Шууд Chart

Европын Холбоо Талибуудтай хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ

2021-09-16 11:26:36

Европын Холбоо   Афганистаны  засгийн эрхэнд  гарсан  Талибан хөдөлгөөнийхөнтэй  тодорхой  нөхцөлийн  хүрээнд  хэлэлцээ хийхэд  бэлэн байгаагаа илэрхийллээ.  Энэ тухай тус холбооны гадаад бодлого,  аюулгүй байдлын асуудал  эрхэлсэн дээд  комиссар  Жозеп  Боррель  Евро-парламентын  чуулган дээр хэлсэн  үгэндээ  мэдэгдсэн  байна.

Үүний зэрэгцээ  тэрээр  Европын  Холбооны зүгээс  Афганистанд тусламж дэмжлэг  үзүүлэх шаардлагатай  байгааг мэдээлсэн юм.  Афганистанд  өнөөдөр  хүнсний  бүтээгдэхүүний үнэ  эрс өсөөд байгаагийн дээр  санхүүгийн систем нь нуран  унасаар  байна. Тиймээс Евро комисс Афганистанд  үзүүлж байгаа тусламжаа 4 дахин нэмж,  50-200  сая еврод хүргэхээр шийдсэнийг  мэдээлсэн. 

Гэвч энэ нь  далай  дахь  дуслын  төдий  байгаа  учир  нөхцөл  байдалд  нөлөөлж  өөрчлөхийн  тулд Талибан  хөдөлгөөнийхөнтэй хамтрахаас өөр сонголтгүйг тэрбээр онцлон хэлсэн байна.  Түүний өмнөхөн  НҮБ-ын төлөөлөгчид Афганистан улсад  хүнсний болоод  нэн шаардлагатай  бараа бүтээгдэхүүний  нөөц  дуусч байгааг мэдээлж байсан  юм.

Үүнтэй холбоотойгоор  тэд   олон улсын хамтын нийгэмлэгийнхэнд хандаж өлсгөлөнгийн ирмэгт ирээд  байгаа Афганистаны  ард түмэнд  хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг уриалсан  билээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын Холбоо Талибуудтай хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ  
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй