Шууд Chart

С.Оюун сайд “Эко” сурагч З.Буянхишигтэй уулзлаа

2014-10-10 16:17:35

БОНХ-ийн Сайд С.Оюун Сэлбэ голын ойр орчмыг цэвэрхэн байлгахыг зорьдог 117-р сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишигийг хүлээн авч уулзаж, гэрэл зургийн аппарат, "Улаан ном"-ын дээжээс гардууллаа. С.Оюун сайд байгалиа хайрлаж байгаа З.Буянхишиг хүүг магтаад “Хүүхдүүд байгаль дэлхийгээ хайрлаж байвал эцэг, эхчүүд ч хайрладаг болно. Хүүтэй хамт хог цэвэрлэх нь чухал ч, хог хаяхгүй байх хамгийн чухал” гэсэн юм. 

Тэднийх найман жилийн өмнө Чингэлтэй дүүргийн 119-р хороонд нүүж ирснээс хойш Сэлбэ голын ойролцоох хогийг цэвэрлэх болжээ. Түүний аав Н.Зоригтбаатар зургаан хүүхэддээ “Гол горхио бохирдуулж болохгүй хайрлан хамгаалж хүмүүсийн хаясан хогийг түүх хэрэгтэй. Ингэвэл лус савдаг баярлаж, цэмцгэр орчинд амьдарна” гэж захидаг байжээ. З.Буянхишиг ч есөн нас хүрч аавын захиасны учрыг мэдэн “Сэлбэ” голын эрэг дагуух хог, усан дотор урсаж буй хог, архины шилний хагархайг сайн дураараа түүдэг болсон байна. Тэрээр энэ голыг хоггүй цэвэр тунгалаг байлгахын тулд гурван жилийн турш цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулсан юм. Түүнтэй ярилцлаа.

-“Сэлбэ” голыг цэвэрхэн тунгалаг байлгахын тулд гурван жил шантралгүй хөдөлмөрлөжээ. Байгаль орчноо хамгаалах арга ухаанд хэн сургав?

Миний аав, ээж хоёр байгаль дэлхийгээ хайрла, гол горхио цэвэрхэн байлгах хэрэгтэй гэж байнга захиж хэлдэг. “Сэлбэ” голын ойролцоох хогийг цэвэрлэхгүй бол гол руугаа хийсч ороод байдаг. Манайх “Салхит”-д нүүж ирээд 8 жил болж байна. Өмнө нь манайх Баянхошуунд амьдардаг байсан. Амралтынхаа өдрөөр аавтайгаа хамт голоо цэвэрлэдэг. Цэвэрхэн байвал бид ч эрүүл байна гэж боддог.

-Хүмүүсийн хандлага ямар болсон бэ? Хогоо хаях нь багасч байна уу?

-Урьдынхаасаа өөрчлөгдсөн. Зарим хүмүүс гэртээ урьж халуун цай уулгадаг. “Битгий шантраарай, голоо сайн цэвэрлээрэй, сайн хүүхэд байна, цаашид цэвэрлэнэ биз дээ” гэж хэлдэг. Хагас, бүтэн сайн өдөр энэ хавийн айлууд бүгдээрээ нийлээд голынхоо хогийг цэвэрлэдэг болвол үнэхээр сайхан даа гэж боддог. Манай энэ хавийн айлууд нэг их хогоо хаядаггүй юм аа. Зарим нэг айл л хогоо хашаа давуулж шидчихдэг. Харин архи уудаг хүмүүс уусан архиныхаа шилийг хаядаг. Тэрийг нь жаахан хүүхдүүд тоглож байгаад гол руу шидэж хагалаад байдаг. Бас зуны улиралд хүмүүс машинаа голд угаачихаад хогоо орхиод явчихдаг.

Хаанаас хаа хүртэл хог цэвэрлэдэг вэ?

Доошоо “Ногоон гүүр” хүртэл дээшээ өгсөөд “Ар согоот” хүртэл явж хүмүүсийн хаясан хогийг түүж цэвэрлэдэг.

Танай сургуульд “Эко” клуб байгаа юу?

- Байгаа. Би клубын гишүүн.

- Клубын гишүүд нь Сэлбэ голыг цэвэрлэхэд нь тусалдаг уу, мөн ангийнхандаа уриалсан уу?

-Манай ангийнхан, клубынхан тусалдаг. Харин клубынхан маань өөр газарт хог цэвэрлэх, цэцэг тарих зэргээр олон ажил зохион байгуулдаг.

Цэвэрлэсэн газар нь хүмүүс хог хаях үед гомдолтой санагддаг байх даа?

-Өнгөрсөн жил зуныхаа амралтаар Баянхонгор аймаг руу амрахаар явсан. Явахаасаа өмнө голоо сайхан цэвэрлэчихээд яваад ирсэн чинь бөөн хогтой болчихсон байсан. Гол үерлэхээрээ эргэн тойрныхоо бүх л хог, шороог хамж урсаад их муухай өнгөтэй болдог доо. Яг тийм болчихсон байгаа юм чинь. Тэр үед уйлмаар санагдсан. Голын эрэг нь цэвэрхэн, ус нь тунгалаг байвал хүний нүдэнд ч гэсэн сайхан харагдаад, хүмүүст хайрлах сэтгэл төрнө гэж боддог.

- Долоо хоног цэвэрлэхгүй байхад хэдэн шуудай хог гардаг вэ?

-10 шуудай. Ногоон гүүрнээс доошоо явж цэвэрлэх юм бол 10-аас ч их хог гарна. Хогны машин ирэхээрээ “Танайхаас яагаад ийм олон шуудай хог гардаг юм бэ” гэж асуудаг. Тэгэхээр нь “Сэлбэ голын хогийг цэвэрлэдэг юм аа” гэж хэлдэг. Хогны дийлэнх хувийг гялгар уут эзэлдэг. Эхлээд уутыг шатаадаг байснаа больсон. Нойтон уут шатдаггүй юм билээ. Тэгээд хашааныхаа гадна овоолж тавихаар хогны машин ачдаггүй. Ингээд л хашаандаа оруулдаг болж, манай хог гээд ачуулдаг болсон.

- Хогоо голын эрэг дээр хаяад байдаг хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

- Хүмүүс өөрсдөө ухамсартай байж хогоо битгий хаяж байгаасай гэж боддог. Хүүхэд эхээсээ төрөхдөө ямар ч муу бодол байхгүй төрдөг гэсэн. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ багаас нь байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахад сургаасай. Хэрвээ намайг бага байхад өвөө эмээ, аав ээж нар маань байгаль орчноо хамгаал, гол усаа цэвэрхэн байлгаж хогийг нь цэвэрлэх хэрэгтэй гэж хэлдэггүй байсан бол би өнөөдөр “Сэлбэ” голын хогийг сайн дураараа цэвэрлэхгүй байсан байх. Бусад хүүхдүүдийн адил гадаа тоглоод л гүйх байсан. 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

С.Оюун сайд “Эко” сурагч З.Буянхишигтэй уулзлаа   
Үзсэн: 1809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй