Шууд Chart

Шүүхээс торгох ял түлхүү оноожээ

2021-10-21 13:45:35

Хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын шүүхийн 2021 оны III улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа, Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг, П.Ангарагсайхан нар танилцуулсан юм.

Монгол Улсын хэмжээнд 2021 оны 3 дугаар улиралд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 19.9 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 23.9 хувиар тус тус буурсан байна.

Шүүхээс 9895 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8144 хүнд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 1142 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.

Зарим гэмт хэргийн тоо өсөв (гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хахууль авах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг өссөн дүнтэй байна).

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 27 хэргээр буюу 16.8 хувиар, хахууль авах гэмт хэрэг 4 хэргээр буюу 14.8 хувиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 10 хэргээр буюу 2.1 дахин, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт 2 хэргээр 25 хувиар тус тус өссөн байна.

Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав

Үүнд: хүнийг алах гэмт хэрэг 53 хэргээр буюу 26.9 хувиар, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 1047 хэргээр буюу 23.4 хувиар, хулгайлах гэмт хэрэг 484 хэргээр буюу 35.6 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 105 хэргээр буюу 48.2 хувиар, мал хулгайлах гэмт хэрэг 131 хэргээр буюу 38.3 хувиар, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 234 хэргээр буюу 29.4 хувиар, залилах гэмт хэрэг 51 хэргээр буюу 8.2 хувиар, улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх 25 хэргээр буюу 75.8 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна.

Шүүх торгох ялыг түлхүү оноожээ

Монгол Улсын хэмжээнд 2021 оны 3 дугаар улиралд шүүхээс торгох ялаар нийт 4576 хүн, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 1234 хүн, хорих ялаар 1855 хүн, зорчих эрхийг хязгаарлах ялаар 482 хүн тус тус ял шийтгүүлсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан хүний тоо 34.9 хувиар, торгох ял шийтгүүлсэн хүний тоо 23.1 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 35.1 хувиар тус тус буурсан байна.

Шүүхээс 2021 оны 3 дугаар улиралд 4576 хүнд нийт 6 тэрбум 800 сая 664 мянга 570  төгрөгийн торгох ял шийтгэсэн нь 633 сая 777 мянга 720 төгрөгөөр буюу 8.5 хувиар буурсан дүнтэй гарсан байна.

Цагдан хорих зөвшөөрлийн тоо буурав

Улсын хэмжээнд 2021 оны 3 дугаар улиралд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 400 хүнээр буюу 28.2 хувиар, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 99 хүнээр буюу 34.5 хувиар тус тус буурсан байна. Сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 35 хүнээр буюу 25.2 хувиар буурсан байна.

Хорих ял эдлэх дэглэмийг бууруулав

Улсын хэмжээнд 2021 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 113 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 3 хүн буюу 2.7 хувиар өссөн байна.

Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 23.3 хувиар өсөв

Анхан шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2021 онд харьяаллын дагуу зөрчлийн 15857 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 474 шийдвэрийг хянасан байна. 65 хуулийн этгээд, 3969 хүнд торгох шийтгэл, 12015 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нийт 406 зөрчлийг хянан шийдвэрлэж 202 хэрэгт буюу 49.8 хувьд нь анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, 106 зөрчлийн хэрэгт буюу 26.2 хувьд нь өөрчлөлт оруулж, 98 хэрэгт буюу 24.0 хувьд нь шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шүүхээс торгох ял түлхүү оноожээ  
Үзсэн: 360 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй