Шууд Chart

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулган эхэллээ

2021-09-16 10:37:38

НҮБ-ын Ерөнхий ассамблейн  76 дугаар  чуулган энэ сарын 14-ний өдөр эхэллээ. Ерөнхий ассамблейн шинэ тэргүүн Мальдивын  төлөөлөл  Абдулла  Шахидад  75 дугаар чуулганы дарга  Волкан Бозкир  бүрэн  эрхээ  шилжүүлэн  өглөө. Шинэ  тэргүүн Абдулла Шахир  76 дугаар чуулганыг байгаль дэлхийг  аврах үйлсэд  зориулагдах чуулган  хэмээн  тодорхойлж  байгаагаа  илэрхийлсэн байна.  Мөн  76 дугаар чуулгантай зэрэгцэн  уур  амьсгалын  өөрчлөлт болон  байгаль орчныг хамгаалах  чиглэлээр  олон улсын  томоохон   чуулга  уулзалт  болохыг  онцлон  тэмдэглэсэн.  

Түүнчлэн  олон улсын  хамтын  нийгэмлэгийнхэн  Ковид-19 ийн  цар  тахалтай тэмцэж,  зэвсэгт  мөргөлдөөнүүдийг  зохицуулж,  ядуурал,   дэлхийн  дулаарлын  үр нөлөөг  арилгахыг  чармайж  буй  хүн  төрөлхтний түүхэн дэх  амаргүй  энэ  цаг  үед  итгэл  найдвар  хамгаас  чухал  байгааг  онцолсон байна.    НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу  Гутерриш 76 дугаар чуулганыг нээж  хэлсэн үгэндээ  ч  олон улсын удирдагчид  оролцох  чуулган их  сорил бэрхшээлүүд,  санал  зөрөлдөөнтэй  үед  болж  байгааг   тэмдэглэн  хэлсэн юм. 

Тэрбээр  дайн,  зэвсэгт сөргөлдөөнд   цэг  тавих  шаардлагатайг  онцолсны дээр юун  түрүүнд    хүн  төрөлхтний  нийтийн  дайсан  болчхоод байгаа  цар тахлын  эсрэг тэмцэлд  хүч  анхаарлаа  төвлөрүүлэх   хэрэгтэйг  чухалчилсан байна.  НҮБ-ын Ерөнхий ассамблейн  76 дугаар  чуулганы  энэ  7 хоногийн хуралдаануудын  үеэр  хэлэлцэх  үндсэн  асуудлуудыг  батлахаас гадна   харьяа  байгууллагуудын  шинэ  бүрэлдэхүүнийг  батлах  юм.  

Харин  21-нээс  Ерөнхий ассамблейн  дээд   түвшний  уулзалтуудын  7  хоног  эхэлнэ.    Ковид 19  цар   тахлаас болж  Ерөнхий ассамблейн  75 дугаар чуулганы өндөр  түвшний  болон  бусад   салбар  хуралдаанууд  цахимаар  зохион байгуулагдаж байсан.  Харин  энэ  жилийн тухайд  өндөр  түвшний  уулзалтууд,  Ерөнхий  санал  шүүмжлэлд  дэлхийн  110 гаруй  орны  төр засгийн тэргүүн,  20 гаруй  улсын  гадаад хэргийн сайд  оролцохоо   илэрхийлээд  байгаа  юм байна. 

Хамтын нийгэмлэгийн орнуудын удирдагчид   НҮБ-ын  7  хоногийн үеэр   коронавирусний эсрэг  вакцины хуваарилалттай  холбоотой  асуудлыг онцгойлон хэлэлцэх аж.  Тодруулбал  ирэх  22-нд  цар  тахлын эсрэг  тэмцэх  олон улсын  түвшний дээд  уулзалтыг   зохион  байгуулна. 

Үүнээс гадна уур  амьсгалын өөрчлөлттэй  тэмцэх  асуудал  чуулганд  оролцогчдын хэлэлцэх гол сэдэв  байх юм.   Мөн  ирэх  22-ны  өдөр  Дурбаны  тунхаглал,  үйл  ажиллагааны  хөтөлбөрийн  20  жилд  зориулсан  дээд  түвшний уулзалт  болно.  Ерөнхий санал  шүүмжлэлийн  сүүлчийн  өдөр  цөмийн  зэвсгийг бүрэн устгахын  төлөөх  тэмцлийн  олон улсын  өдөрт зориулсан  өндөр түвшний  уулзалт зохион  байгуулахаар  төлөвлөсөн  байгаа юм. 

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулган эхэллээ  
Үзсэн: 314 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй