Шууд

Д.Жамбалдорж

Сурвалжлагч 


Зүлэг ногоон дэвжээг “Боксын ринг” болголоо

2015-07-28 10:05:54

Монголчууд бид эрийн гурван наадмаараа тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж баясан цэнгэдэг сайхан соёлтой ард түмэн. Нэгэн цагийг эзэлсэн алдарт хоёр Мөнхөөс эхлээд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зэрэг бөхчүүдийн уран мэхийг хонины бэлчээрт хөрс даасан бор банди нар хийж, тэднээс суралцдаг. Алдарт зургаан заан маань монгол бөхийн уран мэхүүдийг ёстой л санааны зоргоор уралдуулан хийж ирснийг бөхөд хайртай ард түмэн өнөө ч мартаагүй л явна. Тэдний үед жудаггүй байх тухай ярих нь битгий хэл төсөөлөн боддоггүй байсан гэхэд болно.

Гэвч ойрын жилүүдэд монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр барилдаан бус барьцалдаан, шивнэлдээн, бүүр “боксын тэмцээн” болдог болов. Нэг нь давж, нөгөө нь өвдөг шороодох нь монгол бөхийн дүрэм буюу. Гэвч өнөө цагт өвдөг шороодсон нь гар зангидаж, хүч бяраараа давсан нь шанаадуулдаг “заншил”  тогтжээ.

Саяхан Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадам болсон. Тус наадам тун сайхан болсныг олон хүн шагшин магтаж байна. Гэвч энэ сайхан наадмыг гутаасан нэг үйлдэл болсон нь бас л зүлэг ногоон дэвжээн дээр өрнөсөн юм. Монгол Улсын арслан Н.Батсуурь учраа бөхөө унатал нь шанаадаж, тэгээд ч зогсохгүй үргэлжлүүлэн хөөж хэдэнтээ цохив. Засуул бэлхүүсээр нь тэвэрч салгаагүй бол тэнд юу болох байсан бол...

Угтаа нэг, хоёр хүний гаргасан энэ мэт үйлдэл “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэгчээр монгол бөхийн нэр хүндийг унахад хүргээд байна. Энэ жилийн наадмаар Дархан аварга Г.Өсөхбаяр нэг даваанд гурван удаа барилдсан. Олон түмний нүдэн дээр хэд хэдэн удаа өвдөг шороодчихоод “Би сая уначихсан уу” хэмээн учраа бөхөөсөө асуусан гэх нь ч бий. Тэр бүү хэл, барилдааны ид дундуур сандал дээр тухлан сууж, наадамчин олныг нэлээдгүй бухимдуулсан. 

Уран мэхийг уралдуулан барилдаж, уначихаад инээгээд босоод ирдэг байсан жудагтай бөх тун цөөрсөн нь жил, жилийн наадмаас харагдаж байна. Бөхийн тэр цагаан инээд наадамчин олонд баясал түгээж, ирэх жилийн наадмын өдөр хүртэл дурсагдаж, амнаас ам дамжин түгсээр л байдаг байв.

Гэвч өнөө цагт бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр тэр, тэр хоёр зодолдож, тэр тэрийг шанаадаж, харин тэр тахимаа өгөхгүй гүрийгээд дахин барилдаж унаад...  гэхчилэн хүнд хэлэхээс ичмээр яриа л наадмын дараа хөвөрдөг болж.

Монголчууд яагаад бөх үздэг, бөхчүүдийг хүндэлдэг, зүлэг ногоон дэвжээг цэврээс цэвэр, ариунаас ариун хадгалахыг зорьдгийг өнөө цагийн бөхчүүд эрхбиш дуулсан л байдаг байлгүй.

Зүлэг ногоон дэвжээ, хурсан наадамчин олноо доромжилж, хүүхэд залууст буруу үлгэр дууриалал үзүүлсээр байх юм бол монгол бөхийн хөгжил гэж яриад, бөх барилдуулан цэнгэх нь хэнд хэрэгтэй юм бэ.

Эртнээс нааш уламжлагдаж ирсэн эрийн гурван наадмаа наадам хэвээр нь хадгалж үлдээд хойч үеийнхэндээ өвлүүлэх эрх бидэнд бий. Ингэхийн тулд зүлэг ногоон дэвжээг “Боксын ринг” болгоод байгаа бөхчүүдэд хатуу хариуцлага тооцох нь зүйн хэрэг болов уу.   

 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Зүлэг ногоон дэвжээг “Боксын ринг” болголоо   
Үзсэн: 8991 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй