Шууд Chart

Индонез улс БНХАУ-ын нүүрсний гол нийлүүлэгч боллоо

2021-10-23 09:58:04

Өнгөрсөн есдүгээр сард Индонез улс БНХАУ-д 21 сая тонн нүүрс экспортлосон нь шинэ дээд амжилт тогтоолоо. Одоогоор Индонез БНХАУ-ын нүүрс импортын гуравны хоёрыг нь бүрдүүлж байгаа бөгөөд гол нийлүүлэгч орон болж байна.

Австралийн нүүрсэнд хязгаарлалт тавьж, бусад улсаас нүүрс импортлох хоригоо сулруулж байгаа нь Индонезийг Хятадын хамгийн том нүүрсний нийлүүлэгч орон болоход нөлөөлсөн байна.

БНХАУ өнгөрсөн наймдугаар сард Индонезоос 17 сая  тонн нүүрс импортлосон бол есдүгээр сард импортлосон нүүрсний хэмжээ 21 сая тонныг давсан гэж  “Сөүт Чайна Морнинг пост” сонин онцолсон юм. Мөн Хятадад нүүрсний эрэлт өсөж, импортоо нэмэгдүүлснээр Индонезийн нүүрсний жишиг үнэ шинэ дээд түвшинд хүрлээ.

Энэ долоо хоногт Индонезийн хүрэн нүүрсний үнэ тонн тутамдаа 160-170 ам.доллар хүрээд байгаа юм. Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад 50 ам.доллароор өссөн үзүүлэлт болж байна. Мөн Хятад улс Индонезийн уурхайнуудтай нүүрс импортлон авах 1.5 тэрбум долларын гурван жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. БНХАУ ийнхүү бусад орнуудаас авах нүүрсний импортоо нэмэгдүүлсэн нь хөрш Монгол Улсын хувьд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх боломжтой болсон. Гэвч цар тахлаас үүдэлтэй хилийн боомтын асуудлаар Монгол Улс БНХАУ-д нүүрсний нийлүүлэлтээ өсгөнө гэсэн найдлага бараг тасарч байна гэж шинжээчид онцолсон байна.

Индонез улс нь Хятад руу хүрэн нүүрсийг ихээр нийлүүлдэг бөгөөд энэ нь үнийн хувьд харьцангуй хямд байдаг. Гэхдээ Индонезийн хүрэн нүүрс агаарыг ихээр бохирлуулдаг байна.

“Блүүмберг Интелиженсийн” шинжээч Мишель Леунгийн үзэж байгаагаар Индонезийн нүүрсний эрэлт нь өссөн ч нийлүүлэлт нь доголдолтой хэвээр байна. Учир нь Индонезийн уул уурхайн үйл ажиллагаа үерийн гамшиг болон тахлын дэгдэлтээс үүдэн хязгаарлагдсаар байгаа гэжээ.  

Дэлхийн нүүрсний жилийн хэрэглээ ойролцоогоор 7 тэрбум тонн болдог гэсэн НҮБ-ын судалгаа байдаг. Нийт нүүрсний хэрэглээний 75 хувь нь цахилгаан гаргаж авахад зориулагдаж байгаа бөгөөд хамгийн том хэрэглэгч нь БНХАУ, Энэтхэг улс юм.

БНХАУ эрчим хүчний хямралыг даван гарахын тулд хэд хэдэн томоохон арга хэмжээнүүд авч байгаа юм. Үүнд эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэх, орон даар нүүрс олборлолтоо өсгөх, нүүрсний импортод тавих хязгаарлалтаа сулруулах зэрэг багтаж байна. 

БНХАУ Австралийн нүүрсний импортод хориг тавьснаар бусад улсаас тэр дундаа Индонез улсаас импортлон авах нүүрсний хэмжээгээ эрс өсгөөд байгаа нь энэ юм. 

Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч БНХАУ өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс эхлэн Австралиас нүүрс импортлохгүй байх мэдэгдлийг дотоодын цахилгаан станц, гангийн үйлдвэрүүдэд хүргүүлсэн. Харин Австралийн нүүрсний импортын хориг хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй хэвээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонез улс БНХАУ-ын нүүрсний гол нийлүүлэгч боллоо  
Үзсэн: 1956 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй