Шууд Chart

2022 онд 796 км төмөр замыг ашиглалтад авна

2021-10-21 14:50:30

Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур “Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамарсан Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.2 км урт, 1 өртөө, 6 зөрлөг бүхий төмөр замын доод бүтцийн барилга угсралтын ажил 100 хувь, дээд бүтцийн үе угсралтын ажил 97.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Төслийн үлдэгдэл санхүүжилт шийдвэрлэгдвэл, барилгын ажлыг 2022 оны 2 дугаар улиралд багтаан дуусгана. 

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрийг хамарсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км урт, 2 өртөө, 6 зөрлөг бүхий төмөр зам ашиглалтад орсноор төмөр замын тээврээс 227 сая ам.долларын орлогыг бүрдүүлэх боломж бүрдэнэ. Жилд дунджаар 58.4 сая ам.долларын татварыг улсад төвлөрүүлж, шинээр 2000 гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болох юм.  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод бүтцийн барилга угсралтын ажил 96.2 хувь, дээд бүтцийн барилга угсралтын ажил 86.7 хувийн гүйцэтгэлтэй байна.

2022 онд Монгол Улс Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дэлгэмэл уртаараа 796 км төмөр зам ашиглалтад авна.

Тяньжин боомтод гацсан 4500 орчим чингэлгийг шуурхай тээвэрлэх хүсэлтийг Хятадын талд тавьсан. Мөн 2021 оны 10 дугаар сарын 18-нд Зам, тээврийн хөгжлийн сайд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзан хугацаа нь дуусах дөхсөн, хөлдөх эрсдэлтэй, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг нэн яаралтай авах шаардлагатай чингэлгийг яаралтай татаж авах хүсэлт өгсөн байгаа”  гэлээ.

Эх сурвалж: ЗТХЯ


2022 онд 796 км төмөр замыг ашиглалтад авна  
Үзсэн: 833 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй