Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2015-06-06 08:47:46

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын улстөр, нийгэм, эдийн засгийн амьдралд нөлөөлөхүйц олон арван чухал үйл явдлууд өрнөлөө. Тэдгээрээс зарим онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг нийслэлчүүд өргөн хүрээнд тэмдэглэж байна. Өнөөдрийн хамгийн томоохон нэг арга хэмжээ нь Чингис хааны талбайд болж буй "Хүүхдийн баяр" арга хэмжээ байлаа.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус баярын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон бусад албаныхан оролцож монголын нийт хүүхэд, багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох 21 эхэд "Алдарт эх" нэг, хоёрдугаар одон гардуулав.

Тэрээр шагнал гардуулах ёслолын үеэр хэлэхдээ, Эхийн хайранд эх дэлхий амгалан оршдог. Монгол эхчүүдийн хайр энэрэл, ивээл өршөөл, сургааль билиг бол монгол хүн бүрийн ямагт санаж явах учиртай судар юм. Бид ээжүүд, хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалахын төлөө улам их хичээж ажиллах болно. Монгол хүүхэд бүр инээж, аз жаргалтай өсөн өндийх ёстой хэмээн онцлосон юм.  Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...

Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, тус ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэгтэй Ажлын хэсгийн хуралдааны дараа тус Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг сэтгүүлчид тодруулга мэдээлэл өглөө. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү...


Хүүхдийн байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан баярын хурал өнгөрсөн пүрэв гарагт Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ч.Сайханбилэг баярын хуралд оролцож, хүүхдийн байгууллагын үе үеийн багш, зүтгэлтнүүдэд 90 жилийн ойн баярын мэнд хүргэж, талархал илэрхийллээ.

Таван жилд нэг удаа зохион байгуулагддаг байсан “Залгамжлагч V” чуулганыг удирдан явуулсан зэрэг хүүхэд насны минь олон сайхан дурсамж энэ байгууллагатай холбоотой гэж Ерөнхий сайд хэллээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...


Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын Засгийн газрын гурван ч хуралдаан болж, улс орны өмнө тулгамдаад байгаа зарим асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Эдгээрээс өнгөргч пүрэв гарагт хуралдсан Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг онцлож байна. Тус хуралдаанд аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо. Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч. Сайханбилэг, Орон нутагт жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх замаар дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох, эдийн засгийн томоохон салбар болох хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар саналаа солилцон холбогдох шийдвэрүүдийг гаргахаар өргөтгөсөн хуралдаан хийж байна гэж хэллээ. Энэ хуралдааны бичлэгийг ЭНДЭЭС үзнэ үү...


Нийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг энэ  сарын 15-наас эхлүүлэхээр боллоо. Засварын  үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир урсгахгүй бөгөөд Төв цэвэрлэх байгууламжийг 48 цагийн хугацаагаар зогсооно.

Ер нь жил бүр  Төв цэвэрлэх байгууламжид тодорхой хугацаагаар тэг зогсолт хийдэг. Энэ жилийн хувьд шугамын цооролт ихтэй учир  48 цагаар зогсоох болсон. Засвар хийх 2 хоногт  хэрэглээний усаа багасгахыг иргэдээсээ хүсье гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.


Монгол Улсын Их Хурлын чуулганы өнгөрёөн баасан гарагийн /2015.06.05/ үдээс хойшх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй зарим арга хэмжээний талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.

Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд хүн амын орон сууцны эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, чанарыг сайжруулах, эрүүл ахуй, аюулгүйн шаардлага хангасан тохилог орон сууцаар хангах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар 2003 оноос эхлэн орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ипотекийн зээлийг олгож эхэлсэн бөгөөд түүнээс хойш нийтдээ 67612 иргэнд 2957,85 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгож, 1657 иргэнд 57,75 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж (ахмад дайчдын орон сууц) үзүүлээд байна.

“Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд хугацаа хэтэрсэн зээл нь нийт зээлийн 1.8 хувийг, чанаргүй зээл 0.5 хувийг эзэлж байгаа ба зээлийн чанар 97.7 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт юм хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээллийнхээ эхэнд хэллээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...


Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх талаар товч мэдээллийг хүргэж байна. Зургаадугаар сарын 6-нд ихэнх нутгаар, 7-8-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газар, төвийн ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.


Өнгөрч буй ажил хөдөлмөрийн их өдрүүдэд бидэнтэй хамт байсан уншигч та бүхэнд баярлалаа. Ирж буй амралтын өдрүүдийг ая тухтай, сайхан өнгөрүүлээрэй...

Нийтэлсэн: М.Тодбэх

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 1202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-06-06 13:13
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй