Шууд

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2015-07-18 08:47:23

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе. Үндэсний их баяр наадам тохиосон энэ өдрүүдэд монгол түмэн дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.



Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн. Мөн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын начин Н.Батзаяа, Сэлэнгэ аймгийн Жавхлан сумын харьяат Аймгийн хурц арслан Б.Одгэрэл нар Улсын харцага цолтон болж наадамчин олноо баясгасан юм. Үндэсний их баяр наадмын барилдаанд долоон бөх Улсын начин цол хүртсэн.

Тодруулбал,

Ч.Ганзориг - Аймгийн Арслан / Архангай аймаг Булган сум /
Э.Даш - Аймгийн Арслан / Дундговь аймаг Эрдэнэдалай сум /
Б.Батжаргал - Аймгийн Арслан / Сүхбаатар аймаг Мөнххаан сум /
Д.Энхбаяр - Аймгийн Арслан / Увс аймаг Түргэн сум/
Г.Баасандорж - Аймгийн Арслан / Завхан аймаг Баянхайрхан сум/
Ш.Шинэбаяр - Аймгийн Арслан / Говь-Алтай аймаг Жаргалан сум/
А.Алтанхуяг - Аймгийн Арслан / Дундговь аймаг Эрдэнэдалай сум /

нар уран мэхийг уралдуулан зодоглож, монгол зон олноо баясган цол нэмсэн. Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадам арслан, харцага, заан цолтон төрүүлсэн тун сайхан наадам болж өнгөрлөө.

Эрийн гурван наадмын нэг хурдан морьдын уралдаан уламжлал ёсоор Хүй долоон худагт болж, өндөрлөв. Хэн гэдэг уяачийн уяа сойлгыг нь тааруулсан хурдан буян төрийнхөө их баяр цэнгэл наадамд түрүү, айраг хүртсэнийг ЭНДЭЭС унших боломжтой.

Долоодугаар сарын 13-нд буюу Уяачдын баяраар уламжлал ёсоор эрлийз морьдын уралдаан болсон. Эрлийз дээд насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Д.Жамъяаны халиун түрүүлж, Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Л.Эрдэнэбаатарын хул аман хүзүүдэв.

Эрлийз дунд насны ангиллын хурдан морьдын уралдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул О.Батбилэгийн үзмэн бор түрүүлж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Л.Отгонбаатарын хур зээрд аман хүзүүдсэн юм. Түүнчлэн Төв аймгийн Баянцогт сумын Ш.Шижирбаатарын зээрд халзан,  Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Б.Цэрэнбалтавын хул, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын М.Ганболдын хар алаг үрээ айрагдлаа.


Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын халх сурын харваанд нэг гэр бүлийн хоёр түрүүлсэн тун гайхалтай учрал тохиосон. Уурхайн түрлэгтэй монгол наадмын нэг өнгө нь яах ч аргагүй харваачид байдаг. Ингээд тэдний тухай дэлгэрэнгүйг өгүүлье.

Буриад сурын харваанд  хот, хөдөөгийн  эрэгтэй 120 гаруй, эмэгтэй 42 харваач найман зураахай дээр цэц мэргэнээ сорьсон.


Эрэгтэй харваачдаас:

1-р байрт: Дорнод аймаг Баяндун сум Аш- Авгад ХХК-ийн харваач, Буриад сурын хошой мэргэн, олон улсын хэмжээний мастер Ойдовын Сүхбаатар,

2-р байрт: Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Хангарьд спорт хорооны харваач Нямсүрэнгийн Өлзийхутаг,

3-р байрт: Алдар спорт хороо, Жем интернешнил ХХК-ийн харваач Базарын Батбаатар,

4-р байрт: Өмнөговь аймаг, Номгон сум, Тавантолгой трасс ХХК-ийн харваач Дүргэний Чулуунбаяр,

5-р байрт: Өмнөговь аймаг, Тавантолгой трасс ХХК-ийн харваач Жанчивийн Баттөмөр нар аваргаллаа.

Эмэгтэй харваачдаас: 

1-р байрт: Хөвсгөл аймгийн уугуул, СБД-ийн тамирчин, Хот Монгол групп, Алтандуулга компанийн харваач Жүгдэрхүүгийн Нямдаваа,

2-р байрт: Дорнод Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, Шинэ Налайх багийн харваач Чагнаадоржийн Гандаваа,

3-р байрт: Өмнөговь аймаг Баяндалай сумын уугуул, Тавантолгой трасс ХХК-ийн харваач Батмөнхийн Сугир,

4-р байрт:
Дорнод аймаг Дашбалбар сумын уугуул, ХУД, Петровис компанийн харваач Батын Бутваан,

5-р байрт: Сэлэнгэ аймаг Ерөө сумын уугуул, Алдар, Жем интернешнл компанийн харваач Санжаадоржийн Энхтунгалаг нар орсон.


Урианхай сурын харваанд 12 аймаг, 9 дүүргийн 165 харваач цэц мэргэнээ сорьсноос:  

1-р байрт: Завхан аймаг Тэс сумын уугуул, Зэвсэгт хүчний Алдар спорт хороо “Жем интернешнл” компани, Худалдаа Хөгжлийн банк дотоод аудитор Б.Хатансайхан-28 оноо

2-р байрт: Ховд аймаг Дуут сумын уугуул Д.Чулуунбат-27 оноо

3-р байрт:  Баян-Өлгий аймаг, Буянт сумын харьяат Б.Мөнхтөр-26 оноо

4-р байрт: Ховд аймаг Дуут сумын харьяат З.Баярсайхан-25 оноо

5-р байрт: Баян-Өлгий аймаг Буянт сумын харьяат Хөхийн Бямбажав-25 оноогоор шалгарсан.

Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Сонгинохайрхан дүүргийн харваач Б.Бямбажав,  Ховд аймаг Мөнххайрхан сумын уугуул Б.Цогттөмөр нар "Спортын мастер" болж, Завхан аймгийн Улиастай сумын уугуул, Хангарьд спорт клубын харваач Ж.Мөнхбаатар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын уугуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сүлд спорт хорооны харваач Н.Алтантулга нар "Спортын дэд мастер" болсон билээ.



Энэ жилийн халх сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд 250, эмэгтэйчүүдийн төрөлд 90 гаруй харваач цэц мэргэнээ сорив. Эмэгтэйчүүдийн төрөлд  Монгол Улсын мэргэн С.Энхтунгалаг түрүүлснээр хошой мэргэн боллоо. Удаах байрт нь Спортын мастер О.Чинзүрх, Ч.Гандав нар шалгарсан. Халх сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Спортын мастер Б.Батбаатар түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртсэн. Харин удаах байрт Т.Очироо, А.Баттөр нар орсон юм.



Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын шагайн харваанд Улаанбаатар хот, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Баянхонгор, Архангай, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай, Дархан, Орхон аймгийн нийт 50 багийн 452 харваач оролцсон. Ингээд Улсын үлэмж дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай Өмнөговь аймгийн баг түрүүлж, Үлэмж дархан мэргэн Б.Шинэбаяр ахлагчтай Улаанбаатар хотын “Уранган” баг, Үлэмж дархан мэргэн Болд ахлагчтай "УБ Төмөрзам" баг тус тус удааллаа.  



Үндэсний их баяр наадмын өдрүүд хур бороо элбэгтэй байсан. Ойрын өдрүүдэд ч хур бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Өнөө маргаашдаа төв, говь, зүүн зүгийн нутгаар  бороо  орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулъя. 19-нд төв, говь, зүүн зүгийн нутгийн ихэнх, 20-нд төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр хүрнэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст хална.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 1516 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй