Шууд Chart

Онлайн төлбөр тооцоонд нууц үг орлох шинэ стандартыг хөгжүүлнэ

2014-11-21 09:20:05

"MasterCard" компани "Visa" компанитай хамтран онлайн төлбөр тооцоонд нууц үг орлох шинэ төрлийн баталгаажуулалтын стандартыг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ. Нууц үг орлох шинэ төрлийн аргадаа биометрик баталгаажуулалтыг ашиглахаар судлаж байна. "MasterCard"-ийн мэдэгдэж байгаагаар шинэ төрлийн баталгаажуулалт нь гарсан даруйдаа онлайн төлбөр тооцооны аюулгүй байдалд хамгийн том шинэчлэл хийх гэнэ. Нөгөөтэйгүүр, энэхүү төлөвлөгөө хэрэгжсэнээр онлайн төлбөр тооцоо ашигладаг хэрэглэгчдэд “харагдахгүй” аюулгүй байдлын баталгаажуулалтыг хангах бөгөөд нууц үг зэрэг олон төрлийн оролдлогуудыг үгүй хийх юм байна.

"MasterCard" энэхүү зорилгодоо хүрэхийн тулд төлбөр тооцооны картанд хэрэглэгчийн дэлгэрэнгүй мэдээлэл ашиглана. Мөн тус компанийн төлөвлөгөөнд нэг удаагийн нууц үг (one-time password) болон хурууны хээний өгөгдлийг ашиглаж амьдралд тулгардаг баталгаажуулалтын асуудлуудыг шийдвэрлэх, мөн хэрэглэгчдийг заавал нууц үгээ цээжлэх шаардлагаас чөлөөлөх гэнэ.

 

"MasterCard" биометрик төрлийн, тухайлбал хүний нүүр, дуу хоолой таних болон зүрхний хэмээр нь таних бугуйвч зэргийг зарим худалдаанд туршиж үзэх төлөвлөгөөтэй. "MasterCard SecureCode" хөтөлбөрөө ч шинэ протоколыг дэмжих зорилгоор сайжруулж, хөгжүүлэх юм байна. Тус компанийн байгууллагын аюулгүй байдлын шийдэл хариуцсан ерөнхийлөгч "Ajay Bhalla" хэлэхдээ “Хэрэглэгчид төлбөр тооцоог нэг бол хялбар аргаар, эсвэл аюулгүй  байдлаар хийнэ гэж хүсдэггүй. Харин тэд ‘хялбар бөгөөд аюулгүй замаар’  хийхийг хүсдэг. Бид хүмүүсийг юу цээжилж байгаагаар нь биш, тэд хэн бэ гэдгээр нь танихыг хүсэж байна. Бидэнд цээжлэх маш их нууц үгс байна. Энэ нь хэрэглэгчдэд ч бидэнд ч нэмэлт асуудал үүсгэдэг” гэжээ.
 
"MasterCard" компанийн энэхүү төлөвлөгөө нь онлайн төлбөр тооцоо хөдөлгөөнт төхөөрөмжүүд дээр их хэмжээгээр хийгдэх болсонтой зэрэгцэн гарч ирж байгаа юм. Тус компанийн хувьд зөвхөн хуучны ширээний компьютеруудад биш хөдөлгөөнт болон шинээр гарч буй бүхий л технологиудыг дэмжих аюулгүй байдлын дэд бүтэц бий болгохыг зорьж байна гэж төлөвлөгөөг боловсруулагчид мэдэгдэж байна.

Онлайн төлбөр тооцоонд нууц үг орлох шинэ стандартыг хөгжүүлнэ   
Үзсэн: 1375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй