Шууд Chart

“Модерна” болон “Жонсон энд Жонсон” компанийн бүүстэр вакциныг бүртгэлээ

2021-10-23 10:14:22

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс “Модерна” болон “Жонсон энд Жонсон” компанийн бүтээсэн коронавирусний эсрэг нэмэлт тун вакциныг баталгаажууллаа.

Энэ нь америкчуудад нэмэлт вакцин хийлгэж, халдвараас сэргийлэх боломжийг нэмэгдүүлж байна гэж тус төвийн захирал доктор Рошель Валенски мэдэгдээд байна.

Өнөөдрийг хүртэл АНУ-д зөвхөн "Пфайзер" вакцин л нэмэлт тун буюу бүүстэрээр хийгдэж байсан юм. Харин "Модерна" болон "Жонсон энд Жонсон" компанийн вакциныг нэмэлт тунгаар бүртгэж, "Пфайзер"-тай ижил ангилалд оруулсан нь америкчуудыг илүү сонголттой болгоод байна гэж АНУ-ын Өвчний хяналт урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгдлээ.

"Пфайзер" болон "Модерна" вакцинд хамрагдсан зорилтот бүлгийн иргэд нэмэлт тунгаа хийлгэхдээ эхний тун хийлгэснээс зургаан сарын дараа хамрагдаж болно. Харин "Жонсон энд Жонсон" вакцинд хамрагдсан 15 сая орчим хүн хоёр сарын дараа нэмэлт тунгаа хийлгэж болно гэлээ.

"Пфайзер" вакцинаар нэмэлт тунд хамрагдсан иргэд халдвараас 95.6 хувийн үр дүнтэй хамгаалагдаж байгаа нь гурван шатны судалгаагаар батлагджээ.

Одоогоор АНУ-д "Пфайзер", "Модерна", "Жонсон энд Жонсон" компанийн нэмэлт тунгаар хийгдэх 400 сая тун вакцины нөөц байна. Коронавирусний эсрэг нэмэлт тунг хийлгэх нь дельта хувилбарын тархалт өндөр байгаа энэ цаг үед өвчин хүндэрч, эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэлийг бууруулахад маш үр дүнтэй байна гэж Өвчний хяналт урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгдсэн юм.  

Америкчуудын хувьд нэмэлт тун хийлгэж байгаа хүмүүсийн идэвх анх удаа вакцинд хамрагдаж байгаа хүмүүсийнхээс өндөр байна. Өнөөдрийн байдлаар  65 сая америк вакцинд огт хамрагдаагүй хэвээр байгаа байна.  

Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг дархлаа муутай, архаг суурь өвчтэй хүмүүст хийхийг зөвлөсөн юм. Мөн Дархлаажуулалтын асуудал хариуцсан шинжээчдийн зөвлөх бүлэг хэмээх ажлын хэсэг БНХАУ-ын "Синофарм", "Синовак" компанийн вакцинд хамрагдсан 60-аас дээш насны иргэдийг нэмэлт тунд хамруулахыг зөвлөсөн юм.

Учир нь ДЭМБ-ын Латин Америкт хийсэн судалгаанд тус хоёр вакцины хамгаалах чадвар хугацаа өнгөрөхөд суларч байгааг тогтоосон байна. Харин нийт хүн амд вакцины нэмэлт тунг тарихтай холбоотой зөвлөмжийг ДЭМБ-аас огт гаргаагүй хэвээр байгаа бөгөөд 11 дүгээр сарын 11-нд болох хурлаар нэмэлт тунгийн хэрэглээг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.

ДЭМБ дэлхий даяар вакцины эхний тунд илүү олон хүнийг хамруулах боломжийг бүрдүүлэхийн тулд нэмэлт тунг нийт хүн амдаа тарих хугацаагаа энэ оны эцэс хүртэл хойшлуулахыг уриалаад байгаа юм. Учир нь Африк тивийн орнуудад вакцинжуулалт хамгийн бага хувьтай, хоцорч яваа хэвээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Модерна” болон “Жонсон энд Жонсон” компанийн бүүстэр вакциныг бүртгэлээ  
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй