Шууд Chart

Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн хүлээлгэн өглөө

2021-10-22 17:58:46

Япон Улсын Засгийн газар, тус улсын төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг “Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд сургалтын хэрэглэгдэхүүн хүлээлгэн өгөх арга хэмжээ энэ сарын 21-нд Монгол Улсын Боловсролын их сургуульд зохион байгуулагдаж, Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Ш.Кикүма, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Д.Баттогтох болон холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү төсөл нь Японы төрийн бус байгууллага “All Life Line Net” болон МУБИС-ийн харьяа “Монозүкүри” төвөөр дамжуулан байгалийн ухааны хичээлийн туршилтын хэрэглэгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, дээрх сургалтын хэрэглэгдэхүүнд суурилсан заах арга зүйн арга барилыг зааж сургах, Монозүкүри төвөөр дамжуулан сургалтын хэрэглэгдэхүүнийг үйлдвэрлэх арга технологийг хувийн хэвшлийн байгууллагад дамжуулах зорилготой бөгөөд

Арга хэмжээний үеэр Япон Улсын Хэргийг Түр Хамаарагч Ш.Кикүма “Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Дунд ангийн сургуулийн байгалийн ухааны сургалтын хэрэглэгдэхүүний чанарыг сайжруулах нь” төслийн хүрээнд хандивлаж буй байгалийн ухааны хичээлийн туршилтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд оролцож байгаадаа туйлын их баяртай байна.

Япон Улсын Засгийн газар 2017 оноос эхлэн Японы “All Life Line Net” төрийн бус байгууллага болон МУБИС-ийн харьяа “Монозүкүри” төвөөр дамжуулан “Дунд ангийн сургуулийн байгалийн ухааны сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү төслийн зорилго нь байгалийн ухааны хичээлийн туршилтын хэрэглэгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, дээрх сургалтын хэрэглэгдэхүүнд суурилсан заах арга зүйн арга барилыг зааж сургах, Монозүкүри төвөөр дамжуулан сургалтын хэрэглэгдэхүүнийг үйлдвэрлэх арга барилыг хувийн хэвшлийн байгууллагад дамжуулах зорилготой юм.

Уг төслийн хүрээнд өнөөг хүртэл нийт 40 сургуульд сургалтын хэрэглэгдэхүүн хүлээлгэн өгч, сургалт зохион байгуулаад байгаа бөгөөд тэдгээрийг ашиглаж байгаа олон хүүхэд байгалийн ухааны хичээлийг сонирхон суралцсан байх гэж бодож байна.

“Зуу сонсохоор нэг үз” гэдэг Япон ардын зүйр цэцэн үг байдаг. Би одоо ч бага сургуульд байхдаа ургамлын эсийг анх удаагаа микроскопоор харж байснаа тодхон санадаг. Уг төслөөр дамжуулан өнөөдрийг хүртэл самбар дээр заадаг байсан байгалийн ухааны хичээл цаашид бодит туршилт дээр үндэслэн явагдаж монголын хүүхэд багачууд байгалийн ухааны хичээлийг илүү их шимтэн судална хэмээн найдаж байна.

Төгсгөлд нь энэхүү төсөлд гар бие оролцсон бүх хүмүүст талархлаа илэрхийлэхийн ялдамд энд хүрэлцэн ирсэн та бүхэнд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дунд ангийн байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн хүлээлгэн өглөө  
Үзсэн: 481 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй