Шууд Chart

Антонио Гуттериш НҮБ-ын 76 дугаар чуулганд оролцогчдод хандан уриалга гаргалаа

2021-09-21 15:42:58

НҮБ-ын ерөнхий ассамблейн 76 дугаар чуулга уулзалт албан ёсоор эхлээд байгаа. Өнөөдрөөс гишүүн улс орнуудын төр засгийн тэргүүн нар тус чуулга уулзалтад оролцож улс орныхоо байр суурийг илэрхийлэх ерөнхий санал шүүмжлэл эхэлсэн. Энэ жил “Ковид-19 цар тахал, вакцины хүрэлцээ, улс орнуудын зөрчил болон цаг уурын өөрчлөлтийн асуудлаар голчлон хэлэлцэх юм. 

Өнгөрсөн жил энэ чуулга уулзалт цар тахлаас болж анх удаа цахим хэлбэрээр явагдсан бол энэ удаад халдвар хамгааллын дэглэмийг сахин, дэлхий дахин эргээд хэвийн амьдралдаа аажмаар шилжин орж байгааг тодотгож гишүүд биечлэн оролцож байгаа юм. НҮБ-ын долоо хоногийн үеэр улс орнуудын төр засгийн тэргүүн нар хоёр талт уулзалт яриаг биечлэн болон цахим гэсэн хоёр хэлбэрээр явуулна. Дэлхий нийт унтаа байдлаасаа сэрж, чиглэлээ өөрчлөн, анхаарал болгоомжтой байж, аливаа асуудалд нэгдмэл байр суурьтай байхыг чуулганы ерөнхий санал шүүмжлэл эхлэхийн өмнөхөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш уриалга гаргасан байна.

Тэрбээр, "Цар тахал дэлхий дахинд хамрах хүрээгээ улам тэлсээр байна. коронавирусний халдварын тархалтаас болж дэлхий даяар эдийн засгийн тэгш бус байдал хэрхэн гүнзгийрч байгааг харж байна. хүн амын хамгийн эмзэг хэсэгт нөхцөл байдал хүндээр тусч байна. ДЭМБ ч дангаараа энэ бүхний эсрэг тэмцэхэд хүчин мөхөстөж байна. тиймээс цар тахалд цэг тавихын тулд асуудлыг олон талын өнцгөөс харж нэгдмэл үзэл санаагаар даван туулах шаардлагатай байна." гэжээ.

Өмнө нь тэрбээр "Ковид-19" цар тахлыг хамтдаа даван туулахын тулд вакцинжуулалтыг дэлхий дахинд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан тэгш хүртээмжтэйгээр олгох шаардлагатайг нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Ингэхдээ дархлаажуулалтын томоохон төлөвлөгөөг гаргах хэрэгтэйг онцолсон.

Тухайлбал, ДЭМБ болон олон улсын санхүүгийн байгууллагууд вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд вакцин үйлдвэрлэгч компаниудыг нэгтгэх хэрэгтэй гэжээ. Антонио Гуттериш вакцины тэгш хуваарилалтын ажлаас гарах үр дүнг тайлбарлахдаа өөрийн улсын жишээг Африкийн улстай харьцуулсан байна.

Жишээ нь, Португали улсын нийт хүн амын 80 хувь вакцины бүрэн тундаа хамрагдсан бол Африкийн улс оронд энэ нь хүн амын 2 хувиас хэтрэхгүй байгаа үзүүлэлт байгаа юм. Тиймээс 2022 оны дунд үе гэхэд дэлхийн нийт хүн амын 70 хувийг вакцинжуулалтад бүрэн хамруулахын тулд улс орнууд нэгдэж хамтран ажиллах хэрэгтэй гэх уриалгыг тэрээр энэ удаад ч мөн дахин гаргасан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Антонио Гуттериш НҮБ-ын 76 дугаар чуулганд оролцогчдод хандан уриалга гаргалаа  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй