Шууд Chart

“Мухар гудамж” кино муу зохиолын илрэл

2014-12-12 12:07:52

Арилжааны нэгэн банк дампуурч эзэн нь нас барсан тухай телевизийн мэдээгээр “Мухар гудамж” уран сайхны кино эхэлнэ. Киног үзэж суухдаа Монголын кино уран бүтээлчид өдөр ирэх тусам сайжирч байна даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Зураг авалт, өнгө хийц, жүжигчдийн тоглолт гээд бүгд сайн, товчхондоо бол “онц” гэж хэлж болно.

Харин чамлахаар нэг зүйл байсан нь зохиол. Манай улсад мэргэжлийн кино зохиолч яах аргагүй дутагдаж байгаа нь ихэнх киноноос харагддаг. Энэ л жишгээр “Мухар гудамж”  киноны зохиол тийм ч төгс байсангүй. Өөрөөр хэлбэл, киноны турш үйл явдлууд нь нэгэн жигд хөвөрсөөр байгаад л дууслаа.
 
 
Киноны эхэнд гол дүрийн залуу найзтайгаа хамтарч айлд нууцаар орон сейфийг нь онгойлгож өнөөх дампуурсан банктай холбоотой чухал бичиг баримт хулгайлж аваад оронд нь их хэмжээний мөнгө хийнэ. Яг энэ үед нэг сэтгүүлч бүсгүй тэр айлд бараг хүчээр шахуу, өөрөөр хэлбэл, зохиолын дагуу очиж таарна. “Action”, “drama” төрлийн ямар ч кино үзэж байгаа хүн энэ хоёр залуу бие биедээ сэтгэлтэй болно гэдгийг тэр дор нь л ойлгоно.  Холливудын адал явдалт кинонуудын ихэнх нь нэг гэмт хэрэгт орооцолдсон эрэгтэй, эмэгтэй хоёр бие биедээ сэтгэлтэй болж, улмаар хайрынхаа төлөө өөрийнхөө бизнес эсвэл гэмт хэрэг, эзнээ орхидог. Яг л тэр. Хэрэв та жаахан л кино сонирхдог нэгэн бол бараг л энэ үеэс киноны үйл явдал тодорхой болно.
 
Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, дээр дурдсан гол дүрийн сэтгүүлч бүсгүй болох Биндэрьяа дампуурсан банкны нас барсан захирлын охин бөгөөд аавынхаа үхлийн шалтгааныг ил болгохын тулд нийтлэл бичихээр материал цуглуулж буйгаар гардаг. Харин бүсгүйн аав нь нэг бизнесмэн, улс төрч болон аавынх нь найз гурав нийлж банкны барьцаанд байсан орд газрыг авахыг хүссэн учраас түүний золиос болсон юм.
 
 
Гол дүрийн залуу болох Баганаа ихэнх “сайн” баатруудын адилаар наанаа “хуулийн дагуу” гэмт хэрэг үйлддэг хэрнээ уран зураг зурдаг, хоол хийх дуртай цагийн тогооч. Тэрээр асрамжийн газарт өссөн бөгөөд түүнийг өсвөр насанд нь цагдаагийн байгууллагынхан хуулийн дагуу илрүүлж болдоггүй гэмт хэргээ хууль бусаар илрүүлж гаргаж ирдэг мэргэжилтэн болгохын тулд гадаадад сургуульд сургаж бэлтгэсэн юм. Харин түүний ээж нь осолд орж, ярьж хөдөлж чадахаа больсон тул сувилалын газарт одоог хүртэл байдаг.
 
Энэ хоёр дүрээс гадна кинонд Баганаагийн асрамжийн газарт хамт өссөн найз болох Итгэл, мөн банкны дампууралтай холбоотой нэр бүхий улс төрч, бас нэг бизнесмэн, мөн Баганаагаар ажил захиалж хийлгэдэг, асрамжийн газрын дарга байсан томоохон цолтой цагдаа гарна. Шуудхан хэлэхэд, энэ хэдхэн дүрүүд ээлжилж гарсаар байгаад л кино дуусна.
 
Харин би кинон дундуур шинэ дүр гарч ирэн, тэр дүр нь тухайн үйл явдлыг ёстой нөгөө 180 градус эргүүлж хүчтэй нөлөө үзүүлэхийг хүлээж байлаа. Энэ ч утгаараа сэтгэл догдлуулж хүлээлт үүсгэн тухайн киног улам бүр шимтэн үзэх хүсэл төрүүлсэнгүй. Нэгэнт л адал явдалт төрлийн кино хийхийг хүсч зохиолоо бичсэн бол илүү ритмтэй, үзэгчдийн анхаарлыг татаж, уулга алдуулах хэмжээнд бичих ёстой байсан болов уу гэх бодол өөрийн эрхгүй төрсөн юм.
 
“Guys” хамтлагийн дуучин Д.Лхагваагийн “LVA” энтертайментийн өмнөх бүтээл болох  “Дурлалын гэмт хэрэг” кино бол харин сайн бүтээл болсон. Яагаад үүнийг дурдсан гэхээр энэ кинонд үйл явдлын эргэлтүүд, түүнд нөлөөлөх шинэ дүрүүд гээд зохиолын хувьд ч сонирхол төрүүлсэн бүтээл болж чадсан.  
 
 
Зохиолын бас нэг чухал бол Баганаа болон Биндэрья хоёрын хайр дурлал. Биндэрья аавынхаа үхэлд Баганааг буруутай гэж бодон ойртохын тулд нэг удаагийн арга хэмжээнд тогоочоор хөлсөлж авдаг. Энэ үед Баганаа өөрийг нь хайж байсан хүмүүсээс нуугдахын тулд бүсгүйг санаандгүй байдлаар нэг л удаа үнсэнэ. Гэтэл зохиолын төгсгөлд тэр хоёр бие биенийхээ төлөө өөрсдийгөө эрсдэлд оруулж бүгдийг орхиод хамтдаа явдаг. Харин төгсгөл хүртлээ хамтдаа бүхнийг орхихоор хоёр биендээ хайртай гэдгийг нь илчлэх нэг ч деталь дүрс гарахгүй. Магадгүй зохиолч, найруулагчид өөрсдөө энэ хоёр бие биедээ хайртай гэдэг нь ойлгомжтой гэж бодоод энэ мэт жижиг дүрсүүдийг гаргаагүй байж болох юм.
 
Үүнээс гадна киноны төгсгөл хэсэгт асрамжийн газрын эзэн байсан цагдаагийн том цолтон Баганаа, Итгэл, Биндэрья гурвыг өнөөх банкны хэрэгтэй холбоотой ажлыг илрүүлж дуусгасны дараа үгүй хийхийг хүсдэг. Ингэхдээ Биндэрьяаг Баганаагаар, Итгэлээр Баганааг алуулахаар дарамтална. Логикоор бодвол Итгэл бол асрамжийн газарт өссөн учраас түүнд гэр бүл гэж байхгүй, бас найз бүсгүйгүй. Мэдээж гол дүрийн сайн найз учраас хэзээ ч найзаасаа урваж түүнийг хөнөөхгүй. Тэгэхээр Итгэлээр Баганааг үгүй хийлгэхийн тулд барьцаалах нэг зүйл хэрэгтэй болж таарна. Харин кинонд бас хүчээр шахуу нэг жаал хүүг гаргаж ирнэ. Тэр хүү гуталчин өвөөтэйгөө хамт амьдардаг бөгөөд ээж,  аав нь байдаг эсэх нь тодорхойгүй. Бас нисэх онгоцонд дуртай.
 
Ингээд Баганаа, Итгэл, Биндэрьяа гурав бүхнийг зохион байгуулна. Баганаа Биндэрьяаг хутгалж хөнөөнө, харин Итгэл Баганааг машинаар дайрна. Киног эхнээс нь үзсэн ямар ч хүн энэ бүхэн зохиомол гэдгийг төвөггүй ойлгоно.
 
 
Алдарт “Загалмайлсан эцэг” кинон дээр хайртай мориных нь толгойг тасдаад орон дотор нь хийчихсэн байдаг. Харин үүнээс санаа авсан үйлдлүүд олон ч кинон дээр гардаг. “Мухар гудамж” дээр ч ялгаагүй. Банкны дампууралтай холбоотой улс төрч нь морьд тэжээдэг. Харин нэг удаа морьныхоо саравчинд орж иртэл хамгийн хайртай морийг нь алаад гэдэс дотрыг нь гаргаад тавьчихсан харагддаг. Үүнийг хараад өнөөх улс төрчийн зүрх гэнэт зогсоно. Яг л Солонгос кинон дээр гардаг өвгөчүүл шиг.  
 
Харин киноны зохиолч нь монгол хүн байж морь алах нь зохимжгүй гэж бодсон бололтой. Энэ бүхнийг хуурамчаар бэлдсэн зүйл болгож харуулдаг. Тодруулбал, морийг нь хэсэг хугацаанд л ухаан алдуулсан.
 
Үүнээс гадна гол дүрийн залуучуудыг хөнөөх гэж оролдсон цагдаагийн том цолтон киноны төгсгөлд гэнэт машинтайгаа осолдож нас барна. Ингэхдээ зам дээр гарч ирсэн хог түүдэг хүүхдийг дайрахгүйн тулд замын хажуу руу унадаг. Магадгүй энд зохиолчийн хэлэх гэж оролдсон нэг санаа байсан байх. Асрамжийн газрын өнчин хүүхдүүдийг зодож, загнан, заримыг нь буруу зүйлд сурган өсгөж байгаа нь хэдийгээр тийм ч муу зүйл гэж харагдахгүй байж болох ч эцэст нь тэднийг алах гэж оролдсоныхоо төлөө өөрөө шийтгүүлсэн байж болох юм.
 
 
Ингээд л “дайснаа дарж дархан цолоо мандуулдаг”-ийн үлгэрээр гол дүрийн залуу хайртай бүсгүй, ээжтэйгээ амар сайхандаа жаргана.
Харин киноны төгсгөлд Баганаа Итгэлээс яагаад надад ингэж тусласан юм бэ гэдгийг асуухад хүүхэд байхдаа асрамжийн газарт байхад миний өмнөөс хулгай хийсэн гэж хүлээсний чинь хариуг өгч байгаа юм хэмээн хариулдаг. Нөхөрлөл гэдэг үнэ цэнэтэй байдаг гэдгийг харуулахыг зорьсон зохиолчийн санаа энд байгаа юм. Тэгэхээр миний дүгнэснээр “Мухар гудамж” бол хэд хэдэн агуулга санааг илтгэсэн, олон үзүүртэй, сайн биш зохиолын илрэл болсон кино.
 
Амьдралд шийдэж, давж гарч болдоггүй зүйлүүд байдаг юм гэдгийг харуулахыг зорьсон хэмээн найруулагч нь тайлбарласан ч бүх асуудлыг давж гараад амар сайхандаа жаргаж байгаа нэрнээсээ эсрэг утгатай “Мухар гудамж” уран сайхны киног эрхэм та үзээд, мэргэн оюундаа тунгааж нэгийг бодно биз ээ.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Мухар гудамж” кино муу зохиолын илрэл   
Үзсэн: 9745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [43.242.243.xxx] 2016-10-09 02:15
юу гэж хуцаад бгмб дээ
Зочин [182.160.35.xxx] 2016-07-31 19:53
Сайн кино болсон юм шиг санагдсан. Заавал бүтнээр нь гадаадын кинотой харьцуулах нь утгагүй. Энд Монголын амьдрал, энгийн ард түмнээ адуу малнаас дор үздэг Олигархуудын тухай гарч бн шүү дээ.
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-04-15 14:09
Үргэлж магтаад байвал дэвшил хөгжил үгүй болно. Мэргэжлийн шүүмж нь үзэгчидэд муйхраар биш олон талаас нь харах цонхыг нээж өгдөг тул зайлшгүй байх хэрэгтэй
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-01-13 11:37
Морьд тэжээгээд байхдаа ч яахав дээ.... Адуу маллах..., Итгэлийн дүрд хэн тоглосон юм, Баганаагийн дүрд ? Хэлээд байгаа санаа нь болж байна. "Зохиолын бас нэг чухал бол Баганаа болон Биндэрья хоёрын хайр дурлал" энэ өгүүлбэр ойлгомжгүй байна.
202.70.37.xxx [202.70.37.xxx] 2014-12-16 13:57
za um khiij baigaag buu gol
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2014-12-13 07:49
Одоо ч цаг өөр болж дээ. Монголчуудын ахуй амьдрал, үлгэр туульс, түүхээр алдарт ХОЛИВҮҮД кино бүтээдэг болчихоод байхад манай монголчууд Солонгос мелодрам, Америк триллер, Франц марзагналаас хуулахаас цааш гарч чадахгүй байхийм.
202.21.115.xxx [202.21.115.xxx] 2014-12-12 14:02
mongol kino-g huduuniihun uzdeg um shig baigaa um daa. bas hoshin shogiig

Бидэнтэй нэгдээрэй