Шууд Chart

Дөчин жилийн явдал буюу тавь руу очих алхаа

2015-04-01 11:06:11

-Номд оруулахаар зэхсэн дурсамж өгүүллэгээс хэсэгчлэн авав-

...Нар хиртсэн дуулиант тэр явдал хаврын эхэн сар гармагц Олон улсын эмэгтэйчүүдийн баяр маргааш өглөө нь тохиосон гэвэл уншигч та чухам хэзээ болсныг төвөггүй мэднэ. Хаврын амьсгал арай ядан орж байсан тэр өдрүүдэд Монголын Үндэсний Телевиз тэр чигээрээ хөдөлж Дархан хотод очсон юм. Түм түчигнүүлж бум бужигнуулсан урин хаврын тэр хоёр өдөр уран бүтээлчид, техникийн ажилтнуудын маань ур чадвар, авхаалж самбаа, авьяас чадвар, техник тоног төхөөрөмжийн хүч, боломжийг сорьсон ланжгар том ажил ундарч билээ. Чухам эндээс л телевизийн дөч дэх арван жилийн шинэ хуудас эхлэх учиртай.

1996 оны эцсээр Монголын Радио Телевизийн Хэрэг Эрхлэх Газар тухайн үеийн нэр төртэй бизнесийн нэлээд байгууллагатай хамтран Монголд анх удаа “Гоо марал” урлагийн дээд шагнал гардуулах уран бүтээлийн их наадам зохион явуулсан юм. Анхны юм удтал мартагддаггүй. Америкийн кино урлагийн академийн шагнал “Оскар”-ыг нэлээн дууриаж зохион явуулсан нь чухамдаа тэр оныхоо хамгийн том үйл явдлын нэг болсон байх. Манай Хэрэг Эрхлэх Газрын даргаар /МРТХЭГ/ томилогдоод удаагүй байсан Ц.Мөнхтөр болон Боролдойн гэдэг нэрээр олны танил болсон овсгоотой эр С.Мягмарын санаачилсан үнэхээр “том” наадам болсон юм.

Тухайн үед одоогийн “UBS” болон “Ийгл” телевизүүд өдөр тутмын нэвтрүүлэгтэй байсан тул урлагийн анхны тэр наадмын телевизийн “номинацид” нэлээд олон уран бүтээлч оролцож өрсөлдсөн. Монголын Үндэсний Телевизийн сэтгүүлч Г.Золжаргал, найруулагч Ө.Цэвэлсүрэн нар тус тусын бүтээлээр хоёр номинацид тэргүүн шагнал хүртсэн. Тэдний хэн, хэн нь телевизийн сэтгүүл зүйн төрөлд шинэлэг бүтээлээр энэ шагналын эзэд болсон юм.

Гэвч дөрөв дэх арван жилийн тухай ярихын өмнө түүнээс найман жилийн урьд юу болсон тухай товчхон өгүүлэх шаардлага байна. 1991 он гарахад Монгол телевизийн бүтэц зохион байгуулалт нэлээд өөрчлөгдсөн байлаа. Өмнөх гучин жилд Монголын үндэсний телевиз редакцийн системээр ажиллаж байсан бол улс орон нээлттэй нийгэмд шилжсэний дараа бие даасан үйл ажиллагаатай студийн бүтцэд шилжсэн юм. Энэ нь хэд хэдэн учир шалтгаантай байв. Уран бүтээлийн төвлөрсөн удирдлагаас татгалзаж чөлөөт сэтгэлгээ, эрэл хайгуулыг дэмжин, санхүүгийн хувьд бие даасан студиуд зохион байгуулав. Энэ нь уран бүтээлийн хамтлагууд өөрсдөө орлоготой ажиллан, техник тоног төхөөрөмжөө сэлбэх зэргээр телевизэд тохиолдоод байсан тухайн цагийн эдийн засгийн зарим бэрхшээлийг даван туулах учиртай байв. Үзэгчид тэр үеийг мартаагүй санаж байх учиртай. Спортын нэвтрүүлгийн “Цэнхэр гариг” залуучуудын нэвтрүүлгийн “Үдшийн хэмнэл”, цэнгээнт нэвтрүүлгийн “Титэм”, “Хар энтертаймент”, “Хар хул”, “Эе-эв” гэх зэрэг 30 гаруй студи бий болсон байв. Энэ зохион байгуулалт гурван жил хагас үргэлжилсэн. Сайн ч юм, саар ч юм байсныг үгүйсгэх аргагүй. Тэр тухай уран бүтээлчид маань тодорхой дурсан ярьдаг. Олон студиэс бүрдсэн мэдээллийн энэ том байгууллага дөрөв дэх арван жил рүүгээ нэлээн эрч хүч, эрэл хайгуултай орсныг бид сайн санана.

“Боролдой” студид түшиглэсэн хэсэг залуус 1997 оны 12 дугаар сараас бэлтгэж он гармагц анх удаа шөнийн нэвтрүүлэг эхлүүлэв. Энэ нь арваад жил үргэлжлэн явсан “Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн эхлэл юм. Радио Телевизийн Дээд сургуулийн төгсөх ангийн оюутан Б.Баярмаа, Д.Оюухүү зэрэг залуучууд мөн өглөөний хөтөлбөр эхлүүлсэн. Харин шөнийн нэвтрүүлэг нь сэдвийн хувьд чөлөөтэй, амралт цэнгээнт хэлбэрийн булан хуудастай , тэр нь янз бүрийн материалаас түүсэн сонирхолтой мэдээлэл өгдөг байлаа. Шөнийн нэвтрүүлгийг сэтгүүлч редактор Ч.Батцэнгэл, Д.Туул нар хөтөлсөн. Тэр үеийн бичлэг одоо хадгалагдаж үлдсэнийг үзэхэд залуучууд эфирт тун дажгүй хөтөлж байсан нь тухайн цагт шаардлага их өндөр тавьдаг байсан нь харагдана. Тэгвэл 1997-1998 оны хооронд залуучуудын төдийгүй нийгмийн амьдралын бүхий л асуудлыг соргог мэдэрч, сонирхолтой нэвтрүүлэг бэлтгэж байсан нь “Үдшийн хэмнэл” студи. Тэдний уран бүтээлчид “17 чингэлэг спиртийн хэрэг”, “Гүнтийн буудалцаан”, “Гэй ч байна лесби ч байна", "Би эрлийз над эрх байхгүй юу" зэрэг багагүй дуулиантай сурвалжлага нийтлэлүүд хийсэн нь тухайн үед Монголын нийгэмд нэлээн шуугиан тарьж билээ.

Нэвтрүүлгийг сэтгүүлч Г.Золжаргал, найруулагч Го.Бадарч, дадлагажигч редактор Ч.Батцэнгэл, Д.Туул нарын уран бүтээлчид бэлтгэж байв.Телевизийн программын нийтлэлийн бодлого гэж яривал бие даасан студийн үндсэн нэвтрүүлгийн төлөвлөгөөнд тусгасан янз бүрийн асуудал орж байв. Үнэндээ нэвтрүүлгүүд илүү чөлөөтэй, бас янз янзын сэдэв хамарсан, нийгмийн давхаргын олон төлөөлөл оролцох боломжийг нээн өгч байсан ч улс орны хэмжээний тулгамдсан чухал асуудлууд далайцтай хөндөгдөж чадахгүй байсан дутагдал гарч байв. Нэвтрүүлгийн сүлжээ чөлөөтэй болсноор цэнгээнт болон төлбөрт нэвтрүүлэг, хөтөлбөр олширч, нэлээд нь нийтлэл уран сайхны зохих түвшинд хүрэхгүй бас ч хэлбэр сэдвийн хувьд аятайхан болж байж. Гэвч бас сэдэв хоорондоо давхардах байдалтай болж эхэлсэн. Гэхдээ “Теле кафе”, “Тв караоке”, “Би чадна” зэрэг цэнгээнт шинэ нэвтрүүлгүүд үзэгчдийн талархал хүлээж байв. Энд мөн залуучуудад зориулсан хөгжим мэдээллийн “Хит” хөтөлбөрийг нэрлэнэ. “ХИТ” нэвтрүүлгийг Монголын радиогийн 2-р суваг болох “Хөх тэнгэр” радиод ажиллаж байгаад Монголын Үндэсний Телевизэд шилжиж ирсэн редактор хөтлөгч Д.Давааням, Д.Ганчимэг нар анх эхлүүлсэн юм. Нэвтрүүлгийн санааг тэр үед Программын даргаар томилогдож ажлаа эхлээд байсан сэтгүүлч Цагааны Оюундарь гаргасан.

Харин хөдөө орон нутгаас бэлтгэх сурвалжлагын нэвтрүүлэг цөөрч байлаа. Энэ нь бие даасан студиуд төлбөрт нэвтрүүлэг олдохгүй бол зардал мөнгө хэмнэх гэж хөдөө явдаггүй байсантай холбоотой. Яагаад гэвэл унаа уншнаас эхлээд л өч төчнөөн мөнгөний асуудал гардаг байлаа. Гэсэн хэдий ч Монголын нийгэм зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй орж, үйлдвэр үйлчилгээний бүхий л салбарт их бага хувийн хэвшлүүд үй олноороо бий болж эхэлсэн нь телевизийн эфирт төлбөртэй нэвтрүүлэг, зар сурталчилгааны эзлэх хувийг нэмсэн аятай орчин бий болж байж билээ.

Үндэсний телевизэд “АСА” буюу Арилжаа сурталчилгааны алба нэртэй тусгай редакц бий болж, өдөр тутмын хөтөлбөрт ойролцоогоор 25 минутын дүрстэй, дүрсгүй зар нэвтрүүлдэг байв. Улаанбаатар хотод рекламны студиуд ч хаа сайгүй бий болж, нэг үеийг бодвол дүрстэй сурталчилгааны уран сайхны түвшин хавьгүй дээрдсэн байв. Гэвч дийлэнхдээ л гоо сайхан үнэртний бараа борлуулдаг “Даламал” компанийн сурталчилгаа телевизийн дэлгэцийг бүхэлд нь эзэгнэсэн жил байж билээ - Намирсан зөөлөн гээд л Б.Гантигмаа нэвтрүүлэгчийг уншихад дуу хоолойны өнгө бас хэлдэг үгийг нь хүүхдүүд бүгд цээжилчихсэн байсан юмдаг.

1999 оны өвлөөс Монгол Улсад суугаа гадаад орнуудын элчин сайдын яам, консулын газрууд оролцдог нэгэн шинэ нэвтрүүлэг нэмэгдэв. Энэ хөтөлбөрийг авьяаслаг сэтгүүлч эмэгтэй асан Б.Баясгалан найруулагч Б.Пүрэвсүрэн, Б.Жаргал /МУСГЗ найруулагч/, редактор Г.Золжаргал, хөтлөгч Д.Нарантуяа /МУСГЗ нэвтрүүлэгч/ нар бэлтгэж эхэлсэн. Нэвтрүүлгийн онцлог гэвэл манай улсад суугаа элчин сайдын яамдууд өөр өөрийн улс орны соёлын өв, бүжиг дуу хуурын дээжээс дэлгэрэнгүй тавьж үзүүлэн сурталчилдаг бүрэн хэмжээний цэнгээнт хөтөлбөр байв. Нэвтрүүлгийг “Татах хүч” гэж нэрлэсэн юм.

Үзэгчдийн талархал хүлээсэн бусад уран бүтээлээс гэвэл “Цэнхэр гариг” студийн спортын нэвтрүүлгийг дурдаж болно. Залуу редактор Ц.Тамир найруулагч Л.Дуламсүрэнтэй хамтран дэлхийн спортын шилдэг тамирчид хийгээд, Америкийн сагсан бөмбөг, дэлхийн хөлбөмбөгийн сонирхолтой тоглолтуудаас сонгон эвлүүлж өөрөө тайлбарлан бэлтгэж байлаа.
Удалгүй “Үдшийн хэмнэл” студид ирсэн сэтгүүлч Ч.Батцэнгэл, найруулагч Д.Ганзориг нар тухайн цагт залуу үеийнхний дууриал, “шүтээн” болж байсан “лидер” залуус оролцдог “Бид” нэвтрүүлгийг санаачилсан юм. Нэвтрүүлгийн бүтэц нь ярилцлага, сурвалжлага байсан ч зураг авалт, эвлүүлгийн хэв маяг, донж нь тухайн онд үзэгч залуусын шимтэн үздэг, шинэлэг нэвтрүүлэг болж үнэхээр чадсан байлаа .

Хэдийгээр олон жижиг студи бужигнаж байсан ч телевизийн Программын алба сонирхолтой нэвтрүүлгийн эрэлд мордож янз бүрийн юм санаачилдаг л байв. Гэхдээ энд тэндээ алдаж онох нь бишгүй. Ер нь их эрх чөлөөтэй ажиллаж уран бүтээлчид юу санасанаа хийдэг өргөн зам нээгдэж л орхисон хэрэг. Тэглээ гээд бодлого урын сангийн хувьд ерөнхий голдирлоосоо төдий хазайсан нь лав үгүй. Амьдрал ч хаа сайгүй сонирхолтой өрнөж байлаа. Харин нийгэм эдийн засгийн асуудлыг хөндсөн сайн нэвтрүүлэг үгүйлэгдсэн хэвээр байсан нь Программынхны санааг зовоож байв. Тэгээд шинэ нэвтрүүлэгтэй болсон. Манай амьдралд бугшсан янз бүрийн асуудлын барьж ярьдаг “Эвлүүлэггүй яриа” шууд нэвтрүүлгийг гаргах болж удалгүй олон хүн үздэг болсон юм. Өнөөдөр хүмүүс "Цензургүй яриа" гээд шуугиж л байна. Гэтэл хаа тэртээ 1997 онд “Эвлүүлэггүй яриа” гээд л гаргаж эхлэхэд нийгэм шуугиад л эхэлсэн. Шууд ярилцлагын ач холбогдол тун чухал байв. Студид улс төрийн зүтгэлтэн, бизнесмен, олон нийтийн байгууллагын тэргүүн, гишүүд , нэр төртэй хүмүүс оролцож байв. Ардчилсан нийгэмд мэдээллийн эрх чөлөөг амсаад бид бүхэн лав долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж байсан биз. Тэр үеийн телевиз одоогийнх шиг ийм олон байсангүй. Манайхыг мэдээлэл, нийтлэл талдаа хувьсгалт намаа баримталсан максималист гэж шүүмжилж байв. Орон даяар нэвтрүүлгээ цацдаг цорын ганц телевизийн хувьд толгойгоо өөрөө бүрэн мэдэж авч явна гэдэг амаргүй ээ.

Долоо хоногт хоёр удаа явуулж байсан “Үзэл бодол” нэвтрүүлгийг тэр үедээ нэлээн либерал баримтлалтай байсан гэж хэлж болох юм шиг байна. Олон янзын хүмүүс орж байсан даа. Сэтгүүлч Г.Бадамсамбуу, Д.Цондовдорж нарын улс төр нийгмийн сэдэвтэй “Нэмэх Хасах” гэдэг нэртэй ярилцлага сонирхолтой болж үзэгчид санал бодлоо их ирүүлдэг байв. Ардчилал, ил тод байдал манай иргэний нийгмийн бүхий л салбарт улам бүр гүнзгий нэвтэрч, олон нийтийн дуу хоолойг төр засагт хүргэх зайлшгүй шаардлага хар аяндаа л урган гарч байсныг бид сайн мэднэ. Монголын Үндэсний Телевиз түүнээс нэг ч нүүр буруулж зугтаагүй. Харин ч хөтөлбөр сүлжээндээ аль болох түлхүү тусгахыг оролдож байсан. Шинэ шинэ нэвтрүүлгүүд олон гарсан юм шүү. Үзэгчдийн улс төр, эдийн засгийн түүх болоод боловсрол, танин мэдэхүйг гүнзгийрүүлэх зорилгоор “ХХ зууны шинэ товчоо” гэдэг шинэ нэвтрүүлгийг редактор Н.Наранцэцэг залуучуудад зориулан бэлтгэж эхэлсэн. Энэ нэвтрүүлэг баримт материал сайтай, хийц хэлбэр нь бусад нэвтрүүлгээс арай өөр болж байлаа. Тэр үедээ шинэлэг сонирхолтой л харагдаж байсан юм. Ер нь 1990-ээд оны сүүлчээр та бидний амьдралд, ялангуяа залуучууд, оюутнууд болон ажил хэрэг, албан тасалгааны хүмүүсийн өдөр тутмын амьдралд компьютер хүчтэй нэвтэрч эхэлсэн дээ. Үндэсний телевиз “Компьютерийн ертөнц” нэртэй теле хичээлийг долоо хоногт хоёр удаа явуулж эхлэв. Энэ мэт тоочвол олон сонин үйл явдал бий. Гэвч телевизэд нэг салж өгдөггүй өвчин байлаа.

Байсгээд л нэг шинэ дарга ирнэ. Тэгээд л дотоод бүтэц зохион байгуулалт өөрчлөх тухай яриа дэгдэж удалгүй ширээ сандлаа зөөж эхэлнэ дээ. Гурав нүүсний дараа нэг шатсаны дайтай гэж армян үг бий. Олон студи бужигнаж дарга цэрэг ирж буцсан тэр хэдэн жил манай хоёр давхрын өрөөнүүдэд бүтэн сандал, ширээ байсан юм уу бүү мэд. Усны шувууд шиг ирж, буцах олон дарга цэргийн дүйвээнээр нэг л мэдэхэд сүлжээ өөрчлөгдөж хүмүүс бужигнан заримд нь инээд заримд нь ханиад болдогсон. Ийм байдал мөн ч олон жил үргэлжилжээ. Амьдрал угаасаа ийм юм даа. Нийтлэлийн бодлого их өөрчлөгддөг байсан. Үүнээс болж нийгмийн “чухал чухал ” сэдвүүд алаг цоог орхигдоно. Үүний нэг нь эрүүл мэндийн сэдэв байсан. ЭМЯ-ны дэргэдэх “ЭСС” студиэс “Эмчгүй газарт” нэртэй нэвтрүүлгийг тогтмолжуулж эхэлсэн нь дээрх бодлогын алдааг нөхсөн ч гэх үү, аргацаасан ч гэх үү нэг тийм явдал болж л байлаа. Гэвч Программын хэлтсээс нэвтрүүлгийн бодлогын асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцэж байж 2000 он гармагц, эрүүл мэндийн сэдвээр “Жаргалан жаргалан” гэдэг нэвтрүүлэг бэлтгэдэг болсон юм.

Залуучуудад зориулж ёс суртахуун болон нийгмийн ардчиллын тухай залуу иргэдийн санал бодлыг нээлттэй сонсох зорилгоор мэтгэлцээний хэлбэрт “Нэвтрэх шугам” хөтөлбөрийг долоо хоног бүр явуулна. Энэ нэвтрүүлгийг сэтгүүлч Х.Назгуль эрхлэн бэлтгэж байв. Энэ редактор бүсгүй өмнөх жилүүдэд “Онцлох хүн” нэвтрүүлэгт ажиллаж чамлахааргүй туршлага хуримтлуулсан хэрдээ туршлагатай сэтгүүлч байлаа. Өмнө нь хийдэг байсан. V.I.P буюу “Онцлох хүн” нэвтрүүлэг үнэхээр олон түмэнд хүрч байсныг одоо ч хүмүүс дурсан санаж байдаг. Хэдийгээр шинэ нэвтрүүлгүүд олноор гардаг байсан ч дэлгэцэнд уддаггүй байв. Сайндаа л хэдэн долоо хоног болоод алга болно. Энэ нь дээр хэлсэнчлэн байсхийгээд солигддог дарга удирдлагатай холбоотой бас өөр телевиз рүү дур мэдэн явчихдаг зарим нэг зоргоор уран бүтээлчдээс шалтгаалж байсан юм. 1997 он гармагц олон түмний нүд бүлтийж, чих дэлдийлгэсэн нэгэн дуулиант нэвтрүүлэг үзэгчдэд хүртээл болсон нь яах аргагүй “Зууны луйвар” нэртэй цуврал юм. Нэвтрүүлгийг тухайн үед “Ийгл телевиз”-д дөнгөж очоод байсан сэтгүүлч Ц.Оюундарь хөтөлсөн.

“Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэрийн удирдлагууд хамтарсан үйлдвэрийн хөрөнгө төсвөөр дур мэдэн гар хөлөө угааж, дэлхий даахгүй баян тарган болсон хийгээд ард түмний баялгийг амаар гартал идэж уусан талаар олон баримт сөхсөн нийтлэлийн айхтар нэвтрүүлэг гарсан юм. Энэ нь бас эрэн сурвалжилсан шинжтэй болохоор хүмүүсийн хэрэгт дуртай сэтгэлийг улам дэвэргэсэн буй аа. Тэгээд Үндэсний телевизээр гарсан болохоор хөдөө гадаа явахад хүмүүс биднээс өчнөөн юм асууна. Тэр үед нууц баримт сөхөж, хэдэн тэрбумын тоо хэлж “луйвардсаныг” дэлгэн тавьсан эл нэвтрүүлгийн үеэр Монголын нийгэм бүхэлдээ цочсон байх. Телевиз үнэхээр хүчтэй зэвсэг. Гэвч аливаа юм хоёр талтай. Хожим эл дуулиант хэргийн эзэн “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг цагаатгагдахад бүх телевизүүд эргээд түүнийг үгээ олохгүй магтаж байсныг ч санаж байна. Тэр мөртөө Зууны луйварчин маань улайчихаад байсан улсынхаа дансанд 22 тэрбум төгрөг үйлдвэрээсээ бэлэн гаргаж өгөхөд Монголын ард түмэн нэг удаагийн цагаан сарын ам олохгүй бууз, банштай угтсан биз ээ.

Тэр явдлыг олон жилийн хойно нэхэж эргэцүүлэхэд тун хачирхалтай сонин санагдана. Гэхдээ яах аргагүй л болоод өнгөрсөн явдал. Гэхдээ л “Зууны луйвар” нэвтрүүлэг Монголын сэтгүүл зүйд эрэн сурвалжлах чиглэлийг зориглон нэвтрүүлж чадсан анхных нь юм даа. Энэ авлига, хээл хахууль албан тушаал урвуулан ашигладаг хүмүүс байдаг юм гэдгийг анхлан хэлсэн шинэ нэвтрүүлэг байжээ. Ёстой л “Салхич шувуу” -ны дуу болж исгэрсэн гэж зарим нөхөд маань магтдаг. Магадгүй юм аа. Гэхдээ бас учир бий. Үүнээс өмнө нэрт сэтгүүлч, ахмад сурвалжлагч Г.Жамъян /МУСГЗ/ тэртээ 1970-аад оны сүүлээр орос цэргийн дарга нарын буруугаас автобус дүүрэн монгол ажилчид шатсан тухай бичиж, насаараа хэлмэгдэн дарагдаж байсныг мартаж болохгүй. Залуу сэтгүүлч бүсгүй Ц.Оюундарь эл цувралаараа сэтгүүлчдэд сэрж босох, идэвхитэй бичих, уриа дуудсанаараа хожим ийн дурсагдаж байна. Яахав түүнээс олон жилийн дараа эрэн сурвалжлах чиглэлийн дуулиан тарьсан олон сурвалжлага нэвтрүүлэг гарсан. Үгүйсгэх аргагүй. Өнөөдөр олон телевиз ажиллаж байна. Манайх анхдагч, манайх манлайлагч гээд л өөр өөрсдийгөө дүрстэй, дүрсгүйгээр нэвтрүүлгээр жигтэйхэн магтах болж. Болно оо. Гэвч өмнө нь ургасан чих байдгийг хойно гарсан эвэрнүүдэд хааяа сануулж байхгүй бол эцэстээ Монголд хэн нь телевизийг байгуулсан юм бэ гэвэл юу ч хэлж мэдэх л болжээ.

1998 онд батлагдсан манай улсын “Хэвлэлийн эрх чөлөөт байдлын тухай” хууль нь Монголын сэтгүүлзүй, сэтгүүлчид, олон нийтийн мэдээллийн бүхий л хэрэгслийн үйл ажиллагаанд шинэ гарц, үүд хаалга нээснийг бид сайн мэднэ. Энэ хууль батлагдсанаар МҮТВ-ийн нэвтрүүлгийн бодлого, бүтэц, үйл ажиллагаанд ч бас тодорхой нөлөөлж өөрчлөлтийн зам руу далласан нь ойлгомжтой. Амьдралын хүрд бүр хурдан эргэх болжээ. Телевиз нийгмийн сэтгэлгээний түрүүнд үргэлж ярьж уриалж дуудаж явах нигууртайг өнгөрсөн олон жилийн явцад тодорхой харсан учир бид дахиад л хөдлөх хэрэгтэй. Хөдлөх учир зорилгоо бид нийгмийн захиалга л гэж ойлгож явсан. Урагшаа хөдөлж дэвшил рүү дөхнө.

1990-ээд оны сүүлийн найман жилд телевизийн дэлгэцээр харуулсан, үзүүлсэн, ярьсан бүгд их л ирмүүн хүсэлтэй ажил мэргэжилдээ үнэн сэтгэлээ өгч зүтгэсэн шинэ үеийнхний чармайлт байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэтэл 2000 он гармагц бас л сонирхолтой амьдрал эхэлсэн. Одоо хоёрхон жилийн дараа тавь дахь жилийн өндөрлөгөөс дахин дүгнэж харах хэрэгтэй болно. Цаг хугацаа гэж...

Нийтэлсэн: Г.Золжаргал

Дөчин жилийн явдал буюу тавь руу очих алхаа   
Үзсэн: 4118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.31.xxx [122.201.31.xxx] 2015-04-05 01:25
bitgii bylangachlaad bai

Бидэнтэй нэгдээрэй