Шууд Chart

Ш.Гунгаадорж: Оройтсон бороонд өвс ургаж, газар тариалан сэргэхгүй

2015-07-27 12:50:18

Хөдөө аж ахуйн ухааны доктор, гавьяат агрономич Ш.Гунгаадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.  

-Та саяхан хөдөө яваад ирсэн гэсэн. Хөдөөгүүр зуншлага хэр байна вэ?

-Энэ жил дулаан өвөл тохиосон. Хавар нь айхтар адармаатай. Улмаар зургаадугаар сар хур бууна гэсэн мэдээ зөрчихлөө. Байдал ерөнхийдөө тодорхой байна. Ялангуяа хадлан тарианы гол бүс Төв аймаг, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл зэрэг нутгийн дийлэнх хэсэгт зургаадугаар сард бүхэлдээ ган нүүрлэж, энэ сарын хагас хүртэл үргэлжилсэн. Тарианы ургац найдваргүй болох нь тодорхой боллоо. “Сүүлийн хэд хоног бороо орж, ган тайлагдлаа” гэж манайхан баярлаж байх шиг байна. Баярлах нь зөв. Гэхдээ оройтсон бороонд өвс ургаж, газар тариалан сэргэхгүй. Мал жаахан өөхөн тарга авахаас махан тарга авч чадахгүй болов уу. Зун нь ган болохоор өвөл зуд болдог. Нөгөө гайхал бичин жил гэж яриад байгаа. Бичтэй бичгүй, хадлан тэжээл муу байвал өвөл хэцүүднэ. Ган, зуд гэдэг бол хариуцлагын том шалгуур. Хаана хариуцлага муу байна тэнд илүү нүүрлэнэ. Хэн намар залхуурсан, тэрний мал үхнэ. Зөв бодлоготой газарт харьцангуй бага тусдаг. Тэгэхээр байгалийн үзэгдэл хувь хүн бүрээс шалтгаална. Цаашлаад төрийн хариуцлагыг шалгадаг зүйл. Үүнийг сайн ойлгохгүй, хүсэн хүлээж байсан бороо орчихлоо гээд баяр наадмаа үргэлжлүүлэх маягтай байна. Би хөдөө аж ахуйн салбарыг толгойлж байх үедээ ган, зудтай улаан гараараа тэмцэж явсан хүний хувьд хариуцлага гэдэг үгийг дахин давтан хэлье.

-Та сая оройтсон бороо хадлан тэжээл, газар тариаланд төдийлөн нөлөөлдөггүй гэлээ. Ер нь танд энэ жил ургац хураалт хэр байх төлөв ажиглагдаж байна?   

-Усалгааны системийг нэвтрүүлээгүй манай улсын хувьд тариаг гангаас аврах боломжгүй. Тариа бол үе шаттай ургадаг. Зургаадугаар сарын эхний 15 хоногт бутлалт явагддаг. Тэр үед бороо хур их байвал тариа бурзайгаад ургана. Хэрэв тэр үед ган болбол ургац алдана. Аврах ганц зам нь усалгаа. Гэтэл сүүлийн үед усалгаатай тариалангийн талаар ойлголт бараг байхгүй болчихож. Бороо л орж байвал тариа авна гэвэл өнөөдрийн хүндрэл давтагдсаар байна. Ядаж 100 мянган га талбайг усалгаатай болгочихвол жилдээ авч буй 400 мянган тн ургацыг бүрэн авах боломжтой. Мөн энэ жилийн тарианаас нялх тариа буюу ногоон тэжээл их гарах төлөвтэй байна. Энэ нь жаахан ургасан тариа будаагаа дарчихна. Тэгэхээр ногоон тэжээлийг хурааж мөнгө болгох хэрэгтэй. Тарианы хэмжээний мөнгө болохгүй ч шатахуун, цалин хөлсөө аргалах юм болно. 1961, 1967 оны их ганд тариа ургалгүй ногоон тэжээл л хураан авч байлаа шүү дээ.   

-Тариаланчдын төлөөлөл ургацынхаа 80 хувийг алдсан, ямар ч найдлага үлдээгүй гэсэн мэдээлэл хийсэн. Хэрэв энэ үнэн бол байдал нэлээд хүндэрсэн гэж ойлгож болох нь ээ?     

-Тэр 80 хувийг одоо хэн ч хэлж чадахгүй. Нэг хүн 80 хувь гэж улсын хэмжээний юмыг хэлэх нь арай дэвэргэсэн асуудал. Ерөнхийдөө ургац алдах нь ойлгомжтой. Хэдэн хувь гэдгийг Улсын онцгой комисс газар дээр нь очиж танилцаж байж гаргана.   

-Тэгэхээр улаанбуудай импортлох зайлшгүй шаардлага гарах нь дээ?

-Гарцаагүй. Будаа эсвэл гурил хэрэгцээтэй болох нь тодорхой байна. Зургаадугаар сарыг алдсан бол тариа болдоггүй гэдгийг онол, практик баталчихсан. Одоо ямар арга хэмжээ авах вэ гэдгийг маш яаралтай шийдэх нь чухал байна.

-Таны туршлагаар бол ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Одоогийн төрийн болон орон нутгийн удирдлага ган, зудын зовлонг ингэсхийгээд болчихдог гэж бодоод байх шиг. Гэтэл хохирол гарч ирэхээр хэн буруутай вэ гээд дээл, малгайгаа хуваана. Тэнгэр бурханд бүх алдааг чихээд өнгөрч болохгүй. Иймээс энэ жил ган тарианы гол бүсийг хамарчихлаа. Одоо ямар арга хэмжээ авах вэ гэдгийг өнөөдөр бодох хэрэгтэй. Ер нь шат шатандаа тайван байна. Тариаланчид яахав тэвдэж байгаа. Олон зуун тэрбум төгрөг газарт булчихсан юм чинь аргагүй шүү дээ. Харин мэргэжлийн яам, төр засгаас үүнд онцгой анхаарах шаардлага байгаа юм. Шуудхан хэлбэл, улс онцгой байдал зарлах хэрэгтэй. Онцгой комисс байгуулж, байдлаа газар дээр нь үзээд ард түмэнд мэдээлэх хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл ч дуугүй суугаад байна. Телевиз асаахад хэдэн морь уралдуулж, бөх барилдуулсан хүмүүс л байна. Одоо долоодугаар сар дууслаа. Тариа авч чадах уу, үгүй юу. Ард түмэн гурилаа иднэ. Тэгэхээр гурилын хэрэгцээ юу болох вэ. Мөн ирэх жилийн тарианы үр байгаа юу зэрэг үнэн байдлаа тодорхойлох хэрэгтэй. Тэгээд дутсан хэрэгцээгээ яаж хангах вэ зэргийг Засгийн газрын түвшинд нэн даруй шийдэх нь чухал байна. Ирэх сарыг хүлээвэл хугацаа оройтно. Оройтох тусам импортын тариа, гурилын үнэ өсчихнө. Найр наадмаа зогсоомоор байна. Харин баруун аймгууд, Говь-Алтай, Баянхонгор зэргээр зуншлага гайгүй байна. Хэдий сайн боловч 10 см цас унахад үгээ хэлдэг. Тиймээс зуншлага гайгүй газраа хүртэл өвлийн бэлтгэл хангах шаардлагатай хүнд үе тохиогоод байна. Намайг ингэж хэлэхээр хуучин сэтгэлгээний юм яриад байна гэх байх. Ажлын хариуцлага гэдэг бол хуучин сэтгэлгээ биш. Байгалийн гамшиг нийгэм голдоггүй юм.   

-Байгалийн гамшиг нийгэм голдоггүй гэж үнэн шүү. Цаг хүндрэх магадлалтай байхад ингээд тайван байх нь салбарын бодлого алдагдсаных болов уу?  

-Засаг төрийн, аймаг орон нутгийн ч бодлогын буруу. Ган, зуд бол тайван цагийн байлдаан. Ялангуяа зудад бэлтгэлтэй байх ёстой. Тайван цагт хэдий чинээ хөлс урсгана, дайны цагт төдий чинээ бага цус урсана гэдэг үг бий. Тиймээс жилийн дөрвөн улирал хаана өндөр үүрэг хариуцлагатай ажиллаж байна, тэнд хохирол багатай давна. Байгалийн гамшгийг нэг малын гарзгүй  давна гэж байхгүй. Гэхдээ бага хохиролтой давж болно. Ган, зудын давтамж 6-7 жилд байдаг. Өнгөрсөн хэдэн жил цаг агаар сайхан байлаа. Монголчууд байгалийн хүндрэлийг мартсан байна. Өнгөрсөн жил талбай дээр улаанбуудай асгаж хэрүүл хийхийн оронд илүү будаагаа тэжээл болгож, өвс хадлангаа ахиухан бэлдэх ёстой байсан. Ер нь маргааш биш юмаа гэхэд нөгөөдөр болзошгүй тохиолдол гарахад бэлэн байх ёстой. Гэтэл өнөөдөр налайчихсан. Авдаг 400 мянган тн тариагаа аваад л ханадаг. Малчид ч өвс хадлан бэлддэггүй. Ийм нэг авцалдаагүй систем үргэлжлээд байна. Үүнийг төр зохицуулах хэрэгтэй. Төр оролцох ёсгүй зах зээлийн нийгэм гэх хэсэг байгаа. Манайх шиг тархай бутархай ган, зудаас хамааралтай хөдөө аж ахуйд төр засаг зайлшгүй оролцохгүй бол болохгүй ээ. Ирэх жил зуд болоход танай аймаг арга хэмжээ авах чадвартай юу гэж төр шахах хэрэгтэй.  

-Тариаланчид нөөц будаа байгаа талаар мэдээлж байсан шүү дээ...   

-Тариаланг дэмжих сангийн нөөцөд 20-30 мянган тн нөөц бий. Энэ жилийн ган, зудыг давах хэмжээний нөөц байхгүй. Ямар ч улс орон хураасан тарианыхаа 30 гаруй хувийг нөөцөлдөг. Манайх ч гэсэн стратегийн бүтээгдэхүүн гэдэг мөртлөө хангалттай нөөц авалгүй өдий хүрлээ. Улсын улаанбуудайн халдашгүй нөөц гэдэг бол улсын аюулгүй байдалтай холбоотой чухал зүйл. Үүнийг бэхжүүлэх, баталгаат нөөц бүрдүүлэх эхний алхмыг энэ төр засгийнхан эхлүүлмээр байна. Нөөц бүрдүүлэлтийг жил бүрийн улсын төсөвт суулгаж хийдэг ажил байгаа юм. Энэ нь ган, зудын эсрэг дархлаа болдог.

-Малын тэжээлийн нөөц байхгүй болсонд олон ахмад харамсдаг юм билээ. Одоо тийм юм байдаг уу?  

-Монгол Улс мал аж ахуйн орон учраас тэжээлийн нөөц мөн зайлшгүй байх шаардлагатай. 1980-аад оны маш хүчтэй зудыг улс хангалттай хадлан тэжээлийн нөөц бүрдүүлснээр давж гарсан. Тухайн үед аймаг бүр өөрийн гэсэн нөөцтэй. Тиймээс маш хүчтэй зудыг хоёр сая хүрэхгүй малын хорогдолтой давж гарсан байдаг юм. Бид тэр үед газар дээр нь ажиллаж байлаа. Гэтэл 1967 онд тэжээлийн нөөц байхгүй үед дөрвөн сая мал алдсан. Улмаар 1968 оноос улсын хэмжээнд хадлан тэжээлийн маш том шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж, байдал сайжирсан байдаг. Гэхдээ одоо нийгэм өөр болсон гээд хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх бодлогыг орхигдуулж болохгүй. Чөлөөт зах зээлийн нийгэмд таарсан бодлогыг явуулах хэрэгтэй. Малчид өөрсдөө бэлдэнэ биз гээд хаяж болохгүй. Нүүдэлчин ардын сэтгэхүйд энэ бодлого таарахгүйг өнгөрсөн хугацаа баталж өгсөн. Тухайлбал, 2010 оны зуд. Улс өөрөө нөөц бүрдүүлэх шаардлагатай.      

-Энэ жил өвөлжилт хүндрэх нь тодорхой гэж та хэлээд байна уу?

-Учир нь гол газруудаар хадлан гарахгүй. Бороо ороод байгалийн ногоо бага зэрэг сэргэнэ. Тэгэхээр өвөл хүндрэх нь тодорхой. Нэгэнт ган болчихлоо. Харин өвөл болох болоогүй байна. Одоо өвөл болоход гурван сарын хугацаа үлдсэн. Бүх аймгийг хамардаггүй юмаа гэхэд нийт нутгийн 60-70 орчим хувьд зуд нүүрлэнэ гэж харж байна. Дээр дурдсан Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймагт зуншлага гайгүй байгаа. Гэсэн ч тэд хамгийн сайн бэлдэх хэрэгтэй. Зуншлага сайн гээд өвөл нь малаа үхүүлсэн тохиолдол цөөнгүй гарч байсан шүү дээ. Ингэхээр улсын хэмжээгээр зудад хамрагдана гэж ойлгох хэрэгтэй. Ногоо тариагаа хурааж авах, бусад аймаг байдаг аргаараа хадлан тэжээлийг өнөөдрөөс бэлтгэх шаардлага тулгараад байна. Говьд нь таана хөмүүлээ хадахаас авахуулаад хашаа хороо бэлдэх гэх мэт. Гэтэл одоо бараг үүнийг сонссон зарим нэг нь гайхдаг болж. Ирэх сараас гэж хойш тавьбал оройтно. Энэ жил эрт цас унахыг үгүйсгэхгүй.

Ирэх өвлийн зуд ирэх гурван сард хэр зэрэг хариуцлагатай ажиллахаас шалтгаална. Би олон зуднаар газар дээр нь ажиллаж байлаа. Саахалт хоёр сайн малчны наадах нь хотоо харлуулсан байхад, цаадах нь нэг ч мал үхүүлээгүй байж байдаг. Тэгэхээр зуд бол хувь хүнээс хамгийн их шалтгаална. Бүх нийтийг хамарсан өвлийн бэлтгэл ажил өрнүүлэх хэрэгтэй байна. Төрөөс ард түмэндээ үнэн байдлыг мэдээлж, бэлтгүүлэх ёстой. Зудад их хохирол үзвэл төр нь ч хариуцлагагүй байж, хувь хүн ч хариуцлагагүй байсны илрэл. Мөн төрөөс малынхаа тоо толгойг бууруулах бодлого барих хэрэгтэй. Үүнийг төр бодлогоор зохицуулна. Малчид онд орохгүй малаа мөнгө болгож хадгалж болно. Энэ мэтээр ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй байна. Өнгөрсөн хорь гаруй жил хариуцлагыг халаасандаа нууж ирлээ. Одоо хариуцлагаа халааснаасаа гаргаж тавих цаг болсон. 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Ш.Гунгаадорж: Оройтсон бороонд өвс ургаж, газар тариалан сэргэхгүй   
Үзсэн: 4458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-08-07 17:45
Тэмээ ямаа хоероо ялгахгуй шахам сайдтай дампуурсан Засаг зудын бэлтгэл хийж чадахгуй байх, малчид л хичээх хэрэгтэй.
24.13.76.xxx [24.13.76.xxx] 2015-08-04 07:55
үүл баатар хятадын даргадаа даншиг өргөх наадмаа хийгээд л зудыг хөөчихнөө.Монголд үйлдвэржилтийг биш бас социализмыг ч биш зөвхөн Ардчилалыг байгуулж байхад зуд гэж болохгүй шүү дээ Намаржин зунжингааа наадаж нарги...
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-08-01 08:34
zah zeeliin ul uzegdeh gar buh yumiig zohitsuulna. zasag turd hen said darga boloh ni l chuhal shuu dee
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-07-31 11:25
Яалаа гэж зуд болох вэ, манай төр засаг ардчилал л яриад дэвээд байна. Ардчилалтай оронд зуд болохгүй. Зуд бол хуучинсагуудын тунирхал. Бас ийм их наадам хийж байхад яаж зуд болох юм бэ. Ерөөсөө л морь уралдуулаад л зудыг хөөчихнө.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-07-29 17:27
Sain bna uu Gungaadorj guaitai holboo barih dugaar baiwAL ogch tus bolooch mash chuhal ymaa BAYRLALAA

Бидэнтэй нэгдээрэй