Шууд Chart

Д.Жаргалсайхан: Тусгай албадыг хүний нөөцөөр тасралтгүй хангахын тулд Тусгай хүчний сургууль байгуулах хэрэгтэй

2021-04-08 08:42:53

Дотоод хэргийн их сургууль цагдаа, төрийн тусгай хамгаалалт, хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тусгай албаны офицерын албан тушаалд ажиллах “Аюулгүй байдал-тусгай албаны ажилтан“ бакалаврын хөтөлбөр боловсруулж баталсан.  2021-2022 оны хичээлийн жилд дээр дурдсан агентлагуудад захиалгаар 25 оюутан элсүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэ талаар тус сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн төвийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.Жаргалсайханаас тодрууллаа.

-Биеийн тамир, албаны бэлтгэлийн төв хэзээ байгуулагдсан бэ?

-Манай төв Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны “Дотоод хэргийн Их сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/133 дугаар тушаалаар Биеийн  тамир, албаны бэлтгэлийн төв болон өргөжсөн.

Анх 1982 онд Нийгмийн аюулаас хамгаалах яамны ЦТДС-ийг Цэргийн дээд сургууль болгон өргөтгөхөд “Биеийн тамирын тэнхим” нэртэйгээр байгуулагдаж, “Биеийн тамирын тэнхим”, “Албаны спортын тэнхим”, “Албаны ба авто бэлтгэлийн тэнхим”, “Бие хамгаалах бэлтгэлийн тэнхим”, “Албаны бэлтгэлийн тэнхим”, “Биеийн тамир, спорт-сургалтын алба” нэртэйгээр сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн.

Манай төвд Монгол Улсын гавьяат багш, боловсрол судлалын доктор С.Хаянгарваа, цэргийн болон хууль зүйн  магистр зэрэгтэй, Олон Улсын хэмжээний  мастер, спортын мастер цолтой гээд мэргэжлийн багш нар ажиллаж, цэргийн биеийн тамир, гардан тулаан, албаны тусгай бэлтгэлийн мэдлэг, чадвар, дадал олгох хичээлүүдийг заадаг. Үүний зэрэгцээ сонсогч, суралцагчдад гардан тулаан, байлдааны самбо, жүдо, сагсан бөмбөг, волейбол гэх мэт 9 төрлийн секц дугуйланг хичээллүүлдэг юм.

-ДХИС-д Тусгай хүчний сургууль байгуулах хэрэгцээ шаардлага хэдийн бий болсон гэж санагддаг?

-Манай төв Дотоод хэргийн их сургуулийн Алсын хараа-2050 хөтөлбөрийн хүрээнд Тусгай хүчний сургууль болон өргөжих зорилго тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төрийн тусгай, цагдаа, дотоодын цэрэг, хил, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албанд 300 гаруй алба хаагчид ажилладаг. Эдгээр албан хаагчдыг тусгай албаны сургалтын хөтөлбөрөөр бэлтгэх хэрэгцээ шаардлага  зайлшгүй бий болсон. Өмнө нь бол энэ чиглэлээр ажилладаг алба хаагчдыг гадаадын төрөл бүрийн сургалтад хамруулах, байгууллага дээрээ сургалт явуулах зэргээр бэлтгэдэг байсан.

Тусгай албад нь албаны онцлог, гүйцэтгэх чиг үүргээр үйл ажиллагаагаа явуулж, боловсон хүчин, хүний нөөцөө янз бүрийн боловсролын түвшинтэй төрөл бүрийн спортоор хичээллэдэг залуусаас  сонгон шалгаруулж, ажиллуулдаг. Энэ нь боловсон хүчин бэлтгэх шаардлага хангалтгүй, мэргэшсэн ажилтан бэлтгэж, тусгай ажиллагаанд оролцуулахад хугацаа алдаж байна гэсэн үг. Гадаадын улс орнуудад бол мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлогыг тууштай дэмжин, тусгай хүчний албан хаагчдыг мэргэжлийн сургуулийн бакалаврын хөтөлбөрөөр өндөр түвшинд бэлтгэдэг.

Ийм учраас мэргэшсэн тактикийн бүлгийн ажилтан, тэсэрч дэлбэрэх бодис, саперчин, мэргэн буудагч зэрэг ажилтнуудыг сургаж, бэлтгэн тусгай албадыг хүний нөөцөөр тасралтгүй хангах нь Тусгай хүчний сургууль байгуулах үндэслэл болж байгаа юм.

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургалтын орчны хувьд  материаллаг бааз ямар байгаа вэ?

-Манай сургуулийн хувьд сургалтын таатай орчин бүрдсэн гэж хэлж болно. 2020 онд “Спорт цогцолбор, номын сан” ашиглалтад орсонтой холбогдуулан усан бассейнтай болсон. Мөн хичээл сургалт явуулахад болон  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх фитнессийн заал, бууны тийр гээд шаардлагатай бүхий л нөхцөл бололцоог үе шаттай бүрдүүлсэн. Үүгээр зогсохгүй гадаад талбайн төлөвлөлт, галын спорт хөгжүүлэх талаар багагүй ажил хийхээр төлөвлөж байна. Мөн би өөрийн олон жилийн хуримтлуулсан туршлага, мэргэжил арга зүй дээрээ түшиглэж, тусгай албаны офицероор суралцах сонсогч нарт зориулсан “Swat”-ын тусгай бэлтгэл” ном хэвлүүлсэн. Цаашид ном, сурах бичиг гарын авлага хэвлүүлэх, суралцах орчныг бүрдүүлэх  чиглэлээр багагүй ажил хийхээр төлөвлөөд байна.

-Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа хүчний байгууллагууд гүйцэтгэх ямар тусгай чиг үүрэгтэй вэ?

-Тусгай чиг үүргийн хүрээнд алба хаагчид гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, терроризмтой тэмцэх сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг таслан зогсоох, баривчлах, ялтныг хуяглан хүргэх гээд амаргүй ажил албыг гүйцэтгэдэг. Энэ бүхэнд алба хаагчаас мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг.

Мөн нүүлгэн шилжүүлэх, хил зөрчигч, оргодлыг эрэн сурвалжлах, хорих анги, хилийн боомтод үүссэн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, хилийн хяналтын орчин, алба хаагчдад учирч болох аюулыг таслан зогсоох ажиллагаанд оролцох, өндөр албан тушаалтныг хамгаалах болон барьцаалагдсан хүн, объект, тээврийн хэрэгслийг чөлөөлөх, биечилсэн хамгаалалт зохион байгуулах гээд маш өргөн хүрээнд ажилладаг. Ийм ажил үүрэг гүйцэтгэдэг  ажилтнуудыг сургаж бэлтгэх, тусгай албадыг мэргэжлийн боловсон хүчнээр тасралтгүй хангах суурь тавигдаж байна гэсэн үг.

-Танай төвөөс жил бүр “Сонсогчийн алдар” тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ уламжлал цар тахлаас үүдэн зогсчих шиг боллоо?

-Манай төвөөс “Сонсогчийн алдар” тэмцээнийг анх 1994 онд Цагдаагийн академийн нэрэмжит тэмцээн болгон зохион байгуулсан түүхтэй. Жилээс жилд өргөн хүрээнд зохион байгуулдаг энэ тэмцээнд манай сонсогчид маш идэвхтэй оролцдог их өрсөлдөөнтэй тэмцээн. Цар тахлын нөхцөл байдал арилахаар бид уламжлал болсон энэ тэмцээнээ зохион байгуулна.

-Та тусгай ажиллагааны чиглэлээр мэргэшсэн алба хаагчдын нэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ чиглэлээр хэдэн жил ажиллаж байна. Тусгай хүчний сургуульд суралцахыг зорьж байгаа сонсогч суралцагч нарт ямар зөвлөгөө өгөх бэ?

-Би 1990 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын “Хамгаалалтын тусгай тасаг байгуулах тухай” тушаалаар одоогийн Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар “Гуравдугаар тусгай тасаг” нэртэйгээр байгуулагдахаас эхлээд ажилласан. Олон нийтийн жагсаал цуглаан, зэвсэглэж оргож зугтах, барьцаалах, бүлэглэж хүний аминд хүрсэн этгээдүүдийг баривчлах, гал, үер, ослын үед дайчлагдан хэргийн газрыг хамгаалах гээд дээр дурдсан бүхий л чиг үүргээр үүрэг гүйцэтгэж байлаа.

Үүнээс гадна мөрдөгч нохойтой харьцаж сурах чухал ажил бий. Дурдаад байвал олон доо. Энэ бүх бэлтгэл сургуулилтыг сэтгэлийн хатаар л даван туулна. Манай залуучууд мундаг ажилладаг. Ирээдүйд энэ чиг үүргийн хүрээнд ажиллах залуучуудыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байгаадаа сэтгэл хангалуун байна.

-Танд ажлын өндөр амжилт хүсье.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Д.Жаргалсайхан: Тусгай албадыг хүний нөөцөөр тасралтгүй хангахын тулд Тусгай хүчний сургууль байгуулах хэрэгтэй  
Үзсэн: 1209 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй