Шууд Chart

АНУ-ыг цөмийн гэрээнд эргэн нэгтгэх зорилготой хэлэлцээний эхний үе шат амжилттай болжээ

2021-04-08 11:31:10

АНУ-ыг 2015 оны цөмийн гэрээнд эргэн нэгтгэх зорилготой дэлхийн таван гүрний Ирантай хийх хэлэлцээний эхний үе шат амжилттай болжээ. Орос, Хятад, Герман, Франц, Британи, Ираны төлөөлөгчид Австрийн Вена хотноо өчигдөр хаалттай хэлэлцээ эхлүүлсэн. Энэ нь Вашингтон, Тегераны аль алинаар нь цөмийн гэрээг дагаж мөрдүүлэх, ингэхдээ аль алиных нь болгоомжлол, ашиг сонирхлыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн олон улсын чухал алхамд тооцогдож байна.

Европын холбооны зуучлалаар эхэлсэн энэхүү хэлэлцээ Венийн хэлэлцээ Орос, Хятад, Герман, Франц, Британи, Ираны хооронд болж, харин Америк гэрээний бусад талуудын зуучлалаар Ираны талтай шууд бусаар хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл Америк Ираны төлөөлөгчид хоорондоо уулзахгүй, зөвхөн зуучлагч орнуудтайгаа харилцаад, зөвлөлдөөд явах аж.

НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн+Герман улс Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоож, хариуд нь АНУ болон Олон улсын хоригийг цуцлах нөхцөлтэйгөөр Ирантай 2015 онд цөмийн гэрээ байгуулсан юм. Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө нэртэй тус гэрээ нь цөмийн зэвсэг хорогдуулах, дэлхий нийтийн аюулгүй байдалд нэн чухал ач холбогдолтойд тооцогдож байгаа.

Гэвч АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп гэрээний нөхцөл тэнцвэргүй, Тегераны талд давуу эрх олгосон байна гэсэн үндэслэлээр Америкийг 2018 онд уг гэрээнээс гаргаж, Иранд эдийн засгийн хоригоо сэргээн тогтоосон. Үүнээс хойш иран уран баяжуулалтаа нэмэгдүүлэх зэргээр гэрээг зөрчиж ирсэн. Ираны энэ алхам Америкийн хоригийг цуцлуулахын тулд гэрээнд оролцогч бусад орнуудад шахалт үзүүлэх зорилготой гэж шинжээчид үзэж байгаа юм.

Байдены засаг захиргаа уг гэрээнд эргэн нэгдэхэд бэлэн байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн ч Иран эхлээд гэрээг дагаж мөрдөх ёстой гэж үзэж байгаа. Харин Иран Америк хоригоо цуцалсан нөхцөлд хэлэлцээний ширээнд сууна гэсэн байр сууриа хадгалж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ыг цөмийн гэрээнд эргэн нэгтгэх зорилготой хэлэлцээний эхний үе шат амжилттай болжээ   
Үзсэн: 350 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй