Шууд Chart

Иргэдээс авсан саналын дагуу 42 багц ажил хийгдэж байна

2013-09-09 11:43:03

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баасанбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дүүрэг шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаад даруй гурван улирал єнгєрчээ. Энэ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар яриагаа эхэлье?

-Он гараад нийслэлийн Засаг даргын захирамжаар шинэ бүтэц орон тоо батлагдсаны дагуу үйл ажиллагаа явуулаад хагас жил орчим боллоо. Манай дүүргийн онцлог бол нийслэл хотын зүрх болсон төвийн дүүрэг. Нийтдээ 20 хороотойгоос арав нь байшин хороолол, үлдсэн нь гэр хороолол байдаг. Манай дүүрэг 138 мянга орчим хүн амтай. Бидний хамгийн түрүүнд төлөвлөсөн зүйл бол Орон нутгийн хөгжлийн сангийн ажил байлаа. Дүүргийн хэмжээнд нийтдээ 2.4 тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас хуваарилж өгсөн. Энэ мөнгөөр бид дүүрэгтээ ямар ажил хийх талаар хороо тус бүрээр иргэдээсээ санал авсан. Ингэж санал авахдаа дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон нийслэл, дүүрэгт сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын тамгын газрын ажлын алба бүгдээрээ хамтран ажилласан.

Тэгэхээр Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр хийгдэх ажил иргэдийн гаргасан саналын дагуу тухайн хорооны онцлогоос шалтгаалаад өөр өөр. Дээр хэлсэн 2.4 тэрбум төгрөгөө 20 хороондоо хуваахаар дунджаар нэг хороонд 120 орчим сая оногдож байгаа юм. Ер нь бидний барьсан гол зарчим аль болох бүх хороонд дээрх мөнгийг жигд хуваарилах. Ингээд иргэдээс авсан бүх саналаа эрэмбэлэхээр 42 багц ажил гарсан. ИТХ-аас баталж өгсний дагуу Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба тухайн ажил дээр сонгон шалгаруулалтаа хийж гүйцэтгэгч нараа тодруулаад явж байна. Мэдээж шинэ ажил гэдэг утгаараа эхнээс нь зураг, техникийн нөхцөл зэрэг дээр тодорхой хэмжээнд хугацаа шаардах зүйл их байсан. Одоогийн байдлаар Орон нутгийн хөгжлийн сангаас худалдан авах ажиллагааг зохион байгуулаад байгаа 38 ажил байна. Нийтдээ 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил Худалдан авах ажиллагааны албаар дамжаад хийгдээд явж байна. Үлдсэн 133 сая төгрөгийн ажил тендерийн баримт бичиг болоод техникийн нөхцөл боловсруулах шатандаа байгаа.

-Та бүхний бүтээн байгуулалтын ажилд иргэдийн санал санаачилга хамгийн чухал байгаа нь ойлгомжтой. Ер нь танай дүүргийн иргэд энэ дөрвөн жилийн хугацаанд ямар ажил хийхийг хүсч байна вэ?

-Бидэнд Худалдан авах ажиллагааны алба зохион байгуулах хөрөнгө оруулалтын ажлуудын тухайд улс, нийслэлийн төсвөөс эрх нь шилжиж ирсэн 2.2 тэрбум төгрөгийн ажил бий. Эдгээрт хорооны цогцолбор барилгууд, I-X хорооны байшингийн дээврийн засвар, худаг, усан сангийн ажлууд байна. Мөн БШУ-ны сайдын багцаас хийгдэх сургууль, цэцэрлэгийн засварын ажил. Тухайлбал, 150 сая төгрөгийн өртөгтэй 45 дугаар сургуулийн спорт заалны засвар гэх мэтчилэн ажлууд гүйцэтгэлийн түвшиндээ байгаа. Бидний хувьд хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажил дээр гүйцэтгэгч нараа нэлээд шахаж ажиллалаа. Ингэсний үр дүнд хичээл явуулах боломжтой болгож сантехникийн болоод дээврийн засвар үндсэндээ дуусах шатандаа орж байна.

-Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй учраас дүүргийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ ямар байна гэдгийг тодруулмаар байна. Мөн гуравдугаар сургуулийн асуудал юу болж байгаа бол?

-Дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 51 сургуульд гучаад мянган сурагч, 49 цэцэрлэг 6700 орчим хүүхэд багачууд хүмүүжиж байна. Бид сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хөрөнгө оруулалтын асуудлыг хурдан шуурхай шийдээд явж байгаа гэж болно. Үүний илрэл бол саяхан дүүргийн Засаг дарга маань бусад дүүргүүдээс хийж буй ажлаараа шалгарч нийслэлийн Боловсролын газраас "Боловсролд ээлтэй Засаг дарга" болсон. Энэ жил нийтдээ 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг боловсролын салбартаа оруулснаас дүүргийн төсвөөс 400 орчим сая төгрөгийг боловсролын байгууллагын сурах, ажиллах орчинг сайжруулах, сургууль цэцэрлэгийн сургалтын бааз суурийг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулахаар тусгасан. Ирэх жилүүдэд бид дүүрэгтээ улсын хөрөнгөөр шинэ цэцэрлэг, сургуулийн өргөтгөл барих ажлыг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Сая 640 хүүхэдтэй I сургуулийн өргөтгөл ашиглалтад орсон бол ирэх жил яг энэ жишгээр II сургуульд өргөтгөл барина. Мөн гэр хороололд буюу XVII хороонд анхны цэцэрлэг, сургуулийн цогцолбор барих ажил бэлтгэл шатандаа явагдаж байна. Харин III сургуулийн тухайд гэвэл шинээр сургууль барина гээд хөрөнгө мөнгийг нь шийдсэн байсан боловч буулгах асуудал нь орхигдсон байсан. Харин дүүргийн Засаг дарга болон БШУ-ны сайд нар нэлээд хөөцөлдсөний үндсэн дээр одоо тус сургуулийг буулгах хөрөнгө нь шийдэгдээд сонгон шалгаруулалтын ажил нийслэл дээр дуусах шатандаа явж байгаа. Мөн XI сургуулийг буулгасан байгаа одоо бүтээн байгуулалтын ажил нь эхлэх гэж байна.

-Дүүрэгт өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлуудаас нэрлэвэл...?

-Нийт иргэдээ аюулгүй тайван, ая тухтай амьдрах нєхцєлийг нь бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх тал дээр онцгой анхаарч 400 сая төгрөгийн төсөвтэй камержуулалтын ажлыг дүүргийн хэмжээнд хийх гээд нээлттэй тендер зарлагдаад явж байна. Эдгээр камерыг I-XVI хороонд байрлуулах юм. Дүүргийн орон сууцны арван хороог цагдаагийн нэгдүгээр хэлтэс, гэр хорооллын арван хороог хоёрдугаар хэлтэс хариуцаж ажилладаг. Тийм учраас цагдаагийн хоёр хэлтэс дээрээ камерын хяналтын төвөө байрлуулах ажил хийгдэж байна. Энэ ондоо ямар ч байсан бүх ажлаа дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ерөнхийдөө техникийн нөхцөл бол нилээд орчин үеийн шийдэлтэй. Бид энэ ажлыг хийхийн тулд техникийн нєхцєлєє боловсруулахдаа Цагдаагийн Ерөнхий газар болон дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтарсан ажлын хэсэг байгуулаад бүх камер байршуулах цэгүүдээ тодорхойлсон. Тэгэхээр гэмт хэрэг гарсан тохиолдолд ямар техникийн нөхцөлтэй камер байршуулж байж хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх түвшинг хэрхэн хангаж ажиллах вэ гэх мэтчилэн олон үндэслэлийг хангасан байх шаардлагыг тавьсан байгаа. Ингээд холбогдох албанд шилжүүлж одоо тендер зарлаад явж байна. Мөн түүнээс гадна байшин хороондоо тохижилт, явган зам, хүүхдийн тоглоомын талбай хийгдэж байгаа. Харин гэр хороололдоо хамгийн их зорчих хэсэг бүхий гудамж хооронд хайрган зам тавигдаж байна.

-Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулахад тулгарч байгаа бэрхшээл юу байна?

-Ер нь бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулахад тулгарч байгаа хүндрэл бол газрын асуудал байна. Нийтийн эзэмшлийн зам талбайд иргэд маань зөвшөөрөлгүй гарааш, харуул манааны цэгээ барьсан зэргээс шалтгаалаад ажил саатах тохиолдол гардаг. Үүнийг бид тухай бүрт нь өмч, газрын харилцааны албатайгаа хамтраад шийдээд явж байна.

-Иргэдийн оролцооны талаар тодруулмаар байна. Тухайлбал, иргэд өөрсдөө дүүрэгт хуваарилагдсан төсвөө хэлэлцдэг, хаана ямар бүтээн байгуулалт хэрэгтэй байгаад саналаа хэлдэг болсон шүү дээ?

-Төрийн захиргааны байгууллагын нэг гол үүрэг маань иргэдэд ил тод, нээлттэй үйлчлэх. Тэр утгаараа иргэдийн санал бодлоо төр, засгийн бодлогод тусгах үүднээс "Иргэний танхим"-ыг байгуулсан явдал юм. Манай дүүргийн хувьд одоогоор арван хороонд энэ үйл ажиллагааг бий болгосон. Ирэх жил үлдсэн хороод маань "Иргэний танхим"-тай болно. "Иргэний танхим"-ыг бий болгосноор иргэдийн хамгийн их хүрч үйлчлүүлдэг өмч, газрын харилцаа, халамж үйлчилгээ, нийгмийн даатгал зэрэг эрэлт ихтэй байдаг хэлтсүүдийг хороогоор аян зохион байгуулаад үйлчилгээг нь иргэдэд улам ойртуулан ажиллалаа. Мөн цаашдаа хамгийн их гомдол саналтай байдаг хог, гэрэлтүүлэг зэрэг асуудлаар холбогдох хэлтэс албадуудыг нэгдсэн байдлаар Иргэний танхим дээр ажиллуулахаар төлөвлөөд байна.

-Нийслэлд өрнөж байгаа хамгийн том бүтээн байгуулалт бол Гэр хорооллын дахин төлөвлөлт байгаа. Танай дүүргийн хэмжээнд энэ ажил хэр үр дүнтэй байна?

-Манай дүүргийн хувьд IX, XI, XV гэсэн хороодод Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил өрнөнө. Эдгээрээс нэлээд томоохон бүтээн байгуулалт нь IX, XI хорооны нутаг дэвсгэрт байрлах VII хороолол юм. Энд гурван компани дахин төлөвлөлт хийхээр нийслэл дээр шалгараад одоо иргэдээс санал авах, зөвшилцөх үе шатандаа явж байгаа. Саяхан "Заг" ХХК 100 айлд буюу XI хорооны нутаг дэвсгэрт хийх бүтээн байгуулалтын ажлын шавийг тавьсан.

-Дүүрэг өвөлдөө хэр бэлтгэлтэй байна?

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад ажилдаа орчихсон байна. Ерөнхийдөө дүүргийн хэмжээнд боловсролын байгууллагууд их дээр үеийн барилгатай учраас сантехник, дээвэр их хүндрэлтэй. Дүүрэг өөрийн хөрөнгө мөнгөний бололцоо болон хамтын ажиллагааны хүрээнд тодорхой ажлуудыг санаачлан хийж байна. Орон сууц нийтийн аж ахуйн байгууллагууд маань холбогдох шатандаа ажлаа хийгээд явж байгаа.

Эх сурвалж: Нийслэл таймс

СБД-ийн Засаг даргын тамгын газрын хүсэлтээр нийтлэв


Иргэдээс авсан саналын дагуу 42 багц ажил хийгдэж байна  
Үзсэн: 1098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй