Шууд Chart

ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 28 дугаар уулзалт болж байна

2021-12-03 10:29:37

Стокхолм хотноо 2021 оны 12 дугаар сарын 2-3-ны өдөр болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 28 дугаар уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Уулзалтыг ЕАБХАБ-ын 2021 оны Дарга улс-Шведийн Гадаад хэргийн сайд Анн Линде удирдаж байгаа бөгөөд уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен зэрэг ЕАБХАБ-ын гишүүн 57 улсын Гадаад хэргийн сайд болон Дэд сайд нар оролцож байна. Энэхүү хуралдаанаар ЕАБХАБ-ын 2021 оны үйл ажиллагааг дүгнэж, олон улс болоод бүс нутагт тулгамдаад буй улс төр, аюулгүй байдлын асуудал, тухайлбал Украины хямрал, Уулын Карабах, Беларусь болон Афганистан Улсад үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлыг тус тус хэлэлцэж байна.

ЕАБХАБ нь Европ, Америк, Азийн 57 улсыг нэгтгэсэн аюулгүй байдлын асуудлаарх бүс нутгийн хамгийн том байгууллага бөгөөд Монгол Улс 2004 онд ЕАБХАБ-ын хамтын ажиллагааны түнш орон болж, 2012 онд тус байгууллагын 57 дахь бүрэн эрхт гишүүн болсон юм.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Стокхолм хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 28 дугаар уулзалтын Бүгд хуралдаанд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх манай улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ бүс нутагт тулгарч буй сорилт бэрхшээлийг яриа хэлэлцээний замаар, хамтын хүчээр шийдвэрлэх, гишүүн орнууд хоорондын итгэлцлийг бэхжүүлэх  шаардлагатай байгааг онцолж, энэ чиглэлд     ЕАБХАБ-ын үүрэг оролцоо чухал болохыг тэмдэглэв.

Мөн түүнчлэн ардчилал, хүний эрх, сайн засаглалыг хөгжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах, терроризмтой тэмцэх зэрэг чиглэлээр ЕАБХАБ болон түүний институциудтай үргэлжлүүлэн идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ажиллахаа мэдээлэв.


ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 28 дугаар уулзалт болж байна  
Үзсэн: 440 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй