Шууд Chart

Хонхор, Налайх орчимд шинэ суурьшлын бүс байгуулна

2021-09-19 10:33:52

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд шинэ суурьшлын бүсийг нийт таван газарт байгуулахаар төлөвлөж буй.

Эдгээрийн дотор хотын зүүн хэсэг Хонхор орчимд “Хөгжлийн үүд”, баруун хэсэгт “Морингийн даваа” нэртэй шинэ суурьшлын бүс байгуулах юм. “Хөгжлийн үүд” жишиг орон сууцны бүс нь Баянзүрх дүүргийн 11, Налайх дүүргийн 3, 7 дугаар хорооны нутаг буюу Налайх, Хонхорын хилийн заагт Налайхын зам дагуу байрлах юм.

Шинэ суурьшлын бүсийг 252 га талбайд барих бөгөөд нийт 4725 өрхийн 16.065 хүн оршин суухаар төлөвлөж байна. Мөн байгаль орчин, хот байгуулалт, нийгэм, эдийн засгийн үндэслэлүүд дээр тулгуурласан, нийгмийн зорилтот бүлгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, эрүүл аюулгүй, тохилог суурьшлын бүс байх юм. Төлөвлөж байгаагаар жишиг суурьшлын бүс байгуулахдаа хувийн хэвшлийн болон НОСК-ийн санхүүжилт, улс, нийслэлийн хөрөнгө оруулалтыг татах аж.

Суурьшлын бүсийг 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. “Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүсийг байгуулах ТЭЗҮ болон барилгажилтын төслийг дэмжиж, НИТХ-д өргөн барихаар боллоо гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.



Хонхор, Налайх орчимд шинэ суурьшлын бүс байгуулна  
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй