Шууд Chart

Канад улс дархлаажуулалтад хамрагдаагүй иргэддээ эрүүл мэндийн татвар ногдуулна

2022-01-14 12:41:00

Канадын зүүн хэсэгт орших Квебек мужид вакцины эсрэг заалтгүй ч “Ковид-19”-ийн дархлаажуулалтад хамрагдахаас татгалзсан иргэдэд эрүүл мэндийн татвар ногдуулахаар болсон байна.

Иргэд олноороо вакцин хийлгэхээс татгалзаж байгаа нь Канад улсын эрүүл мэндийн салбарын ачааллыг эрс нэмэгдүүлж байгаад эрх баригчид шүүмжлэлтэй хандаж байна.

Уг шийдвэр нь ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх бөгөөд шинэ төрлийн татварыг вакцины эхний тунд хамрагдаагүй иргэд төлнө. Тус мужийн эрх баригчид торгуулийг "их хэмжээтэй" байх болно гэж мэдэгдсэн ч бодит тоог хараахан нийтэд тодорхой мэдээлээгүй байгаа юм. 

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хэлэхдээ агаарын тээвэр, галт тэргээр зорчих иргэдээс вакцины гэрчилгээг заавал шаардах журам хэрэгжүүлэх болсныг лхагва гарагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцлон мэдэгдсэн байна. Үүнээс гадна кино театр, бялдаржуулах төв зэрэг олон нийтийн газраар үйлчлүүлэхэд мөн вакцины гэрчилгээг шаардахаар болжээ.

Канадын нийт хүн амын дөрөвний нэг нь оршин суудаг Квебек мужийн иргэдийн 12 орчим хувь нь вакцины эхний тунд хамрагдаагүй. Үүний зэрэгцээ тус мужид цар тахлын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 50 орчим хувийг вакцинд хамрагдаагүй иргэд эзэлж байгаа тухай албаныхан мэдээлсэн байна.

Квебек мужид өглөөний 05:00-22:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм үйлчилж байгаа ч халдварын тохиолдол хамгийн их илэрсэн муж болоод байна.

Мягмар гарагт Квебек мужид омикрон хувилбарын улмаас 62 хүн нас барсан гэж мэдээлсэн нь тус мужид "Ковид-19"-ийн улмаас нас барсан хүний нийт тоог 12.028-д хүргэжээ.

Дэлхийн улс орнууд цар тахлын эсрэг дотооддоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хамрагдахаас татгалзсан иргэдэд хариуцлага тооцсон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, Сингапур улс вакцин хийлгээгүй халдвар авсан иргэдийг эмнэлгийн төлбөрөө өөрсдөө төлөхийг шаардахаар болсон тухай "Би-Би-Си" агентлаг мэдээлсэн байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канад улс дархлаажуулалтад хамрагдаагүй иргэддээ эрүүл мэндийн татвар ногдуулна   
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй