Шууд Chart

Өвгөдийн ухааны учир

2015-03-24 10:14:52

/Тэмдэглэл/

Монголын кино урлаг. Энэ бол 80 гаруй жилийн түүхтэй олон гайхамшигтай сайхан бүтээл үлдээж чадсан, Монголын маань бахархал болж байдаг урлагийн нэг салбар. Харамсалтай нь киног плёнконд зураг авахаа больсноос хойш Монгол кино мөхсөн гэхэд хаашаа ч бас сэхсэн гэхэд хаашаа ч юм замаар явж хорь гаруй жилийн нүүр үзлээ. Плёнк байсан учир жинхэнэ кино байсан юм гээд хэлчихэд зарим хүн цочиж ч мэдэх. Гэхдээ түүх бол түүх. Нэг метр плёнк боловсруулахад дор хаяж 12 хүний оролцоо байлаа. Эхлээд кино оператор холбоотой гэвэл тэрнээс өмнө эдийн засагч, плёнк боловсруулахын инженер, лабораторийн мэргэжилтэн тэнд нь негатив хийгээд позитив угаалга эд шалгагч, лабораторийн лаборант техникч , монтажчид эд шалгахынхан гээд олон хүн бий. Ийм олон дамжлага зөвхөн нэг метр плёнкод оногдож байв. Дээр нь бас болоогүй ээ. Нягтлангууд негатив позитивын архивын мэргэжилтэн гээд нэмэгдэнэ. Хэрэв дууны боловсруулалт гэвэл бас дахиад өч төчнөөн хүн албан тушаал мэргэжил байх юм. Кино бол үнэ цэнэтэй, олон хүний хүч хөдөлмөрөөр босдог ярвигтай урлаг.

Гэтэл зохиолч, найруулагч жүжигчид, операторуудын нэрээр кино манддаг учир заримдаа тиймхэн санагдах. Монголын кино урлаг хөгжөөд 80 жил болжээ. Мөн ч сайхан сан хөмрөгийг үлдээсэн дээ. Харамсалтай нь 1990 он гараад Монгол кино үйлдвэр урьдных шигээ биш болсон. Угаасаа социалист эдийн засаг нурсан болохоор үнэтэй технологиор манай улс кино хийх тэнхэлгүй болсон юм. Тэгээд л тэр. Уран бүтээлчдийн болон инженер техникийн ажилчдын ихэнх нь тарцгаасан. Олон кино архивт хадгалагдсан. Яахав дийлэнх нь үзэл сурталжсан кино байж. Киног үзэл суртлын хүчтэй зэвсэг болгон ашиглаж хөгжүүлсэн нь цаанаа нийгмийн шалтгаантай. Тэр аргагүй. Гэхдээ энэ урлагт бие сэтгэл, авьяас чадвараа харамгүй зориулсан олон зуун хүн зүтгэсэн учир бас ч үгүй урлагийн сайхан бүтээлүүд үлдсэн юм. Бас дэлхийн киночдын санаж сэдээгүйг ч хийж үлдээсэн гээд хэлбэл “Энэ солиорчихжээ” гэж бодож болох ч, жишээ нь, 76 оны “Их говийн айл” баримтат киног нэрлэж болно оо. Морин хуур татахад ингэ асгартал уяран бөмбөрч ботгоо хөхүүлнэ.

Хүн байгалийн ийм гайхалтай уялдааг урьд нь соёлт ертөнцийнхөн үзсэнгүй. Тийм кино өөр газар бий юу гэхэд хайгаад олдохгүй ээ. Монголын нүүдлийн амьдрал тийм сонин. Жишээ татвал өөр олон бий. Даанч Монгол кино 36 өсгөгчөөр дуу чимээ хадааж, гурав, дөрвөн хэмжээст тод дүрсээр хялгасыг бүдүүн олс лугаа томруулан харуулж, ногоон хөшгөн дээр шидийг үзүүлэн зураг авч нүд гялбам хурц өнгөөр түмнийг алмайруулж чадаагүй ээ. Харин дэлхийн чинээний сэтгэж байсан гэвэл үнэн. Гэхдээ байз... Монгол кино үйлдвэрийн хашаанд Европын хүчирхэг кино студийн нэгт тооцогддог байсан “МОСФИЛЬМ” студи ирж буугаад “Төгсгөл” болон “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киног Монголын уран бүтээлчидтэй хамтран хийж их ажил эхлүүлж гайхамшгийг бүтээж л байсан гэвэл бахархах сэтгэл төрнө. Үзэл суртлын нийгмээс болж байгаагүй байсныг байсан болгож хийгээгүйг хийлсэн гэж түүх гуйвуулахад хувь нэмэр оруулсан гэж болох л доо. Гэвч бид бүхний хэн нь тэр цаг дор өөр юм бүтээх чадалтай байлаа.

Харин урлаг талаас нь яривал өөр юм шүү. Энэ үнэн. Орчин цагийн залуус Монголд кино урлаг сөнөсөн гэж ярих нь бий. Наян жилээс жаран жилд нь үүртэж түүртэлгүй явсан Монголын киноны хойч үе одоо фото зургийн аппатаар кино бүтээх хүртлээ жижгэрэн явж байгаа гэвэл харин мөрөө хавчиж мэдэх л юм даа. Тэртээ 1960-аад оны дундуур 3-5 мянган хүний “массовкатай” зургийг өлхөн босгодог том үйлдвэрлэл байв. Үгүй гэвэл Д.Жигжид гуайн “Хүний мөр” киноны Халхын голын тулааны зарим “сценыг” харж болно. Бас тэр киноны нэгдүгээр анги болох “Хүний мөр” киноны эсэргүүнүүд сумын сургууль руу дайрч байгаа хэсгийг ч үзэж болно. Гэтэл одоо бид юу бариад юу авч яваа билээ. Юм аа дагаад бүтээл ч тэр сэтгэлгээ ч хумигддаг бололтой. Гэхдээ оргүйгээс охинтой нь гэж техник гар дор ирсэн тул хоёр хүн нийлж байгаад ч болов залуучууд кино хийж байна. Зарим нь тун дажгүй. Гэвч энэ бол дахин дэлхийн дэвжээ рүү нэг харайгаад орчих шууд гишгүүр биш юм. Энд өөр асуудал ярих байх. Нэгэнт наян жил болж байгаа учир Монгол киноныхоо хөгжлийн тухай ярих хэрэгтэй. Сэдэв олон байна. Тал талаас нь л харах хэрэгтэй.

Ийм нэг талаас нь юм хэлэх гээд үзье. Монголын кинон дахь билэгдэл гэж ярьж болох нэг судлууштай юм байдаг. Л.Ванган гуай зохиолыг нь бичсэн түүх хувьсгалын сэдэвт “Өглөө” кино. Одоо үзэл сурталжсан гээд өөрөөр ярьдаг. Тэр яахав. Кино бүтээлийнхээ хувьд энэ бол сайн хийгдсэн. Сэлэм Тогмидын ээж хөөрхий үрийнхээ төлөө сэтгэл зовон залбирахдаа хүүгийнхээ байлдааны сэлмийг ламд аваачин ариутгуулж хүж арцаар утна. Эхийн сэтгэлийн аугаа өгөөмрийг үрдээ санаа зовсон зовинолыг үүнээс сайхнаар яаж харуулах билээ. Гайхалтай уран санаа юм. Ийм юмыг Л.Ванган гуай л олж чаддаг байлаа. Найруулагч Г.Жигжидсүрэнгийн найруулсан “Анхны алхам” кино. Хадлангийн бригадад дадлага хийхээр очсон оюутан охин жинхэнэ амьдралд анх удаа хөл тавина. Их сайхан өвгөчүүлийн дунд орно.

Шувууны өндөг хагарч хэдэн ангаахай болно. Энэ орчлонд сая нүд нээсэн өрөвгөр хэдэн ангаахай ч амьдралын анхны алхмаа хийж ядан арчаагүй өрөвдмөөр өөдөө тэмүүлэвч бяд хүч дутаж байна. Гэвч нэгэн өдөр өд сөд нь гүйцэн ургаж агаарт жигүүрээ дэлгэнэ. Энэ бол хүн байгалийн хагацашгүй шүтэлцээгээр дамжуулан хүний өсөж дэвжихийг үзүүлсэн гайхалтай уран санаа . Жараад оны дундуур мөнөөхөн Ламзавын Ванган гуай киногоо Улс төрийн товчоонд үзүүлчихээд “Эгээтэй л дээлээ нөмөрчихсөнгүй” гэж гэртээ орж ирсэн бүтээл нь “Түмний нэг” кино. Энд залуу нисгэгч Чинбатын амьдралын зам уруудаж байгааг гялалзтал тосолсон хромон гуталтай явснаа цардмал замаар алхан явсаар эцэст шавар шавхайтай хутгалдан архичин болсныг харуулах зэрэг нь үнэхээр уран харуулсан билээ. Үзэл суртал нэг талаас хэт дарж амьдралын үнэнээс холдуулж байсан гэлээ ч агуулга төгс илэрхийлэх бүтээлч эрэл хайгуулд өөрийн эрхгүй даллан дуудаж байсан нь зарим талдаа тустай байж.

Энэ киноны төгсгөлд цөн түрж гол мөрний мөс хайлж байгаа нь хэлмэгдлийн хатуу ширүүн цаг эцэс болж амьдралын сайхан хавар эхэлснийг үзүүлнэ. Энэ л үед залуу нисгэгч Чинбат онгоцоо улам дээш нь хөөргөж байгаа нь бас л билэгдэл бүхий уран сайхны гайхалтай шийдэл. Ингэж л тайлбарламаар юм билээ. Би цөөхөн жишээ дурдсан байх. Цааш яривал бий. Монголын кинонд яримаар өөр нэг сэдэв гэвэл өвгөдийн ухаан. Үүнийг хэдэн жилийн өмнө судлаач Дэ.Мягмарсүрэн гуай нэг удаа хэлсэн. Мянга мянган жилийн туршид амьдралын хар ухаанаар байгаль хийгээд хүн хоорондын харилцааны адармааг зөв тайлж чадсан өвгөдийн сургамж үнэхээр Монголын кинонд байжээ. Үүнийг би сая “Чонон сүлд” киноны Билигт өвгөн болоод Монгол киноны өвгөдтэй харьцуулж бодоод яахын аргагүй үнэн юм гэж ойлгосон. Монгол өвгөд ч мөн хэрсүү айхтар ухаанаар амьдрал таньж шүү гэж ойлгогдоно.

Түүнээс хойш бодоод яримаар санагдаад болдоггүй. Тэгээд дотроо тоолж үзсэн юм. Ийм зохиолыг цөөн хэдэн хүн бичсэн байна. Мэдээж эхлээд Ламзавын Ванган гуайгаас эхлэх нь зүйтэй. Кино зохиолын хувьд энэ хүний дээр гишгэх хүн байхгүй гэж бодно. Жараад онд бүтээсэн Дэжидийн Жигжид гуайн “Түмний нэг” кино. Залуу багш Чимид Германы хайгуулын хүмүүс дагаж яваад олсон цөөн янчаанаараа сайн морь амиа алдан байж худалдаж авдаг. Чимэд хүү “Магсар гуай миний энэ морь ямар вэ. Энэ шүү дээ” гэхэд “Чамайг чинь овоо бузгай хүү болж гэж бодсон. Муу ээж нь дуулсан бол... Магсар гуай байгаагүй бол чи өдийд ингээд зогсох болов уу. Сайн хүлэгтэй хүн алзахгүй ээ” гээд талархсан дотно сэтгэлээр зэмлэх сайшаахын дунд хэлнэ. Гэтэл нөгөө талд баяны хүү Гүрсэд гэртээ орж ирэхэд нутгийн баян “Чи нэг айн гээд хүн шиг сонсож бай. Энэ Чимэд хүртэл үнэрийг нь авчихаад эрдэм ном гэж явна” гэхэд хүү нь уурсан “Муу Чимэд үү” гээд араас нь яаран гарах гэхэд “Чи байз. Хамаг учир нь энэ Жав тарвагачны хүүд байгаа юм биш ээ” хэмээн хүүдээ хэлнэ. Нийгмийн зөрчил ангийн ялгаврыг маш тод томруунаар харуулсан хэсэг энэ юм. Монгол киноны өвгөд олон кинонд бий. Алт шиг гялалзах авьяастай сайхан жүжигчид бүтээж.

Бас л нөгөө “Өглөө” кино. Хэдэн хүн Хүрээний шуугиур захын гадаа тойрч суун хууч хөөрнө. Энэ үед гоймон баатар тэдэн дээр ирнэ. Нэг хөгшин ам халж “Тэгээд одоо энэ шуудайнд чихсэн үхрийн эвэр шиг түмнийг чинь хэн захирдаг байна аа” гэхэд гоймон баатар “Яагаав та бид нар” гэхэд “Пээ над шиг муу чавганцаа толгой дээрээ гаргачихсан амьтан энэ олныг захирна гэдэг ч ёстой нөгөө шуудайны амыг нь уруу нь харуулаад сэгсэрнэ гэгч болох бий” гэхэд нөгөө өвгөн “Олноороо хэлэлцээд баривал ч бас юу нь болохгүй” гэж хэлж байна. Жаахан үзэл суртал цухалзавч жирийн ардын яриа яах аргагүй мөн юм. Ингэж ярих хүмүүс одоо ч хаа нэгтэй байж л байх бий. “Моторын дуу” кино бас л сайхан. Нэг нь гарын уртай дархан нөгөө нь уясан морио хурдлуулах гэсэн нутгийн уяач өвгөн. Дархан өвгөн “Хийсэн аяганы маань сэнж нэг хүний биш хэдэн үед нь гарын ая даах юм юм хийе гэсэн дээ нүд чилээж л сууна даа” гэдэг. Уяач өвгөн “Би ч ялгаагүй бас уясан хүлэг бүхэн маань түрүүлээсэй л л гэж бодох юм” гэх.

Энэ бол монгол хүний ухаан өвгөдийн философиор амьдралын чин зорилгыг залуучуудад сургаж байгаа эрдэнэт үг. Үүнийг монгол зохиолчид зүгээр нэг бичээгүй. Ямар сайндаа л “Анхны алхам” кинонд буриад Базар өвгөн залуу агрономч охин цэцгийн нэр хэлээгүйд уурсаж “Тэнд багш нар эрхлүүлэх энд бид эрхлүүлэх. Магтаал хэзээ ч оройтдоггүй юм” гэж байхав. Энэ бол бас л үг шүү. Л.Лувсан, Д.Чимэд-Осор, Гэндэн, Бат-Очир, Нямын Цэгмид, Цагааны Цэгмид, Шаравдоо, буриад гэх Самдангийн Цэрэндаш, Н.Дугарсанжаа,Ж.Занабазар, Доржийн Сэдэд, З.Цэндээхүү, Б.Мижиддорж гуай гээд нэрлэвэл мөн олон сайхан өвгөд нүдэнд харагдах бий.

Бунтар найруулагчийн “Ирж яваа цаг” кинонд Лувсан гуайн тоглосон Багаяа өвгөн “Охин үр минь өөрөө очдоггүй юм шүү” гэж сэтгэлээ шавхан хэлж байгаа хэсэгт өвгөний нүднээс асч унтарсан харуусал эмгэнэл хичнээн хүчтэй бидэнд тусдаг билээ. Байдий гуай гэж сайхан жүжигчин байлаа. “Үүрийн цолмон” кинонд “Шинэ баян цээж өвчтэй гэдэг” гэж хэлээд сагсуу баян залууг тохуурхан “Дүү минь ахмад хүний үгийг суудал ханатал сонс гэсэн юм. Юм учиртай шүү” гэж хэлж байгаа нь ч өвгөний ухаан бас монгол ухаан. Тоолоод тоочвол мөн олон кино байх юм. Мэдээж энэ бүхний цаана киноны Монголын зохиолчид байсан буй заа. Ахмад үеийнхний бүтээл бүрт анзаармаар, судалмаар юм мөн ч олон байна. Эх нутаг, энгүүн амьдрал, хүний сэтгэлийн сайн мууг таньж, нээж газар дэлхийнхээ төлөө санаа зовсон монгол киноны өвгөдийн ухаан дэлхийн хүмүүст уг нь хүрсэнсэн бол бас юм бодуулах л байсан байх даа.

Нийтэлсэн: Г.Золжаргал

Өвгөдийн ухааны учир  
Үзсэн: 3316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-03-24 21:44
Owgodiin uhaanii uchir ih ee ih.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-03-24 11:06
103.26.195.xxx Малаа чи өөрөө сайн уншаач... Энэ мэдээ биш дурсамж нийтлэл байна. Ухаангүй тэнэгээ гайхуулхын... Тэгээд ч Г.Золжаргалын дэргэд чи хэн бэ...
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-03-24 11:02
Киноны тvvх жигжидээр эхэлсэн юм шиг л бичих юм сайн уншиж судлаж байж мэдээ бичиж баймаар юм суга п изда чинь

Бидэнтэй нэгдээрэй