Шууд Chart

“Монголын тогтвортой санхүүгийн форум-2021 боллоо

2021-11-25 16:53:40

“Эерэг өөрчлөлтийг санхүүжүүлье” сэдвийн хүрээнд “Монголын тогтвортой санхүүгийн форум-2021”  өнөөдөр боллоо.

Парисын хэлэлцээрээр хүлээсэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх, эрүүл аюулгүй, хүн байгальдаа ээлтэй ирээдүйг цогцлооход төр, хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэн бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй форумыг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улсад “Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-ийг 2013 онд хэрэгжүүлж эхэлснээс хойш Санхүүгийн зохицуулах хорооноос хөтөлбөрийг дэмжиж урт хугацааны тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, ногоон хөрөнгийн зах зээлийг бий болгох, олон улсын санхүүгийн зах зээлд өргөн хүрээнд ашиглаж буй ногоон бонд гаргах зохицуулалтын орчныг боловсронгуй болгох чиглэлээр Монголын тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбоо, Олон улсын санхүүгийн корпораци, Олон улсын санхүүгийн хүртээмжийн холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажилласаар ирсэн. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Ногоон таксономи”-г анх удаа баталснаар дэлхийн хэмжээнд таксономиг анхлан баталсан цөөн орнуудын нэг нь Монгол Улс болсон юм.

Сүүлийн жилүүдэд олон улсын санхүүгийн зах зээлд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, хог хаягдлын асуудлыг үр ашигтайгаар шийдвэрлэх, дэвшилтэт технологийг ашиглах замаар ногоон санхүүжилтийг дэмжих, аж ахуйн нэгжүүдээс ч “ногоон бонд” гаргах явдал ихэссэн. Үүнтэй холбогдуулж Санхүүгийн зохицуулах хорооноос компанийн бондын бүртгэлийн зохицуулалтад өөрчлөлт оруулж дотоодын аж ахуй нэгжүүдээс шинэ бүтээгдэхүүн болох “ногоон бонд”-ыг гаргах зохицуулалтыг шинээр тусгасан.

Ингэснээр Монгол Улсын хөрөнгийн зах зээлд анх удаа олон улсын жишигт нийцсэн “ногоон бонд” гарах боломжтой болсныг Та бүхэнд дуулгахад таатай байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох байгууллагуудтай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгаль орчин, нийгэм, засаглал /БОНЗ/-ын стандарт, тайлагналыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэ стандарт нэвтэрснээр нээлттэй хувьцаат компанийн байгаль орчин, нийгэм, засаглалын талаарх мэдээлэл олон нийт, хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй, ил тод болно. Хувьцаат компаниудад ч гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, шинэ зах зээлд гарын зэрэгцээ байгаль, хүрээлэн буй орчинд эерэг нөлөө авчрах зэрэг давуу талуудтай. Санхүүгийн зохицуулах хороо цаашид ч тогтвортой, ногоон санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхийг тууштай дэмжиж ажиллах болно” гэдгийг онцолсон юм.

Форумын үеэр Монгол Улсын санхүүгийн салбар, хөрөнгийн зах зээлийг тогтвортой, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хөгжүүлэх,  тогтвортой санхүүжилтийг дэмжих чиглэлд хамтран ажиллах, олон улсын стандартыг нэвтрүүлэх, хариуцлагатай хөрөнгө оруулалт, тогтвортой бизнесийн үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо, Монголын тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбоо харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр тал хөрөнгийн зах зээлд байгаль орчин, нийгмийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, дасан зохицох, “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030”-ын хүрээнд хийх үйл ажиллагааны төлөвлөгөө, стратегийг төр, хувийн хэвшлийн түншлэлд үндэслэн боловсруулах, “Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зорилт”-уудын санхүүжилтийн таксономийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон холбогдох талуудын саналыг тусган хамтран боловсруулах зэрэг хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлэх юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


“Монголын тогтвортой санхүүгийн форум-2021 боллоо  
Үзсэн: 466 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй