтын удирдлагаа амжилттай хэрэгжүүлэхэд үүсэж болох аливаа санхүүгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад бодлогоор дэмжих зорилгоор “Болзошгүй эрсдэлээс хамгаалах сан” болон “Хоршооны хөгжлийн сан”-д тодорхой хөрөнгө төвлөрүүлэх боломжийг тусгасан. Түүнчлэн, хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд хоршоо гишүүдийнхээ барааг дотоодын үйлдвэрлэгчдэд “зуучлан борлуулсан” бол “дамжуулан борлуулсанд” тооцохгүй байхаар зохицуулалт нэмж оруулсан нь хоршооны татвар ногдох орлогыг илүү тодорхой болгоод зогсохгүй, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хоршоодын хөгжлийг дэмжинэ гэж үзэж байна. Хоршоог хөгжихөд Төлөөлөгчдийн хурал, эрх бүхий албан тушаалтан, тэдний хүлээх хариуцлагыг хоршоодыг хөгжихөд шаардлагатай эрх зүйн зохицуулалт гэж үзээгүй учраас төслөөс бүхэлд нь хасах зарчмын саналуудыг Ажлын хэсэг гаргасан гэдгийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулгадаа дурдсан. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 80 саналын томьёоллоор санал хураалтыг явуулав. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй