Шууд Chart

“Тооцоогүй тоглоом”-ын тооцоогүй үйлдлүүд...

2015-05-15 11:28:03

Өнгөрөгч 8-ны өдөр кино театруудын дэлгэцнээ “Тооцоогүй тоглоом” уран сайхны кино нээлтээ хийв. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” киногоороо нэлээдгүй амжилт олохын хажуугаар басхүү шүүмжлэл ч дагуулаад амжсан “Хувьсал” продакшныхны шинэхэн уран бүтээл сонирхол татаж байсан тул нээлтийн үйл ажиллагааг сурвалжлахаар “Хүннү молл”-ыг зорьсон юм. Драмын театрын тайзнаа гялалзаж явсан МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нараар ахлуулсан “Хувьсал”-ын залуус өнгөлөг харагдаж, киноны нээлт ч залуусын алга ташилтаар эхэлсэн ч төгсөх хүртэл тэрхүү уур амьсгал хадгалагдаж чадсангүй. Үзэгчид киногоо үзэхээр суудалдаа тухлах тэрхэн үед хамгийн түрүүнд бодогдсон бодол “Энэ чинь аймшгийн кино бил үү”... 

Их хотын түгжрэл дунд машиныхаа дуут дохиог даран бухимдах эр рүү Нинжин хэмээх эмэгтэйгээс дуудлага ирж “Хэн нэгэнд алуулах гэж байна. Хурдан ирж авраач” гэж хэлснээр залуу машинаа замын дунд хаян бүсгүйн байгаа гэх шөнийн клуб руу гүйнэ. Эндээс л киноны тооцоогүй үйлдлүүд эхлэх аж. Залуу машинаа замын дунд хаяад гүйх хэсгийн дүрсийг харуулахад түүний машинаа орхисон замд сигналь дарж бухимдах түгжрэл гээд байх зүйл харагдсангүй. Бас болоогүй хэн нэгнийг аврахаар явж байгаа “баатарлаг” залуу хурдан очихоо бодож, хурдан аврахыг хүссэн бол түгжрэлээс холдоод такси барьж, аль эсвэл цагдаа руу утасдах хэрэгтэй байсан мэт... Гэтэл залуу бүсгүйн байх шөнийн клуб руу гүйсээр очих аж.

Шөнийн клуб. Улаан даашинзтай үзэсгэлэнт бүсгүйн дуунд уярах “хүүхдүүд”. Хүүхдүүд гэж хэлсэнд учир бий. Шөнийн цэнгээний газарт байх зочид яахын аргагүй 20 орчим насныхан. Ширээгээ үнэтэй архиар “чимж”, нүүрэндээ хичнээн зузаан энгэсэг түрхсэн ч хүүхэд бол хүүхдээрээ л харагдах аж. Бас болоогүй бие бие рүүгээ харж аальгүйтэх нь тэдэнд үнэндээ зохисонгүй. Кинонд гарсан хамгийн олон хүн тэрхүү цэнгээний газарт байх бөгөөд “Центро” хэмээх газраас киноны үйл явдлын зангилаа эхэлнэ. 

Түгжрэлд бухимдаж явсан залууг дуудсан Нинжингийн хувьд түүнд багаасаа л хайртай байсан бүсгүй. Харин Нинжинг аврахаар гүйж очсон залууг Оргил гэх бөгөөд нэлээд бийлэгжүү айлын, их зантай, эхэмсэг, дээрэнгүй нэгэн. Тэрээр замын дунд машинаа орхин байж, шөнийн цэнгээний газарт очиход үхэх дээрээ тулчихсан байна гэж ярьсан Нинжин түүнд хайраа илчлэхийн тулд худлаа хэлж, түүнийг хуурсан байна. Тайзан дээр олныг баясгаж, алиа салбадай шиг хашгичих Нинжин бүсгүйг цэнгээний газарт байх бүхэн шоолж инээлдэх бөгөөд бүсгүй түүнээс огт ч ичилгүй “Миний нөхөр, хайртай Оргил минь ирчихсэн байна” гэх мэтээр залууг олонд таниулж түүний бухимдлыг барна. Тийнхүү олны дунд эвгүй байдалд орсон залуу Нинжинг мөрөн дээрээ үүрэн гарч, хананд шахан элдвээр дайрч доромжилж, хараалын үг урсгах аж. Угтаа энэхүү киног 16-гаас дээш насныхан үзэж болно гэж хэлсэн атлаа энэ маягийн хүчирхийллийг төлөвшиж амжаагүй өсвөр үеийнхэнд харуулах нь ямар аюулыг дуудаж болохыг киноны уран бүтээлчид тооцоолсонгүй. Оргил гэх залууд хайртай, хайраа олны нүдэн дээр илэрхийлэх бүсгүйг цохиж, хана мөргүүлж, зүүсэн сормуусыг нь хуулж хаях зэргээр зэрлэгших эрийг тэнгэрийн амьтан мэт дүрслэн гаргасан телевизүүдээр гардаг солонгос сериалыг санагдуулах мэт. Тийнхүү цохиулж, нүдүүлэх атлаа Оргилд хайртай хэмээн буцаж наалдах Нинжин гэх бүсгүйгээр дамжуулан бүх эмэгтэйчүүдийг арчаагүй, дорой гэдгийг харуулах шиг болов. Бүр дэргэд суух хосын эрэгтэй нь найз бүсгүйгээсээ “Чи надад хайртай юу. Би чамайг ингэсэн ч чи хамт байж чадах уу” гэж асууж байв. Тэгэхээр энэхүү киног үзсэн ухаан мөхөс зарим нь хайртай нэгнийгээ энэ мэтээр “энхрийлж” хайрыг нь шалгачих вий гэх эмзэглэл төрснийг нуух юун. Киноныхон үүнийг мөн л тооцоолсонгүй юу... 

Оргил, Нинжинг шөнийн цэнгээний газарт ийнхүү доромжилж байхад хамгаалагч залуу гарч ирсэн нь киноны бас нэгэн дүр болох Дэмбэрэлсамбуу байв.  Тэрээр Оргил, Нинжин хоёрын багын найз бөгөөд “аавынхаас” гараад тун удаагүй байхдаа тэдэнтэй ийнхүү таарч байгаа аж. Оргил, Дэмбэрэлсамбуу хоёр бага сургуульд байхаасаа эхлээд оюутан болтлоо нөхөрлөсөн ч Оргил түүнийг үргэлж дээрэлхэж, хамаг муу бүхнээ хийлгэдэг байв. Тэрхүү замналаар явсаар нэг л өдөр дээрэлхүү, омогтой Оргилын хийсэн үйлдлийн өмнөөс Дэмбэрэлсамбуу шоронд орсон байна. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд их мэдэгч Чингис хэмээх залуугийн дүрийг бүтээж байсан жүжигчин Ц.Мөнхболд энэ удаад “Тооцоогүй тоглоом”-ыг тооцоолсон Дэмбэрэлсамбуу хэмээх дүрийг бүтээсэн нь түүний хувьд анхны гол дүр аж. Гэнэн, зөөлөн сэтгэлтэй мэтээр дүрслэгдэх Дэмбэрэлсамбуу гэх залуу кинонд гарах бүх үйл явдлыг тооцоолж, Оргил, Нинжин хоёрын хэзээ ч тооцоолоогүй тоглоомыг эхлүүлнэ. Хамгийн том алдаа нь Дэмбэрэлсамбуу кинонд гарч ирсэн даруйдаа ажлаа ч хийлгүй цэнгээний газарт Нинжин, Оргил хоёртой хундага тулгаж, тун удалгүй эмээгийнхээ байшин руу тэднийг дагуулж явах нь нэг л утга авцалдаагүй байв. Уран бүтээлчид үүнийг ч мөн тооцоолсонгүй...

Кинонд дөрвөн гол дүрийн жүжигчин гарах бөгөөд тэдний нэг нь Гүнж хэмээх бүсгүй. Шөнийн цэнгээний газарт Оргил, Нинжин, Дэмбэрэлсамбуу нартай таарч Оргилын шүлсийг гоожуулсан бүсгүй маргааш өглөө нь Оргил, Нинжин, Дэмбэрэлсамбуу нарын зам дээр гэнэт гарч ирнэ. Тусламж гуйн чичрэх бүсгүйг таниагүй тэд эхлээд төвөгшөөж байсан ч өнгөрсөн шөнө цэнгээний газарт таарсан үзэсгэлэнт бүсгүй гэдгийг мэдээд өөрсдийн зугаалгандаа нийлүүлэн авч явах аж. Түүнийг авч явах саналыг гаргасан хүн нь хүүхэмсэг Оргил. Тэд тийнхүү ойгоос гарч ирсэн үзэсгэлэнт бүсгүйгээ суулган, Дэмбэрэлсамбуугийн зуслангийн байшинд ирнэ. Гэтэл саяхан л айж, чичирч байсан бүсгүй аль хэдийнэ Оргил руу сээтэн хаяж, жаахан хүүхэд шиг элдвийг ярьж инээх Нинжинг тавлах аж. Гэнэт гарч ирсэн Гүнж хэмээх бүсгүйн дүрийг жүжигчин СТА Н.Цэнгэлжаргал бүтээсэн бөгөөд тэрбээр энэхүү кинонд анх удаагаа бүрэн нүцгэлж, олны нүдийг хужирласан юм. Түүний жүжиглэлт болоод нүцгэн бие нь гайхшруулахаар сайхан байсан ч найруулагч, зохиолч тэрхүү гоо сайхныг бусдыг бишрэхээр сайхан гаргаж чадсангүй. Нүцгэн хүүхэн мөрөн дээрээ суулгаад өгзгийг нь эв хавгүй хөдөлгөх Оргилын жүжиглэлт яг л эротик чиглэлийн уран бүтээлийг санагдуулах. Ер нь энэ киног ямар жанрын кино вэ гэдгийг тайлбарлахад хэцүү. Тиймдээ ч кино театрууд насны хязгаарлалт 16+ гэж заасан атлаа энэ мэтийн үйл явдалтай киног гаргаж байх жишээний. Эхлээд амьдрал ярьж, дараа нь элдвийн дуу дуулж инээлгэж, бүр олноор нь бүжиглүүлж байснаа гэнэт л эр, эмийн харилцааг харуулсан нь шоконд оруулж орхисон. Дэргэд элдвийг ярьж шулганах бяцхан хүүгийн нүдийг дарах уу, эсвэл өөрийнхөө нүд, чихийг бөглөх үү гэгч л болсон.

Энэ мэтээр элдвийн үйл явдал руу үсчсэн киног үзсэн үзэгч миний сэтгэгдэл тийм ч сайхан байсангүй. Ёстой л нэг тооцоолоогүй зохиолоор, тооцоогүй кино бүтээж, тооцоогүйгээр олонд дэлгэжээ.  

“Зүрхээр наадагч” киног хулгайн зохиолоор хийсэн хэмээн нэлээдгүй хэл ам таталж байсан нь энэхүү киногоор дарагдах нь гэж итгэж байсан нь ийнхүү талаар болох шиг. Кино нээлтээ хийгээд хоёр хоносоны дараа нэгэн найзын хүсэлтээр дахин үзэхэд танхимын талаас ч бага хүн үзэж байсан нь энэхүү бодлыг минь бататгах шиг болсон. Ер нь энэхүү кино хэн дуртай нь кино зохиол бичдэггүй гэдгийг илэрхийлээд байх шиг...

Тооцоогүй тоглож болох ч тооцоогүй төлөвлөж болохгүй баймаар...

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Тооцоогүй тоглоом”-ын тооцоогүй үйлдлүүд...   
Үзсэн: 4647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-05-16 17:04
дуу нь гэхдээ давгүй юмаа

Бидэнтэй нэгдээрэй