Шууд Chart

Д.Нямаа: Манай зохиолчид шилдэг, шинэ уран бүтээлээ сэтгүүлийн цахим хаягаар ирүүлээрэй

2015-04-07 09:06:51

“УЛИРАЛ ба ЗОХИОЛЧ” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч, МУСГЗ яруу найрагч Данзангийн Нямаатай цөөн хором хөөрөлдлөө.

-“Улирал ба зохиолч” сэтгүүл хоёр дахь жилдээ гарч эхэллээ?
-Тэглээ, цаг хугацаа ч цахилах юмаа, ноднийн өдийд анхны дугаараа эх барьж авч байлаа, одоо тэгтэл тав дахь дугаараа өлгийдэв шүү.

-Зохиолч бид уран бүтээлээ хэвлүүлэх шинэ индэртэй болсондоо баяртай байгаа, уншигч захиалагчдын тоо өсч байна уу?
-Өсч байгаа шүү, аймаг, нийслэлийн бүх номын сан захиалдаг болсон тэр ч байтугай хамт олноороо захиалан уншдаг оюунлаг хамт олон ч  бий болж байна. Тухайлбал бригадын генерал Б.Билэгт даргатай ШШГЕГ, төрийн шагналт эрдэмтэн Л.Хүрэлбаатар захиралтай “Монос” группийн хот хөдөөгийн бүх салбарынхан, миний төрөлх сум Баянхонгор аймгийн Баян-Овоо сумынхан, за тэгээд хөдөөд сууж уран бүтээлээ туурвидаг зохиолч, сэтгүүлч, яруу найрагчдыг нэрлэх ёстой. Ховдоос Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Хэнтийгээс Д.Гансүрэн, Говьсүмбэрээс Д.Батмэнд гээд нэрлэвэл урт жагсаал гарна даа.

 -2015 оны хаврын дугаарт шинээр ямар уран бүтээл орж байгаа вэ?
 -Тухайлбал Д.Урианхай зохиолчийн “Цонхны цаанах нэг хачин хүн, цонхны наанах бас нэг хачин хүн” гэсэн  маш сонирхолтой, онцгой содон өгүүллэг бий. Бас Ардын уран зохиолч Т.Галсангийн цоо шинэ “Хилийн овооны нууц” гэсэн адал сэдэл найраглал байна. Хүүхдийн зохиолч Д.Содномдоржоос Д.Гармаа гуайд бичсэн захидал, зохиолч С.Товуудоржийн тэмдэглэлийн дэвтрийн хуудас доторх Н.Нямдорж найрагчийн тухай, за тэгээд эртний хятадын сонгодог зохиолч Пү Сүнлины шидэт өгүүллэгүүдийг уншиж болно. Өөр олон сонирхолтой “юмс” бий, 180 хуудастай сэтгүүлийн бүх материалыг нэрлэж дуусна гэж үү.

-“Монгол туургатны яруу найраг” нэртэй булан хуудас байдаг.
-Тийм шүү, энд монгол туургатан яруу найрагчдын шилдэг бүтээлээс тавьдаг юм, Өвөрмонгол, Буриад, Халимаг, Якут, Тува, Шинжаан-Уйгарын яруу найрагчдын шүлэг зохиолоос нийтэлдэг, тэд ч бүтээлээ ирүүлж сурч байна. Энэ удаагийн дугаарт гэхэд л Якутын нэрт яруу найрагч Елина Коурсуннаах, Өвөрмонголын залуу яруу найрагчдын шүлгүүдийг сонирхон уншаарай.

-Танай сэтгүүлийн “ХӨӨРӨЛДӨӨН” надад төдийгүй зохиолчдод ихэд таалагддаг юм.

-Юуны өмнө авьяаслаг орчуулагч дүү Г.Лхагвадуламд талархах ёстой юм, би ч “ХӨӨРӨЛДӨӨН”-өө дахин дахин унших дуртай. Аугаа улсууд гэдэг хэзээ ч аугаа аж. Тэдний үгс, үзэл санаа, уран зохиолын тухай бодролууд өнөөдөр ч үнэ цэнэтэй байгаа юм. Уг нь хагас зуун жилийн өмнө, зарим нь 10, 20 жилийн өмнө өгсөн ярилцлагууд шүү дээ.  Өмнөх дугааруудад И.Бродский, Г.Маркес, Жан Пол Сартр, Пабло Нерудагийн янз бүрийн цаг үед, дэлхийн нэр хүндтэй сонин сэтгүүлд өгсөн ярилцлагууд орсон. Энэ дугаарт бол Владимир Набоковын ярилцлага орж байгаа. Тухайлбал Набоков “яруу найраг бол утгагүйтлийг утгажуулах нууц” гэсэн байгаа юм шүү дээ.

-Танай сэтгүүлд монголын сонгодог уран зохиолын тухай эрдэмтэн судлаачдын  тайлбар, эссэ , бичвэрүүд гардаг нь оюутан сурагчид, шинэ залуу судлаачдад их хэрэг болдог юм уу гэж бодсон, миний нэг оюутан дүү “Монголын уран зохиолын гурван оргилын нэг нь Гэсэрийн тууж юм” гэсэн материалтай 2014 оны намрын дугаарыг минь гуйж аваад явсан, авчирч өгөөгүй л байна.

-“Улирал ба зохиолч” сэтгүүлийн нийтлэлийн гол бодлогын нэг бол эртний сонгодог монгол уран зохиолын тухай илтэд тодорхой түлхүү нийтлэх, тайлбарлан таниулах, тэдгээр зохиолын эхийн гал уураг шиг шидэт эрчимээр уншигчдаа цэнэглэх явдал юм. Анзаарсан бол: “Монголын нууц товчоо”, “Жангар”, "Гэсэр”, “Оюун түлхүүр” гээд л цувж байгаа даа, дандаа мэргэшсэн судлаач эрдэмтэдээр нь захиалга өгч бичүүлж байгаа, энэ дугаарт гэхэд л “Чингисийн эр хоёрын загалын тууж” -ийн тухай эрдэмтэн, яруу найрагч, дэд профессор Б.Хишигсүх бичсэн байгаа.

- Сэтгүүл 9 эрдэнийн хуудастай, алтан хуудас дээр нь гол төлөв зохиолчдын ойн тухай мэдээлэл гараад байна аа даа?

-Жил бүр зохиолчдын ой тохиодог. Энэ жил гэхэд л Д.Цэвэгмид -100, Б.Ренчин -110, С.Дашдооров, Н.Банзрагч нарын 80 гээд л цувна даа. Хаврын дугаартаа төр нийгмийн нэрт зүтгэлтэн, зохиолч Д.Цэвэгмидийн намтар, түүний тухай дурсамжийг тавилаа. Одоо зуны дугаартаа эрдэмтэн зохиолч Б.Ренчингийн намтар, дурсамж, зохиол бүтээлээс нь тавина даа. Дээрхи хоёр эрдэмтэдийн намтрыг л гэхэд манай уран зохиол оролддог залуус мэдэхгүй байна шүү дээ, гунигтай яа, аман яриа, аар саархан сурагийн хүрээнд л эргэлддэг бололтой.

-Маамуу нааш ир гээд хүүхдийн уран зохиолын булан байна?
-Тиймээ, манай хүүхдийн уран зохиолын мундагчуудын зохиол бүтээл гардаг юм. Д.Давааням, С.Дашдондог, Д.Батжаргал, О.Сундуйгийн хүүхдийн шүлгүүд гарсан, цаашдаа ч энэ булан байсаар байх болно.

-“Байхгүй юм байхгүй ном” гэдэг шиг л...

-Манай зохиолчид шилдэг шинэ уран бүтээлээ сэтгүүлийн цахим хаягаар ирүүлээрэй гэж хүсье. Тууж, найраглал, үгүүллэг, шүлэг, эссэ, дурсамж, замын тэмдэглэл, онигоо, наргиа, тэмдэглэлийн дэвтэр доторх сонин хачин нууц, ховор гэрэл зураг, захидал, занаа, афоризм, охь үгсээ уншигчидтайгаа хуваалцаарай. Сэтгүүлийн и-мейл: uliral_zokhiolch@yahoo.com. Бас захиалан уншиж, утга зохиолын төлөө хувь нэмэрээ оруулаарай.

-Хаагуур хэрхэн захиалах вэ?
-Монгол шуудан компанийн хот хөдөөгийн аль ч салбараас захиалан уншиж болно.  Мөн “Түгээмэл шуудан”, “Sky шуудан”, "Улаанбаатар шуудан” -гаар захиалах боломжтой.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Д.Нямаа: Манай зохиолчид шилдэг, шинэ уран бүтээлээ сэтгүүлийн цахим хаягаар ирүүлээрэй  
Үзсэн: 1562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
115.91.25.xxx [115.91.25.xxx] 2015-04-07 12:28
uneheer saihan setguul bn lee. Ih unshuushtai sain setguul. Amjilt husie
95.211.211.xxx [95.211.211.xxx] 2015-04-07 09:23
ounlag setguuk b.na lee
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-04-07 09:17
saihan setguul shuu

Бидэнтэй нэгдээрэй