Шууд Chart

Б.Адъяахүү: Э.Оюунболд барилдахгүй ч гэсэн хүрээд ирвэл тосоод л авна

2021-12-08 14:30:49

 

Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адъяахүү улсын арслан Э.Оюунболдын талаар өөрийн цахим хуудасдаа сэтгэгдлээ бичжээ. Тэд багш, шавийн барилдлагатай бөгөөд МҮБХ-ноос Э.Оюунболдыг найман жил барилдах эрхийг хассантай холбогдуулан дараах зүйлийг бичжээ.

“Хальтарч унасан үед нь дотогшоо гомдож, гаднаа өмөөр ч явснаас дотроо онгойлгож явсангүй ээ. Чимээгүй байгаад бас өмөөрөөд байж болохгүй ийм л хүнд үед саналаа хэлэх боллоо.

Эр хоёр эндэж

Эрэг нэг биш удаа нурлаа ...

Ямартай ч бөхөө гэсэн олон түмнээсээ уучлалт гуйгаарай. Миний хувьд ч сэтгэлийг нь татаж биеийг нь өнөөдрийг хүртэл хажуудаа байлгаж чадаагүйдээ харамсан уучлалт гуйж байна. 2016 оноос цөхөр ч эхэлсэн ба олон хүн “Одоо орхио, өөр багштай болсон хүн буянаараа болог” гэсэн ятгалтанд орсон байх.

За өөрт бодогдож буй зүйлээ хэлье. Сэргээшийн шинжилгээнд давтан бүдэрсэн хайран сайхан шавь Э.Оюунболдын талаар байр сууриа илэрхийл, өмөөр, үгээ хэл гээд олон хүн хандаж байна.

Шавь минь 2013 онд улсын харцага цолонд хүрээд л багшаасаа жаахан дөлж эхэлсэн дээ. Дараа жил “Аварга” дээд сургуулийг 2014 онд төгсгөөд наадмын бэлтгэлд аваад гарах гэтэл “Г.Эрхэмбаяр аваргатай Төр хурхын амралтанд бэлтгэлд гарна” гээд захлаад эхэлсэн ба тэр жил доогуур даваанд унасан юм даг. 2014 оны намраас бага зэрэг гэмшээд бэлтгэл сайн хийж эхэлсэн ба 2015 оны дөрөвдүгээр сард 1024 бөхийн барилдаанд түрүүлээд л бас хэд хоног олдоогүй ба долоо хоногийн дараа “Баянмонгол” хороолол орчмоос бүтэл муутайхан явж байхад нь олж авсан байдаг. Тэр үеэс л бид хоёрын нэг нь зугтаж, нөгөө нь араас нь хөөцөлддөг цаг үе ширүүхэн эхэлсэн юмдаг. Яах вэ, чих нь арай зөөлөн байсан болохоор бэлтгэлд 2015 оны зургаадугаар сард нэг юм аваад гарсан. Тэр жил бороо их оройтож нийт нутаг гантай байсаар долоодугаар сарын 2-нд бороо орж эхэлсэн. Сүүж уулын наадмын бэлтгэлд миний бие их ядар ч, харшиж наадамтай золгосон бөгөөд Э.Оюунболд харцага торолгүй түрүүлж, магнай тэнийлгэсэн билээ. Нуугаад яах вэ баярласандаа нулимс гаргаж байсан. Ер нь бол Обо хүү 2007-гоос 2015 он хүртэл “Аварга” сургуульд тууштай бэлтгэл хийсэн ба тэр он жилүүд нь сурагч, оюутан цаг хугацаа байж дээ. Гол зорилго минь чөлөөт бөхийн хүнд жинд дэлхийн аварга болгох гэж бэлдсэн.

За тэгээд 2016 оны хавар шилдэг 16 бөхийн барилдаанд сайн барилдуулах гээд л гэрт нь манаж байж Монгол бөхийн өргөөнд авч очсон юмдаг. Гэх мэт багш, дасгалжуулагч, манаач, секурит, сэтгэл зүйч гээд олон жил араас нь гуйж, гувшиж явсаан. Юу үнэн гэвэл энэ л үнэн. Өөрөө ч залхсан байх надаас. Яагаад, юунаас гэхээр архи, бүтэл муутай, хумсаа нуусан муу хүмүүсээс хол байлгах гэж тэр л дээ. Дашрамд хэлэхэд залуу бөх Э.Оюунболд байхаас нь чамд юу хэрэггүй вэ гэвэл уураг, витамин хэрэггүй гэдэг байсан даа. Тарган мах, цагаан идээгээ идэж уугаад барилд гээд л. Юун ДОПИНГ. Нэг хэсэг холбоо тасраад наадмаар л тааралддаг болсон ба 2019 оны наадмаар бараа бараандаа нэг сар хамт байх, бэлтгэлийг нь харах, алдаа оноогоо ярих боломж гар ч билээ. Миний бие 2018 оноос “Аварга” сургуулиас гадна “Даян” бөхийн дэвжээний зөвлөх дасгалжуулагчаар давхар ажиллаж байгаа ба 2019 онд Б.Гончигдамба гарьд, Э.Оюунболд арслан хоёрыг олон барилдааны бэлтгэл хийлгэж наадмаар түрүү, үзүүрт хосоор нь хүргэх зорилго тавьсан юмдаг. Гэвч санаснаар арай болоогүй ба Гончиг гарьд их шөвөгт үлдэж, Э.Оюунболд түрүүлсэн. Наадмын дараа нэг сар орчим би Завхан аймаг, залуу аварга Хэнтий зүг рүү амрахаар явцгаасан юмдаг. Наймдугаар сарын 10 орчимд сэргээшийн хариу ирж тэнгэр ниргэх шиг цочирдож билээ. Хүйн долоон худагт болсон барилдааны үеэр уулзаад ахиж хоёр жил дөрвөн сарын хугацаанд гурван удаа тааралдсан байна бид хоёр. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд чөлөөт бөхийн ОУХМ Д.Батням багшийн удирдлага дор тасралтгүй бэлтгэл хийсэн байх. Өөрөө ч тэгж ярьж байсан, өрөөлөөс ч сонссон. Товчхондоо ийм байна. Цаашид юу болохыг миний хувьд таамаглах юм алга. Гэхдээ би хүүдээ хайртай. Миний том охинтой чацуу юм. Барилдахгүй ч гэсэн хүрээд ирвэл тосоод л авна. Олон хүнд сургамж боллоо” хэмээн бичжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Адъяахүү: Э.Оюунболд барилдахгүй ч гэсэн хүрээд ирвэл тосоод л авна   
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй