Шууд Chart

Б.Цэрэнням: Цэргийн албаа өдөр бүр санадаг

2022-01-14 11:51:09

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад цэргийн жинхэнэ албыг биеэр хаасан залуус ямар сэтгэгдэлтэй явдаг бол. Хамтдаа сонсъё.

-Эрхэм бэлтгэл үүрэгтэн та халагдаад хагас жил болж. Цэргийн албаа сайхнаар дурсаж байгаа гэдэгт нь эргэлзэхгүй байна...

-Баярлалаа, намайг Б.Цэрэнням гэдэг. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумынх. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд 2019-2020 онд алба хаасан. Халагдаад уу, их л зүйл бодож байна. Анх халагдаж ирээд удаагүй байхдаа төрж өссөн гэр минь хүртэл жижигдээд, хүнийх ч юм шиг санагдаад л. Цэргийн хуаранд олуулаа бужигнаж өнждөг маань санагдаад л. Гэртээ дасахад жаахан хугацаа орсон шүү. Цэргийн албандаа дэндүү дассаных байх.

-Найзууд нь бахархан угтаж авсан уу?

-Тэр ойлгомжтой. Сумаараа л “Цэргийн алба манай Цэрэннямд ихэд зохиж. Сайхан залуу болжээ” гэж магтаж байсан. Манай найзууд ч намайг эзгүйд олон зүйлийг амжуулжээ. Зарим нь хүүхэдтэй, гэр бүлтэй, унах унаатай болж амьдралд хөлөө олсон байна. Харин би найзуудаасаа илүүрхэх зүйл нь маш их зүйлийг сурч мэдсэн. Онгирч байгаа юм биш. Тэсвэр тэвчээр, хатуужил суусан, захирч захирагдаж сурсан, цаг баримталж сурсан, ажлаа төлөвлөж сурсан. Хамгийн гол нь эх орныхоо үнэ цэнийг мэдэрсэн нь энэ насны бахархал юм болов уу.

-Мэдээж тэд танаас цэргийн албаны талаар ихэд сонирхож асуусан байх...

-Яг үнэндээ залуус Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаат цэргийн алба хаахаа нэг жил алдана гэж ойлгодог. Зарим нь ч шантардаг байх. Гэхдээ яг зориод очиход эгэл биш сайхан алба гэдгийг нь өөрийн биеэр ойлгодог юм. Цэргийн амьдрал хүнд боломж, сонголтыг олгодог. Өөрт нь зүтгэх боломжийг ч эр цэргийн алба өгдөг юм билээ. Манай онжавуудаас цөөнгүй нь гэрээт цэргийн алба хаагч болсон. Байнгын холбоотой байгаа, бид.

-Цэргийн албанд санаанаас гардаггүй дурсамжтай үе гэвэл?

-Их олон. Тэр дундаас сэтгэлд минь хамгийн тод үлдсэн нь халагдаад уйлж байсан минь юм байна.

-Цэргийн алба хааж байгаа дүү нартаа юу гэж хэлэх вэ?

-Амжилт хүсье. Тэвчээр, хатуужилтай байвал чи ялна. Хэсэг шантрах үе гардаг шүү. Гэхдээ түр зуурынх. Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ, зүрх зориг дутвал амьдрал чамайг уяна шүү гэж хэлье.

-Та халагдаад сурч байна уу, ажиллаж байна уу?

- Аавдаа тусалж, малаа маллаж байна. Удахгүй цэргийн алба хаасан энэ эрхэм давуу чанараа ашиглан онцгой байдал эсвэл цагдаагийн байгууллагад орж ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

-Хэнд баярлалаа гэж хэлэх вэ?

-Намайг дэмжин тусалж байсан цэргийн дарга нартаа баярлалаа. Бас намайг төрүүлж өсгөсөн хайрт аав П.Батсуурь, ээж Д.Алтанчимэг болон нутгийнхандаа баярлалаа.

Эх сурвалж: ХЗЦК-ын Хэвлэл мэдээллийн алба


Б.Цэрэнням: Цэргийн албаа өдөр бүр санадаг  
Үзсэн: 212 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй