Шууд Chart

“Монгол ур чадвар-2021” тэмцээн эхэллээ

2021-10-21 14:06:46

“Монгол ур чадвар-2021” ур чадварын үнэлгээний нэгдүгээр шатны шалгаруулалт өнөөдөр эхэллээ.
 
“Дэлхийн ур чадвар”-ын 46 дахь удаагийн тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо 2021 онд зохион байгуулагдах байсан боловч коронавируст халдвар цар тахлын улмаас 1 жилийн хугацаатайгаар хойшлогдож 2022 онд зохион байгуулагдахаар болсон билээ.
 
"Шанхай-2022" тэмцээнд дэлхийн 60 гаруй орны 1,300 орчим оролцогчид ур чадварын 63 төрлөөр өрсөлдөх бөгөөд Монгол Улсын баг 7 мэргэжлийн төрлөөр оролцон, өмнөх амжилтаа ахиулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
 
"Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх оролцогчдыг сонгон шалгаруулахаар “Монгол ур чадвар–2021” ур чадварын үнэлгээний нэгдүгээр шатны шалгаруулалтыг гагнуур, токарь, мужаан, сантехник, цахилгаан, өрөг угсрагч, тогооч гэсэн 7 мэргэжлийн хүрээнд 30 гаруй мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 75 оролцогч өрсөлдөж байна.
 
Нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Мэдлэг, ур чадвар, хандлагаараа өрсөлдөж буй Та бүхэнд амжилт хүсье. Шинэ зууны баялаг бүтээгч, мэргэшлийн өндөр ур чадвартай, зөв хандлагатай иргэн болж, Монгол Улсын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцож, улмаар дэлхийд гайхагдах Монгол Ур чадварыг олон улсын тавцанд харуулахыг хүсэн ерөөе. Манай улсын Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд олон улсын стандартад нийцэхүйц өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтныг дотооддоо бэлтгэх бүрэн бололцоотой гэдгийг харуулж байна” гэв.
 
Монгол Улс “Дэлхийн ур чадвар” олон улсын байгууллагын 69 дэх гишүүнээр 2014 онд элссэн цагаас хойш сүүлийн 3 удаагийн “Дэлхийн ур чадвар” тэмцээнд амжилттай оролцоод байна. Тухайлбал, 2017 онд АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдсан 44 дэх удаагийн тэмцээнд Монгол Улс 6 мэргэжлээр оролцож Гагнуурын төрөлд тусгай байр эзэлсэн бол 2019 онд ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдсан 45 дахь удаагийн тэмцээнд Монгол Улс 8 мэргэжлээр оролцож Гагнуурын төрөлд “Medal of Excellence” медаль хүртсэн юм.
 
Эх сурвалж: ХНХЯ

“Монгол ур чадвар-2021” тэмцээн эхэллээ  
Үзсэн: 359 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй