Шууд Chart

Б.Ариунжаргал: Ангийн байлдааны тугандаа мэхийн ёслох тэр үед өөрөөрөө, хамт олноороо, мөрдэс нэгт бүсгүйчүүдээрээ бахархаж, омогших сэтгэгдэл төрдөг

2021-10-15 13:31:16

“Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Хүний нөөц хариуцсан ахлах офицер, хошууч Б.Ариунжаргалтай ажил амьдрал болон албаных нь онцлогийн талаар ярилцлаа. Тэрбээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 23 жил ажил амьдралаа холбосон дайчин бүсгүйчүүдийн нэг юм.

-Юуны өмнө танд “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийн мэнд хүргэе! Таны хувьд яагаад заавал энэ чиглэлээр сурч тус мэргэжлийг сонгох болсон бэ? Юу нөлөөлсөн бэ? гэх асуултаар яриагаа эхэлье.

-Баярлалаа. Юуны өмнө цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын Хүний нөөц хариуцсан дарга, удирдлагууд болон албан тушаалтан нартаа “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийн баярын мэнд хүргэе.

Би “Хилийн цэргийн дээд сургууль”-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Би гэдэг хүн 1998 онд их сургуулиа төгсчихсөн байсан ч гэсэн аавдаа бол яг л жаахнаараа байдаг байлаа. Ямар сайндаа аав минь намайг Дотоодын цэргийн 805 дугаар анги руу хөтлөн орж, ажил, амьдралын минь гүүрийг тавьж, тэндээс л ажлын анхны гараагаа эхэлсэн юм. Одоо ингээд эргээд харахаар Дотоодын цэрэг гэдэг энэ сайхан байгууллага, хамт олон дунд тасралтгүй  23 жил, үүнээс хүний нөөцийн чиглэлээр 19 жил ажилласан байна. Энэ л байгууллагатай ажил, амьдралаа холбож жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Цэргийн гавьяаны одонт,  Тусгай хороонд ажиллаж байгаадаа их бахархдаг. 

Чин сэтгэлээ зориулан тууштай ажиллах тэр их эрч хүч, урам зоригийг аав минь надад өгчихсөн байсан гэхэд хилсдэхгүй.

-Таныг аав тань хөтлөөд Дотоодын цэргийн байгууллага руу орсон гэж хэллээ. Тэгэхээр таны аав бас цэргийн хүн үү?

-Гэр бүлд минь цагдаа, цэргийн хүн огт байхгүй. Тэр үед “Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын 0230 дугаар анги”-д ах минь цэргийн алба хааж байх үед аав, ээжтэйгээ эргэлтээр очдог байлаа. Аав маань тэр үед л охиноо цэргийн хүн болгоё гэж шийдсэн байх. Гэтэл би цэргийн цолноос эхлээд тус байгууллагын албаны онцлог, ажлынх нь талаар ч огт мэддэггүй, цэргийн хүн болно гэсэн бодол ч ер нь төрж байгаагүй, сонин байгаа биз. /инээмсэглэв/

-Цэргийн хүн болно гэж хэзээ ч бодож байгаагүй гэж хэллээ шүү дээ. Анх дүрэмт хувцсаа өмсөхөд ямар санагдаж байв. Тэр үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Миний хувьд Дотоодын цэргийн анги, байгууллагад 5, 6 жил энгийн орон тоон дээр ажиллаж байсан. Тухайн үед эмэгтэй алба хаагчийн орон тоо  цөөхөн байсан. Цэргийн дүрэмт хувцас өмсөөд офицерын бүрэлдэхүүнд орж ажиллана гэдэг бол үнэхээр нэр төрийн хэрэг. Одоо ч мөн адил дүрэмт хувцсаа өмсчхөөд, цэргийн жагсаал дотор зогсож байхдаа маш их бахархдаг. Ангийн байлдааны тугандаа мэхийн ёслох тэр үед өөрөөрөө, хамт олноороо, мөрдэс нэгт бүсгүйчүүдээрээ бахархаж, омогших сэтгэгдэл төрдөг.

-Таны хувьд 23 жил ажиллаж Дотоодын цэргийн түүхийг бичилцсэн байна. Энэ хугацаанд маш олон зүйл болж өнгөрсөн байх. Хамгийн сайхан дурсамж юу байв?

-Маш олон жил өнгөрсөн байна. Эргээд харахад сайхан дурсамжууд байгаа хэдий ч би энэ удаад гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн хүнийг дурдахгүй өнгөрч болохгүй.

Учир нь 1998 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангид ажилд орох өргөдлөө өгч, боловсон хүчний хэрэг хөтлөгчөөр томилогдсон хэдий ч ажлынхаа талаар юу ч мэдэхгүй ёстой л хэрэг тарьсан хүүхэд шиг загнуулаад зогсож байдагсан /Инээмсэглэв/.

Тэр үеийн хүний нөөц, сургалт хариуцсан ахлах, дэд хурандаа Б.Билэгхүү гэж мундаг хүн надад бүхий л зүйлсийг зааж сургасан юм. Тэр үед би ёстой юу ч мэдэхгүй уйлах, гомдох, гуньж гутрах үе олон байсан. Даргадаа загнуулж, зэмлүүлж байсан ч ажлаасаа гарах талаар хэзээ ч бодож байгаагүй. Хэцүү зүйл цөөнгүй тохиолдсон ч сайн сайхан зүйл нь түүнээс их байдаг гэдгийг ойлгосон.

-Та гэр бүлийнхээ хүний талаар ярьж болох уу? Анх яаж танилцаж байв. Таны ажлыг хэр сайн ойлгодог вэ?

-Би Дотоодын цэрэгт ажиллаж байх хугацаандаа гэр бүлийнхээ хүнтэй танилцсан. Манай нөхрийг Ц.Баттулга гэдэг. Нөхөр маань ч бас цэргийн хүн. Нэг албанд хамт зүтгэдэг болохоор нэгнийхээ ажил мэргэжлийг маш сайн ойлгож, хүндэлдэг. Том хүү маань ОХУ-д суралцдаг, бага охин маань энэ жил төгсөх анги. Ажил ихтэй байдаг болохоор хүүхдүүд минь багаасаа л биеэ даагаад сурчихсан. Тэд маань аав ээжийнхээ ажил, мэргэжлээр үнэхээр их бахархаж, хүндэлдэг. Энэ ташрамд ханьдаа, хүүхдүүддээ намайг ойлгож, түшиг тулгуур болж явдагт баярлалаа гэж хэлье.

-Та ажлынхаа онцлог, давуу талын талаар  хуваалцана уу ?

-Дотоодын цэрэг нь тайван цагт мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн цэргийн мэргэшсэн байгууллага. Төрийн хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрэм, зааврыг хатуу, чанд мөрдөж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх нь бидний үүрэг юм.

Хүний нөөцийг бүрдүүлэх  хамгийн гол хүчин зүйл нь хүний нөөцийн төлөвлөлт гэж боддог. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийн  бодлогын баримт бичиг болон үйл ажиллагааны үндсэн чиглэл, зарчимд тулгуурлан, ажлын байранд тавигдаж байгаа шаардлага, албан тушаалын тодорхойлолтыг баримтлан хүний нөөцийн төлөвлөлт, орон тооны нөхөн хангалтыг хийн ажилладаг.

-Дотоодын цэргийн анги, байгууллагад цэргийн алба хаасан иргэд ажилд орох хүсэлт гаргасан тохиолдолд ямар шалгуурыг хангасан байх  шаардлагатай вэ?

-Дотоодын цэргийн анги, байгууллагад орж, ажиллах иргэн нь Цагдаагийн албаны тухай хууль, Дотоодын цэргийн тухай хуульд заасан шалгуур, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/179 дүгээр тушаалаар  батлагдсан “Цагдаагийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах тусгай шаардлага, шалгуур үзүүлэлт тооцох журам”-д заасан шаардлагыг хангасан байх ёстой.

Сүүлийн үед манай залуучууд биедээ шивээс их хийлгэж байна. Ялангуяа төрийн албанд ажиллах хүсэл, сонирхолтой залуучуудын хувьд шивээс битгий хийлгээрэй гэж хэлмээр байна.

Хамгийн гол анхаарах зүйл бол тухайн иргэн өөрөө төрийн тусгай албанд ажиллах хүсэл, сонирхолтой, бие бялдар, эрүүл мэнд, хууль эрх, зүйн мэдлэгтэй байх шаардлагатай. 

-Дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллаж буй мөрдэс нэгт алба хаагчид болон энэ албанд орохыг хүсэж буй залуучууддаа хандаж хэлэх үг?

-Энэ жил Орчин цагийн цагдаагийн байгууллагын 100 жилийн тохиож байгаа бөгөөд ирэх онд Дотоодын цэргийн 100 жилийн түүхт ой болох юм.  Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадууд, ажиллаж байгаа эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч болон нийт ажилтнууд тэдний гэр бүлийнхэнд баярын мэнд хүргээд аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

Залуучуудын хувьд ажил, албандаа сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Өөрийгөө боловсруулж, хурдан суралцаж, дадлагажих хэрэгтэй. Аливаа зүйлийг заавал хүнээр хэлүүлж хийдэг биш, чадахгүй ч байсан заалгаад хийдэг, хийх хүсэл, эрмэлзэлтэй байх ёстой.

-Цаг зав гарган ярилцсанд маш их баярлалаа. Ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. 

-Баярлалаа.


Б.Ариунжаргал: Ангийн байлдааны тугандаа мэхийн ёслох тэр үед өөрөөрөө, хамт олноороо, мөрдэс нэгт бүсгүйчүүдээрээ бахархаж, омогших сэтгэгдэл төрдөг  
Үзсэн: 1077 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй