Шууд Chart

“Шинжлэх ухаанч ГЭБ санаачилга” сэдэвт арга хэмжээ эхэллээ

2021-12-03 10:26:28

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран Монгол Улсад орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах чиглэлээр “Шинжлэх ухаанч гамшгийн эрсдэлийг бууруулах санаачлага” сэдэвт арга хэмжээ эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг нар оролцсон юм.

Хурандаа Л.Өлзийбаяр хэлсэн үгэндээ, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн түвшинд энэхүү уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулан явуулж буй нь Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг үр дагаврыг багасгах, гамшгийн эрсдэлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого Алсын хараа 2050 баримт бичигт “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулна (2021-2030)”, “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг үр дагаврыг багасгах, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийг шинэчилж хэрэгжүүлнэ (2031-2040)” гэж тусгажээ.

Монгол орны хувьд сүүлийн 80 жилийн хугацаанд жилийн дундаж температур 2.2 хэмээр нэмэгдсэн. Энэ нь дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй буюу Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөх магадлал өндөртэй гэдгийг харуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо сүүлийн 20 жилд өмнөх 10 жилтэй нь харьцуулахад гамшгийн төрөл зүйл бүрээр хоёр дахин нэмэгдсэн гэсэн судалгаа байна. Та бүхний өнөөдрийн арга хэмжээ Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд шинжлэх ухааны салбаруудын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны үр дүнг инновац болгоход чухал ач холбогдолтой, ажил хэрэгч санал, санаачилга, зөвлөмж гарна гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.

Арга хэмжээнд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, НОБГ, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, БШУЯ, Шинжлэх ухааны академи, УЦУОСМХ, Одон орон, геофизикийн хүрээлэн, Газарзүй геоэкологийн хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэн,  Хууль зүйн үндэсний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, ДХИС-ын Онцгой байдлын сургууль, ҮБХИС, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, яам, эрдэм шинжилгээний хүрээлэн болон “Дэлхийн Зөн Монгол” ОУБ, МУЗН, эрдэмтэн судлаачид оролцож байна.

Энэ хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах реферант, доктор, дэд профессор, дэд хурандаа Д.Сэржмядаг “Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухааны оролцоог нэмэгдүүлэх нь”, ШУА-ийн Газарзүй геологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор, профессор М.Алтанбагана “Уур амьсгалын өөрчлөлтөөс эдийн засагт үзүүлэх эрсдэл, эмзэг байдлын судалгаа”, УЦУОСМХ-ийн хэлтсийн дарга, доктор Б.Эрдэнэцэцэг “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл, түүнийг бууруулахад анхаарах асуудал”, Одон орон геофизикийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Ч.Одонбаатар “Монгол орны газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, зөвлөмж гаргана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Шинжлэх ухаанч ГЭБ санаачилга” сэдэвт арга хэмжээ эхэллээ  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй