Шууд Chart

"Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна

2021-10-23 16:04:07

ХХААХҮЯ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбооны санаачилгаар "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн 2021" нэгдсэн арга хэмжээг 15 дахь жилдээ зохион байгуулж байна.

Арьс шир, ноос ноолуур, хүнс, гоо сайхны үйлдвэрлэлийн салбарын экспортын бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах, гадаад худалдааг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ.

 

Үзэсгэлэнд

-Нэхий дээл, үслэг хувцас

-Ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл хувцас

-Савхин хувцас, арьсан гутал цүнх

-Хүнсний бүтээгдэхүүн

-Оёмол бүтээгдэхүүн

-Гоо сайхны бүтээгдэхүүн

-Бэлэг дурсгал, жижиг эдлэл гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний томоохон үйлдвэрлэгч болох Дархан нэхий, Дархан минж, Булигаар, Мон ирээдүй, Агни, Брэнд гутал, Алтай кашмер, Говь, Гоёо, Блю Скай кашмер зэрэг 100 гаруй компани оролцож байна.

Үзэсгэлийн үеэр 50.000 төгрөгөөс дээш арьс ширэн бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд 15 сая төгрөгийн азын сугалаанд оролцож, iphone 11 утасны эзэн болох боломжтой.

Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ дэвшилтэт болон өндөр технологийг нэвтрүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн экспортын баримжаатай, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого дэвшүүлэн ажиллаж байна.

Хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хууль, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль боловсруулж, Дархан арьс ширний цогцолбор, Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк зэрэг аж үйлдвэрийн томоохон цогцолборуудын бүтээн байгуулалт, ээрэх нэхэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм. 

Дэлхийн зах зээлд Монголын ноос ноолуурын бүтээгдэхүүнийг Хаан ширхэгт чанарын гэрчлэх тэмдгээр баталгаажуулан экспортод амжилттайгаар гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд ноос ноолуур, арьс ширний салбарыг дэмжих зорилгоор 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэн өнөөдрийн байдлаар 43 аж ахуйн нэгжид 98.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олголоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ


"Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна   
Үзсэн: 421 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй