Шууд Chart

Өвлийн спортын тамирчидтай цахимаар уулзлаа

2021-12-03 14:20:40

Цана, тэшүүр, биатлоны тамирчид өдгөө хилийн чанадад бэлтгэл сургуулилтаа базаан, олимпын эрхийн тэмцээнд оролцож буй. Өнөөдөр МҮОХ, БТСУХ, спорт холбоодын удирдлагууд өвлийн спортын тамирчидтай цахим уулзалт хийлээ. Уулзалтад МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Р.Хатан, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од, Монголын тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл болон олимпын эрхийн төлөө өрсөлдөж буй тамирчид оролцов.

Энэ үеэр МҮОХ-ноос “Бээжин-2022” өвлийн олимпын талаар болон допингийн эсрэг сургалтын тухай мэдээлэл хүргэж, Ковидтой холбоотой дүрэм журам, зөвлөмжийг танилцуулав. Мөн нээлтийн ёслол болон тэмцээн уралдааны үеэр өмсөх хувцасны талаар санал солилцлоо.

Харин холбоодын зүгээс олимпын эрхийн явцын талаар мэдээлэл өгч, бэлтгэл сургуулилтын нөхцөл байдлаа танилцуулав.

Цаначдын тухайд Швейцарт 20 хоногийн бэлтгэл хийж буй бөгөөд тус улсын залуучуудын шигшээгийн дасгалжуулагч тэдний “уяа сойлго”-ыг тааруулж буй. Цаначид маргаашнаас олимпын эрхийн тэмцээнүүддээ оролцож эхлэх юм.

Биатлончдын тухайд Шведэд бэлтгэл хийж, тэмцээнд оролцсоны дараа Норвегид хүрэлцэн ирээд байна. Харин тэшүүрчид АНУ-д бэлтгэлээ базааж буй бөгөөд маргаашнаас Дэлхийн цомын цувралуудад оролцож эхэлнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өвлийн спортын тамирчидтай цахимаар уулзлаа  
Үзсэн: 415 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй