Шууд Chart

Сургууль, цэцэрлэг орчмын замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн засварлана

2021-08-02 13:11:46

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар таван чиглэлд 20 төрлийн үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө.  Тухайлбал, хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн захиалагчийн хяналтыг сайжруулж,  барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг талбайд тогтмол ажиллуулахыг үүрэг болгов.

2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд авто замын засвар болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 25-ны дотор дуусгаж, авто замын хөдөлгөөний зорчих хэсгийг жигдрүүлж ажиллах, нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын бодис, давс нөөцлөхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газарт даалгалаа. Мөн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар, стандартад тогтмол хяналт тавих, нөөц бүрдүүлэх ажлуудыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

Түүнчлэн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэд хэдэн чиглэл өглөө.  Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажлуудыг наймдугаар сарын 20-ны дотор дуусгахаас гадна хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, “School police” ажиллуулах бэлтгэл хангахыг холбогдох албаныханд даалгав. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын авто замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах, шинэчлэх, хурд сааруулагчийг стандартын дагуу байршуулахыг үүрэг болголоо.


Сургууль, цэцэрлэг орчмын замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн засварлана  
Үзсэн: 508 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй