Шууд Chart

Б.Лхагвасүрэн: “Орон даяар” хөгжмийн нэвтрүүлэг 120 орчим хүний хөдөлмөрөөр бүтэж байна

2021-11-18 14:51:44

МҮОНРТ-ээр “Орон даяар” хөгжмийн нэвтрүүлэг үзэгчдэд хүрч эхлээд байгаа билээ. Эхний дугаар нь өнгөрсөн ням гарагт гарсан бөгөөд үүнийг бэлтгэсэн уран бүтээлч, арын албаны хамт олон үзэгч, сонсогчдоос урмын үг маш ихээр сонсоод байгаа юм. Тиймээс МҮОНРТ-ийн зөвлөх продюсер, "Орон даяар" нэвтрүүлгийн санаачилагч Б.Лхагвасүрэнгээс дараах асуултад тодруулга авлаа.

-Таны өмнө нь ярьж байсан нэвтрүүлэг биелэлээ олж, үзэгчдэд хүрч эхэллээ. Эхний дөрвөн дугаар нь “Соёл-Эрдэнэ” хамтлагийн түүхт 50 жилийн ойд зориулагдан хийгдэх юм билээ. Өнгөрсөн ням гарагт гарсан анхны нэвтрүүлэгтээ та ямар дүн тавих бол ...

-Телевиз гэдэг өөрөө олон нийтийн хараанд байдаг байгууллага. МҮОНРТ хэмээх том байгууллагатай би 1990-ээд оноос хойш холбоотой болсон. Зөвхөн би ч гэлтгүй манай улсын рок попын уран бүтээлчид энэ телевизээр дамжуулж, дуу хөгжмөө олон нийтэд хүргэсээр байна. Заримд нь энэ телевизийн цэнхэр дэлгэцээр гарахад мөрөөдөл нь болж байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар надад итгэл хүлээлгэж, зөвлөхөөрөө ажиллуулах болсонд баяртай байгаа. Дээрх хөгжмийн нэвтрүүлгийг хийх санааг  өнгөрсөн дөрөвдүгээр сард олж, наймдугаар сараас амьд хөгжмийн бэлтгэл ажил эхэлсэн. Намайг “Одоо цагт тохирсон хөгжмийн нэвтрүүлэг хийе” гэсэн санаачлага гаргахад МҮОНРТ-ийн хамт олон таатай хүлээж авсанд талархлаа илэрхийлье. Дүнгийн хувьд би багийнхаа хамт олонд хамгийн өндөр оноог тавина. Харин үзэгчид маань гол дүнг хэлэх биз ээ. Уран бүтээлчидээ нэрлэвэл маш олон хүн болно. Тайзан дээр тоглосон уран бүтээлч л гэхэд 67 хүн бий. Үүнээс гадна арын албанд ажиллаж байгааг нийлүүлбэл 120 орчим хүний хүч хөдөлмөрөөр өнөөдрийн энэ нэвтрүүлэг бий болж байна даа. Тав хоногийн хугацаанд зөвхөн онлайн үзэлт 60 орчим мянгад хүрсэн байна. Хамгийн топ үзүүлэлт нь дуучин Ч.Мишээлийн орчин үеийн хэв магт тохируулан шинэчлэн дуулсан “Дангийн даавуун майхан”-ыг 260 гаруй мянган хүн үзжээ.    

     

-Жилийн хугацаанд нийт хэдэн дугаарыг үзэгчдэд хүргэх вэ?

-Идэвхитэй 10 сард 40 дугаар хийж үзэгчдэд хүргэнэ. Сард дөрвөн дугаар гарна гэсэн үг. Онцлоход зөвхөн амьд хөгжимтэйгээр бичигдэх тул илүү үзүүштэй болно. Эдгээрийн 10 хувь буюу дөрөвхөн дугаарыг “Соёл-Эрдэнэ” хамтлагт зориулж байна. Рок попын хувьд яривал “Бөмбөгөр ногоон театр”-ын үед Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай “Дагшаа” найрал хөжгмийг г тоглосон байдаг. Гэвч албан ёсны анхдагч нь “Соёл-Эрдэнэ” хамтлаг 1971 онд байгуулагдаж, маш олон уран бүтээлийг төрүүлжээ. Түүхт энэ ойг Монголын рок попын баяр гэж ч гэж хэлж болох.

-Хоёр дахь дугаараас үзэгчид юу үзэх вэ?

-Эхний дугаартаа бид анхдагч уран бүтээлчидээ онцолсон бол удаах хоёр дугаарт үзэгчдийн илүү таних “Соёл-Эрдэнэ” хэмээх хамтлагийн гол үүргийг гүйцэтгэж байсан уран бүтээлчид оролцоно. Тэгвэл дөрөв дэх дугаарт продюсерууд буюу уран бүтээлчдийн арын албыг гүйцэтгэдэг хүмүүсийн төлөөлөл оролцоно. Жишээ нь Н.Халиун, Б.Наранзун, Б.Чинбат, С.Ононбат, гитарчин Д.Өлзий-Орших нар. Тэд тухайн үеийн дуунууд дараа дараагийн жилүүдэд хэрхэн шинэчлэгдсэн талаар ярихаас гадна хөгжилтэй зүйлүүдийг ч хуваалцах юм. Нэмж хэлэхэд бид хөтөлбөр бүртээ шинэ хамтлаг, дуучдыг танилцуулж, уран бүтээлээс нь сонирхуулж байх болно.  

-Хагас зуун жилийн түүхтэй, гурван үеийг илээсэн “Соёл-Эрдэнэ” хамтлагт нийт хэдэн уран бүтээлч нэгдсэн байдаг юм бэ?

-Энэ хамтлаг Баянмонгол чуулгатай салшгүй холбоотой. Уг чуулга маань “Соёл-Эрдэнэ” хамтлагаас гурван насаар ах. Гэхдээ Баянмонгол чуулгын дэргэдэх хамтлаг гэж явдаг байсан. Хожим Соёлын төв өргөөний дэргэдэх гэж явдаг болсон л доо. Тус хамтлагийг байгуулагдсан цагаас хойш 20 гаруй уран бүтээлч нэрлэгддэг юм билээ. Үүнээс гадна жишээ нь “Нисванис” хамтлаг “Соёл-Эрдэнэ”-ийн тоглолтын бэлтгэлийн зааланд анхны тоглолтынхоо бэлтгэлийг хийдэг байсан бол манай “Сүнс” хамтлаг 1990-ээд оны үед орон нутгаар аялан тоглохдоо мөн л дээрх ах хамтлагаасаа хөгжмийг нь түрээслэж авч явж байлаа. Энэ мэт “Соёл-Эрдэнэ” хамтлагтай ямар нэгэн байдлаар холбогдоогүй рок попын хамтлаг, дуучин гэж байхгүй. Харин нийт уран бүтээлийнх нь тоо баримт болон бусад зүйлсийг Монгол Улсын ардын жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан “Рокын нууц товцоо” гэсэн таван боть номондоо багтааж байгаа юм билээ. Уг ном одоогоор хараахан хэвлэгдээгүй байна гэсэн.

-Эхний бүлэг гэж хэлж болохоор дөрвөн дугаар сая ярьсан түүхт хамтлагийн талаар үзэгчдэд хүрэх нь. Дараа дараагийн хэсэгт юу гарах бол ...

-Шинэ хамтлаг, дуучид гарахаас гадна олон жилийн түүхтэй хамтлагуудыг залуу үетэй нь хамтарсан байдлаар хүргэнэ. Бидний зорилго ахмадууддаа залуу үеэ танилцуулах, хит парадыг нь олон эх сурвалжаас авч явуулахад оршиж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

МҮОНРТ-ийн “Орон даяар” хөгжмийн нэвтрүүлгийн эхний дугаар

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Лхагвасүрэн: “Орон даяар” хөгжмийн нэвтрүүлэг 120 орчим хүний хөдөлмөрөөр бүтэж байна   
Үзсэн: 1493 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй