Шууд Chart

Загвар төсөл хэрэгжлээ

2021-10-19 10:52:10

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (ЖАЙКА) болон Зам, тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ)-наас хэрэгжүүлж буй “Монгол орны зам, цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн Үр дүн 3-ын хүрээнд хучилтын ажлын загвар төсөл хэрэгжлээ.

Загвар төсөл нь Монгол орны авто замын хучилтад нийтлэг тохиолддог хөндлөн хагарал, дугуйн мөрний ховилын эвдрэлд чиглэсэн хучилтын хийц, орц найрлагыг бодитоор туршиж, үнэлэх зорилготой. Мөн төслийн Үр дүн 1-ийн хүрээнд боловсруулсан асфальтбетон хучилтын стандарт болон Үр дүн 2-ын лабораторийн туршилтуудтай нягт уялдаатай юм.  

Урьдчилсан судалгаа, хэмжилтийн ажил

Одоо байгаа хучилтыг хуулж байгаа нь

 

Төв аймгийн Баян сум, Налайх-Чойрын замын 101 дэх км-т нийт 850 м (хөндлөн хагарал: 550 м, дугуйн мөрний ховил: 300 м) авто замд загвар төслийг хэрэгжүүлсэн. Урьдчилсан судалгаа, хэмжилтийг гүйцэтгэн, одоо байгаа өнгө хучилтыг хуулж бэлдсэн.

Хучилтын ажлыг 9-р сарын 22-26-ны өдрүүдэд гүйцэтгэсэн ба орц найрлагаараа ялгаатай хэд хэдэн төрлийн асфальтбетон хольцыг дэвсэж, хөндлөн хагарлын эвдрэлд чиглэсэн хучилтын нэг хэсэгт битумээр бэхжүүлсэн үеийг хийж, үлдсэн хэсэгт 30 м ба 50 м-ын алгасалтай заадас хийж гүйцэтгэсэн.

Хучилт дэвсэх ажлын явц

Хучилт дэвсэх ажлын явц

 

Хучилтын хольцыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын харьяа асфальтбетон заводод үйлдвэрлэж, зам барилгын ажлыг “Налайх АЗЗА” ТӨХК гүйцэтгэсэн ба Зам, тээврийн хөгжлийн төвөөс хяналтыг тавьж, ЖАЙКА төслийн мэргэжилтний багаас дэмжлэг үзүүлж ажиллав.

Хучилтын заадас хөрөөдөж буй байдал

Гагнаас хийж буй байдал

Цаашид уг замаас авсан сорьцод лабораторийн туршилт хийхээс гадна замын нөхцөл байдлын үзлэг, хэмжилт хийх зэргээр үр дүнгийн хяналт-шинжилгээг Зам, тээврийн хөгжлийн төв болон “Налайх АЗЗА” ТӨХК-тэй хамтран хэрэгжүүлнэ. Мөн 2022 онд нийслэлийн авто замд загвар төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  

Эх сурвалж: ЗТХЯ


Загвар төсөл хэрэгжлээ  
Үзсэн: 808 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй