Шууд Chart

Нууц агуулсан бол нууцаараа л үлдэг гэж үү...

2014-10-02 09:01:35

Энэ өдөр ардчиллын алтан хараацайн нэг С.Зориг агсан бусдын гарт хэрцгийгээр хорлогдон таалал төгссөн өдөр. Жил бүрийн энэ л өдөр талийгаачийн төрөл төрөгсөд, дотны анд нөхөд нь хүндэтгэл үзүүлэхээр цугларч, харуусал, горьдлого илэрхийлсэн харцаар бие биенээ харж, намрын өглөөний жиндүү салхинд хүйт даасан хүрэл хөшөөний өмнө цэцгийн хэлхээ өргөдөг уламжлал тогтсоор 16 жилийг үзэж байна. Эхнэрээс нь өөр гэрчгүй, цөөн улстөрчдөөс өөр сэжигтэнгүй, цаг хугацаа улиравч илэрдэггүй, мэргэжлийн байгууллагууд нь мөрдөж шалгаж дуусдаггүй учир битүүлэг энэ хэрэг он жил улирах тусам үлгэр домгийн шинж чанарт шилжих мэт. Монголчууд хэзээ ч мартах учиргүй эрхэм хүмүүн С.Зориг нь 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Ардчиллын анхны цуглааныг Монгол Улсад удирдан зохион байгуулж, улс эх орноо ардчилал шинэчлэлийн замд уриалан дуудсан улс төрийн нэрт зүтгэлтэн нэгэн байсан. 

Гэтэл одоогоос 16 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 1-2-нд шилжих шөнө УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан түүний амь насыг хөнөөсөн хэрэг гарч, улс даяараа эмгэнэн гашуудахтай зэрэгцэн айдас түгшүүр, хардлага сэрдлэг дүүрсэн хоног өдрүүдийг монголчууд өнгөрүүлж билээ. Тухайн үед энэ хэргээс үүдэн Батаа, Оюунаа нэртэнгүүд айдас түгшүүртэйгээр амьдарч байсныг нуух юун. Тэрхүү аймшигт, харгис хэргийн ул мөр, сэжүүр улам бүдгэрсээр л. Түүнийг хэн ямар зорилгоор хөнөөсөн нь одоо болтол илрээгүй бөгөөд илрэхгүй гэсэн бодол ард иргэдийн дунд улам ч газар авч байгаа. 

Тухайн үед юу болж өнгөрснийг эргэн саная. 1998 оны аравдугаар сарын хоёрны баасан гарагийн орой 22:40 цагт Нийслэлийн Цагдаагийн хэлтсийн жижүүрт ирсэн хүн амины хэргийн мэдээллээр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн өгсөн хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, дөрөвдүгээр байрны 42 тоотод тэр даруй хүрэлцэн очсон байдаг. Хэргийн газарт очиход С.Зориг бусдад алуулаад, цогцос нь гэрийн босгоны дотор талд, нэлийсэн цусан дунд халуунаараа хэвтэж байж. Ийнхүү мөрдөж шалгаж дуусдаггүй, их хэргийн ангуучлал эхэлсэн түүхтэй. 

Үнэн худал нь үл мэдэгдэх “Дараагийнх нь Э.Бат-Үүл” хэмээн С.Зоригийг хөнөөсөн алуурчид хэлсэн гэх үг олны ам дамжин яригдаж, улстөрчдийн олныг талдаа татах гэсэн ярианы сэдэв нь болсоор ирсэн. Хэргийн газарт "учир битүүлэг" шалтгаанаар малгайгаа мартсан гэх өдгөө нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тухайн үед энэ хэрэгт нэр холбогдсон улстөрчдийн жагсаалтын эхэнд бичигдэж, тэрбээр “Ганц худаг”-т ч хоригдож үзсэн.

Мөн хэргийн гол гэрч, талийгаачийн эхнэр Б.Булганы мэдүүлэг хачирхалтай олон зүйлийг агуулсан байсан гэдэг. Хачирхалтай, учир битүүлэг мэдээлэл ар араасаа цуварсаар л. Чухамхүү олны итгэлийг хүлээж, нэр хүндээрээ түмний танил болсон хүнийг юунд хөнөөв, яагаад цорын ганц гэрч болсон талийгаачийн эхнэр Б.Булганыг амьд үлдээв гэх зэрэг олон асуулт 16 жилийн турш хариулт нэхсээр. Гэтэл нөгөө талдаа заавал талийгаачтай хамт амь үрэгдэх ёстой байсан мэт хардлага, доромжлолыг хүртсэн, «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» хэмээн ханьдаа хэлж байсан гэгддэг тэр эмэгтэйг юу ч гэлтэй.

Олон жилийг ардаа орхисон энэхүү дуулиант хэрэгтэй холбоотой асуултуудын хариултыг өдгөө ч эс олжээ. Тухайн үед С.Зориг алагдсан хэргийн талаарх үнэн бодитой мэдээлэл өгсөн иргэнийг 500 сая төгрөгөөр шагнах тухай Монгол Улсын Засгийн газрын 2003 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн тогтоол ч гарч байв. Гэвч хэрэг одоо ч илрээгүй, хэрэгтэн баригдаагүй. Таамаглал, хардлага дагуулсан дурсамж л хий үзэгдэл мэт олны дунд хэрэн хэсүүчилсээр...

Хэргийн дараа талийгаачийн биед задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг харъя.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн актын дугаар ¹684 /450/

1998 оны 10 дугаар сарын гурванд УМБГ-ын хоёрдугаар хэлтсийн АМБ х.ч Цогтбаярын 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн шийдвэрээр УШЭМТ-ийн эксперт Г.Дагиймаа, М.Энх­баяр бид ШЭМТ /моргт иргэн, эрэгтэй 36 настай, Сан­жаасүрэн овогтой Зориг/ цогцост нас барсан шалтгаан ба дараах асуудлуудыг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн зад­­лан шинжилгээг өдрийн гэрэлд хийлээ. Задлан шин­жил­гээ эхэ­л­сэн цаг 04:00, дууссан цаг 06:00.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд протокол би­чиж, Л.Энх­­болд туслагчаар оролцож, дараах шинжээчид байл­цав.

Задлан шинжилгээнд доорх нэр бүхий комиссын дарга: Л.Жамбалжав-ЭМНХЯ-ны төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Монгол Улсын гавьяат эмч, дэд доктор. Гишүүд: Ч.Батсайхан-Эмгэг судлал, шүүх эмнэлгийн захирал, тэргүүлэх зэргийн эмч, Н.Даваацэрэн-АУИС-ийн Мэс заслын тэнхимийн багш Монгол Улсын төрийн шагналт дэд доктор, дэд профессор, З.Мэндсайхан-АУИС-ийн Төвийн эмнэлгийн дарга дэд доктор, дэд профессор нар байлцав…

Задлан шинжилгээний онош: Үнхэлцэг хальс, зүрх, уушги, элэг, сэмж, бөөрны өөхөн эдийг гэмтээсэн цээж ба хэвлийн хөндийн нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хурц цус алдалтаас үүссэн шок, дотор эрхтний хурц цус багадалт, амьсгал, зүрх судасны хурц дутагдал, нүүр, эрүүний доорх зулгаралт, цус хуралт, баруун гарын 3, 4-р хурууны 1-р үе, зүүн бугалга, зүүн хацар дахь зүсэгдэж хатгагдсан шарх.

Дүгнэлт

1.Хохирогч С.Зоригийн биед нийт 18 шарх, зүүн хацар, доод эрүүний доор, дээд уруулд, хамрын нурууны баруун талд зулгаралттай, хам­­рын нуруу, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний до­тор буланг хамарсан цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.

2.Хохирогч С.Зоригийн биед үүссэн гэмтлүүдийн хоёр нүд­­ний зөөлөн эд дэх цус хуралт, хацар дахь зулгаралт нь хатуу мохоо бусад үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн бай­на.

3.Хохирогч С.Зоригийн биед үүссэн шархны хүчийг тодорхойлох боломжгүй байна.

4.Дээрх гэмтэл шарх нь хурц ир үзүүртэй бага­жийн үйлч­лэлээр тодруулбал хутгаар зүсэгдсэн байх болом­ж­той.

5.Задлан шинжилгээнээс үзэхэд хохирогчид үүссэн шархны байдал нь хоёр төрлийн хурц ир үзүүртэй багажаар /хутгаар/ үүсгэгдсэн байх боломжтой.

6.Хохирогчийн бие эрхтэнд үүссэн гэмтэл шархны байдлаас харахад мэсний үйлчлэл зүү­нээс баруун тийш, урдаас хойш чиглэлээр үйлчилсэн байж болохоор байна. Шархны байд­лаас харахад эхлээд цээжний зүүн талын шархнууд дараа нь цээжний өмнө тал, хэвлийн урд талын шарх үүссэн байж болохоор байна.

7.Хохирогч нь зүрхний зүүн ховдлын урд ханаа нэвтэрсэн шархны улмаас хурц цус алдалт, зүрх судас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ. Хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж аврах боломжгүй байсан байна.

8.Задлан шинжилгээгээр хохирогч нь ямар нэг архаг хууч өвчингүй байсан ба согтууруулах ундааны зүйл илэрсэнгүй.

10.Хохирогчийг үхэлд хүргэснээс бусад цээжний болон хэвлийн хөндийн нэвтэрсэн шархнууд нь учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэг болно. Зүүн бугалга, баруун гарын III, IY хурууны зүсэгдсэн шарх, цээжний зүүн болон баруун талын цээжний хөндийд нэвтрээгүй шарх, зүүн хацар, доод эрүүний доор, хамрын нурууны баруун талын зулгаралт, хамрын нуруу, баруун нүдний зовхины цус хуралт зэрэг нь хөнгөн гэмтэл болно.

11.Хохирогчийн хамрын нуруу, баруун нүдний зовхин дахь цус хуралт, доод эрүүний доодох зулгаралт нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

12.Хохирогч С.Зоригийн биед үүссэн гэмтэл нь амьддаа үүссэн байна.

13. Хохирогч нь гэмтэл авсан даруйдаа нас баржээ.

14.Хохирогчийн хацар, доод эрүүн доорх зулгаралт, хамрын нуруу, баруун нүдний зовхины цус хуралт, баруун гарын III, IY хурууны I үеийн зүсэгдсэн шарх зэрэг нь биеэ хамгаалан тэмцэлдсэнээс үүссэн байх боломжтой… гэжээ.

Дашрамд дурдахад, хохирогч 1996 оны сонгуульд УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд бөгөөд тухайн үед Ерөнхий сайдад нэр дэвшээд байсан гэдгийг хэлэх хэрэгтэй.

 

НУУЦ АГУУЛСАН БОЛ НУУЦААРАА Л ҮЛДДЭГ ГЭЖ ҮҮ...

Энэхүү аймшигт хэрэгтэй хамааралтай байж болох учир битүүлэг зарим үйл явдлуудыг өгүүлсү.

ТААМАГЛАЛ НЭГ:  Хэргийн газар анх очиж Булганаас байцаалт авч, үзлэг хийсэн цагдаагийн хошууч усанд унаж нас барсан. Гэхдээ түүний үхэл сэжигтэй байгаа гэдгийг олон хүн хэлдэг. Мөн Дарханы цагдаагийн ахмад бусдад хэрцгийгээр алагдсан. Түүний бөгс рүү нь тосон бал чихэх зэргээр тамлаж алсан аж. Хожим нь энэ ахмад С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан нь тодорхой болжээ.

ТААМАГЛАЛ ХОЁР: С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж шоронд сар гаруй суугаад гарсан, одоогийн УИХ-ын гишүүн, Засгийн газрын нэгэн сайд эрхмийн эхнэр цонхоороо унаж нас барсан. Тэрээр зүгээр л амиа хорлох гээд цонхоороо унасан болж дууссан. Нэмж хэлэхэд "амиа хорлосон" энэ эмэгтэй С.Зоригийн анхны эхнэр байсан нэгэн.

ТААМАГЛАЛ ГУРАВ:  Хоёр алуурчныг байшингаас гараад гүйж байхыг хараад нэгийг нь таньсан төдийгүй “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байгаа. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харчихаад цааш гүйсэн гээд байгаа. Уг мэдүүлгийн мөрөөр өнөөх Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход нь өнөөх нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан агаад Дарханд хэдийнэ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцсыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон.

ТААМАГЛАЛ ДӨРӨВ: Хоёр алуурчныг С.Зоригийн гэрээс гараад шатаар санд мэнд уруудан гүйж байхыг харсан хоёр залуугийн нэг нь тамлагдаж нас барсан. Гэрийнхэн нь энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй гэсэн байдаг. Тэд сэтгэл санааны хүнд дарамтад байгаа нь илт байсан гэж зарим эх сурвалжууд тухайн үед бичсэн байдаг. Хоёр алуурчныг харсан таксины жолооч мөн сураг алдарсан. Магадгүй түүнийг уг хоёр хүнийг тээвэрлэсэн байж магадгүй гэх сэжүүр байгаа.

ТААМАГЛАЛ ТАВ: Хэрэг гарах үед Хууль зүйн сайд байсан нэгэн мөн л өвчний улмаас нас барсан. Гэхдээ зарим нөхөд нь түүнийг хорлогдсон байж магадгүй хэмээн үздэгээ нуудаггүй. Мөн хэргийг хянаж байсан прокурор Дарийжав учир битүүлэг шалтгааны улмаас амиа алдсан. Энэ мэт олон арван таамаглалуудаас цөөн хэдийг л дурдлаа.

Ийм л хамааралтай, эс хамааралтайгаас үл шалтгаалан учир битүүлэг нууцыг агуулсан үйл явдлын өрнөл далд хэлбэрээр үргэлжилсээр өдгөөг хүрчээ.  Гэвч энэ аллага улстөрийн захиалгат үйлдэл мөн гэж итгэсэн ард түмний олон асуулт хариултаа хүлээсээр, үнэнийг мэдэх гэсэн хүсэл хэр удаан үргэлжлэхийг цаг хугацаа л харуулах нь ЦОР ГАНЦ ҮНЭН болж үлдлээ.

Нийтэлсэн: М.Тодбэх

Нууц агуулсан бол нууцаараа л үлдэг гэж үү...  
Үзсэн: 8862 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-10-05 20:59
XARAMSALTAI. BID BIENEE XAIRLAXGUIL YM DAA. XUWIIN ERX ASHIG BAIDAGCH GESEN EX ORON , ARD TUMNEE BODOJ YAWMAAR YM DAA
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-10-02 11:01
БОЛЬЁ ОО
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2014-10-02 10:21
Tuhain ueiin NAH yamnii ulsuudl medne..Odoo uul uurhaigaar gar ugaaj bgaa heden nuhdiin hiisen herge biz.

Бидэнтэй нэгдээрэй