Шууд Chart

“Сүйрүүлэх” бодлого

2015-09-09 15:57:20

-Оёдлын үйлдвэрүүдэд олгосон 9 тэрбум төгрөг хаачив- 

Засгийн газраас үндэсний үйлдвэрээ дэмжих зорилгоор 2013 онд 23 тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан хөнгөн үйлдвэрийн салбарт олгосон байдаг. Үүний есөн тэрбумыг нь сурагчийн дүрэмт хувцас дотооддоо үйлдвэрлэх төсөл нь шалгарсан долоон үйлдвэрт /Шилмэл загвар, Өүлэн мэнч, Төмөр трэйд, Шүтэн уул, Эрд сүлж, Торгон хийц, Бүтээлч үйлс/ олгосон. Гэтэл Засгийн газрын үндэсний үйлдвэрээ дэмжих гэсэн бодлогоос болж, санхүүжилт авсан долоон компани алдагдалд орж, эхнээсээ хууль шүүхийн хаалга татах дээрээ тулжээ. Үүнийг манай улс үндэсний үйлдвэрээ ямар бодлогоор, яаж дэмждэг бодит жишээ ч гэж хэлж болохоор...

Манай улс одоог бодвол социализмын үед ядаж хувцсаа өөрсдөө оёод өмсчихдөг байж. Энэ л үеийн үйлдвэрлэгчдийн бүтээж босгосон бүхэн өнөөг хүртэл арай ч бүр мөсөн устчихалгүй цөөн хэдэн оёдлын үйлдвэр болж үлдсэн. Харин эдгээр оёдлын үйлдвэрийн эзэд 2013 онд үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн сургаар нийлж сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх төсөл бичжээ. Тэдний төслийг тухайн үеийн Шинэчлэлийн Засгийн газраас дэмжиж, есөн тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Мөн тэр үед монгол хонины ноосоор даавуу үйлдвэрлэх “Могол ноос” төсөл дэмжигдсэн нь тэдэнд томоохон итгэл төрүүлжээ. Нэг ёсондоо дүрэмт хувцас үйлдвэрлэх үндсэн түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэх боломж олдсон байна. “Могол ноос” компанийн хувьд эхний ээлжинд дотооддоо нэхсэн утсыг Солонгост явуулж, даавуу үйлдвэрлүүлэхээр болсон. Харин дараа нь оёдлын үйлдвэрүүдээс орж ирсэн ашгаа хуримтлуулж, даавуу үйлдвэрлэх техник технологи нэвтрүүлэхээр сэтгэл шулуудсан байна. Гэтэл өнөөдөр тэдний энэ итгэл найдвар элсэнд асгасан ус аятай ор мөргүй болж. Дотооддоо даавуу үйлдвэрлэх зорилготой “Могол ноос” компани техник технологио бүрэн нэвтрүүлж, даавуу үйлдвэрлэх туршилтаа хийсэн ч үйлдвэрүүдэд нийлүүлсэн  даавууны үнэ болох 10 тэрбум төгрөгөө авч чадаагүй байна. Төслийг эхлүүлсэн оёдлын долоон үйлдвэрийн эзэн яаж нэг юм өр зээлээ дарж, хууль шүүхээс холуур өнгөрөх вэ хэмээн арга хайж, зовлон хураан сууна.

Тэд яагаад ийм байдалд хүрэв. Энэ бол ердөө л чөлөөт зах зээлийн зарчимтай холбоотой. Тэдний Солонгост стандартын дагуу /даавууны 40 хувь нь ноос/ хийлгэсэн сурагчийн дүрэмт хувцас нь манай зах зээлийн үнээс хэт давчихсан хэрэг. Манайхны өмнө нь аваад хэвшчихсэн урд хөршөөс оруулж ирдэг нэг хүүхдийн дүрэмт хувцас дунджаар 50 мянган төгрөг байхад манай үндэсний үйлдвэрийн хувцас доод тал нь 100 мянган төгрөг байх жишээтэй. Үйлдвэрлэгчдийн хувьд манай дүрэмт хувцас чанартай, бөөсөрдөггүй, ноосон материал нь хүүхдэд сөрөг нөлөөгүй гэх боловч ихэнх эцэг, эхчүүд тэдний хувцсыг авч чадсангүй. Нэг талаас чанарт нь сайн итгээгүй байж болох, нөгөө талаас олон хүүхэдтэй, тарчигхан амьдралтай иргэдэд үнийн хувьд хүндээр тусах нь ойлгомжтой. Ингээд монгол ноосоор хийсэн даавуугаар дүрэмт хувцас оёсон үндэсний үйлдвэрлэгчид өрөнд орж эхэлсэн байна. Төсөл эхэлснээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Долоон үйлдвэрийн хувьд нийт есөн тэрбум төгрөгийг хувааж авсан. Одоогоор Төмөр трэйд, Шүтэн уул /Дархан/ гэсэн хоёрхон компани зээлээ төлж чадсан. Харин бусад таван компани өрөө дарж чадаагүй хэвээр. “Шилмэл загвар” компани л гэхэд 1 тэрбум 180 сая төгрөгийн зээлээс хагас тэрбумыг нь төлж чадаагүй, “Бүтээлч үйлс” компанийн захирал  “Манайх ч гэсэн одоо 500 сая төгрөгийн зээлтэй” гэсэн мэдээллийг өгч байна. Нийт дүнгээр тооцвол долоон компани өнгөрсөн хоёр жилийн хугацаанд таван тэрбум гаруй төгрөгийг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд буцааж төлсөн. Одоо дөрвөн тэрбум орчим төгрөг төлөгдөөгүй үлдсэн гэдгийг хэлж байгаа юм. Мөн монгол ноосоор Солонгост даавуу хийлгэсэн “Могол ноос” компани 10 тэрбум төгрөгийг төлж чадаагүй байна. Иймээс зээл авсан долоон компани тус бүр дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Харин үйлдвэрийн эзэд төр засгийн тууштай биш, тогтворгүй, хувирамтгай бодлогоос болж ийм байдалд орсон гэдгээ хэлж байна. “Эхэндээ төрөөс бид та нарын төслийг бүхий л талаас нь бодлогоор дэмжинэ гэдгээ илэрхийлж байсан. Гэтэл яг бодит байдал дээр есөн тэрбум төгрөг хувааж өгөөд л орхисон. Даавуугаа Солонгосоос аваад дүрэмт хувцсаа үйлдвэрлээд удаагүй байтал, яг ижилхэн өнгө загварын дүрэмт хувцсыг томоохон зах худалдааны төвөөр борлуулж эхэлсэн. Энэ талаар Оюуны өмчийн газар хандсан боловч хариу ирээгүй. Эрээнээс орж ирдэг албан ёсны зөвшөөрөлгүй сурагчийн дүрэм хувцсанд хяналт тавихыг Гаалиас хүссэн боловч манайд зөвхөн хүүхдийн өмд, цамц гэсэн ангиллын хувцас орж ирдэг. Түүнээс биш сурагчийн дүрэмт хувцас гэсэн ангилал байхгүй учраас хянах боломжгүй”  гэсэн хариултыг өгсөн тухай ярьсан юм.

Төрөөс үндэсний үйлдвэрээ дэмжиж, дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн энэ бодлогыг үгүйсгэх хүн гарахгүй. Харин “Санаа байвч сачий нь хүрэхгүй” гэдэг шиг гаргасан бодлогоо бодит ажил болгож чадаагүй нь бас л төрийн буруу гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Эхнээсээ дүрэмт хувцасны зах зээл борлуулалтаа тооцож, импортын хувцсыг татварын бодлогоор шахах ёстой байсан. Цаашдаа дотоодын үйлдвэрүүд их хэмжээний дүрэмт хувцас үйлдвэрлээд эхэлбэл үнийн хувьд ч буурна. Зарим ядуу өрхийн хүүхдүүдэд төрөөс дэмжлэг үзүүлсэн ч болох байсан гэлээ. Мөн дотоодын үйлдвэрүүдийн загварыг нь гаргасан дүрэмт хувцсыг дуураймлаар хийх явдлыг зогсооход төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байж. Гэтэл Аж үйлдвэрийн яамнаас бүх зүйлийг чөлөөт зах зээлийн зарчмаар нь орхисон гэсэн хариултыг өгсөн. Мөн Аж үйлдвэрийн яамнаас эдгээр үйлдвэрийг шүүхэд өгчээ. Уг нь төрөөс татварын бодлогоор дэмжиж, боломж бололцоо муутай айл өрхийн хүүхдүүдэд үнийн хөнгөлөлт үзүүлэх зэргээс эхлээд бүхий л талын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байсныг хэлж байна. Гэтэл энэ хугацаанд манай засгаас ингэж дэмжих нь бүү хэл, салбарын сайд нь гурван удаа, төрийн нарийн бичгийн дарга нь гурван удаа, газрын дарга нь гурван удаа солигдсон байх юм. Сүүлчийн дарга нь эхний хүний эхлүүлсэн ажлыг ч мэдэхгүй байна. Эцэстээ биднийг шүүхэд өгсөн гэдгийг оёдлын үйлдвэрийнхэн хэллээ.

Салбар яамнаас “Бүх зүйл чөлөөт зах зээл зармаар” гэсэн ганцхан хариултыг өгдөг. Гэтэл бусад улс орны хувьд үндэсний үйлдвэрээ арай өөр зарчмаар дэмждэг бололтой. ОХУ л гэхэд манайхаас нэг жилийн дараа сурагчийн дүрэмт хувцас дотооддоо үйлдвэрлэх ажлыг эхэлсэн байна. Ингэхдээ Путин цөөн хэдэн загвар зохион бүтээгч, үйлдвэрүүдэд энэ ажлыг даалгаж, татвараас бүрэн чөлөөлжээ. Мэдээж импортын дүрэмт хувцсыг татварын бодлогоор хянаж, дотоодын үйлдвэрүүдээ бүх талаар дэмжсэн байгаа юм. Үүний ачаар өнөөдөр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангадаг болжээ.

Харин манай засгийн үндэсний үйлдвэрээ дэмжих гэсэн бодлогын дүнд үндэсний долоон  үйлдвэрлэгч дампуурлын ирмэгт тулжээ. Мөн татвар төлөгчдийн есөн тэрбум төгрөг салхинд хийссэн. Манайхан “Өөх ч биш, булчирхай ч биш” гэж хэлэх дуртай. Үндэсний үйлдвэрээ дэмжсэн шиг дэмжчихсэн бол өнөөдөр хүүхдийн  хувцасны мөнгөө урд хөршид тушаагаад суухгүй л байж. Гэтэл манай төр үндэсний үйлдвэрээ дэмжих биш, “сүйрүүлэх” бодлого зохиочихсон хэрэг.
 

Нийтэлсэн: Г.Батзаяа

“Сүйрүүлэх” бодлого   
Үзсэн: 3576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-09-13 16:34
ЭНЭ СЭТГҮҮЛЧ ДЭНДҮҮ ИЧИХ НҮҮРГҮЙ ХУДАЛ БИЧЖЭЭ.ЭНД НЭГ 7ҮЙЛДВЭР ЧИНЬ ХАРИН ЯНЗ БҮРИЙН АРГААР ИЖИЛ ТӨРЛИЙН ҮЙЛДВЭРТЭЙ ТЭРСЭЛДЭЖ ХУУЛЬ БУСААР ТЭНДЭРТ ШАЛГАРЧ,БАС БУС ЗАВААН ҮЙЛДЭЛ ЯВУУЛААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.ИНГЭЖ НЭГИЙГ НЬ ХАРЛУУЛЖ НӨГӨӨГ ГЯЛААНДУУЛЖ БОЛОХГҮЙ ДЭЭ. СЭТГҮҮЛЧ ГАУЙ.
103.11.194.xxx [103.11.194.xxx] 2015-09-11 16:28
Үндэсний үйлдвэрлэлээ татаж унагахад анхнаасаа наад төсөлд ороогүй "Батзүү" мэтийн компаниуд хужаа нартай нийлээд загварыг нь өгч хийлгэн оруулж ирээд унагасан шүү дээ.Эхлэхдээ л бөөн хэрүүлээр эхэлсэн.Ийм эзэн нь тодорхой улс орноо хорлогч нарыг нийтэд зарлаж шившиглэж байх хэрэгтэй.угаасаа Батзүү хятадын хямд материалаар өөрөө хагас дутуу хийж бусдыг нь урдаас бөөнөөр нь оруулж ирж монопольддог зах зээлээ алдлаа гэж тэднийг зориудаар дампууруулсан санагдана.Тэднийг шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй
175.211.106.xxx [175.211.106.xxx] 2015-09-11 12:25
gadnii baraag horidoggui yum gehed tatvariig n nemeh heregtei. solongosuud bol gadnii baraag ih muulj tarhi ugaadag. humuus n ch ih itegdeg. gadaad baraa hereglevel uhne gesen oilgolt suusan baidag
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2015-09-10 19:42
Батзаяа Та худлаа хэлж байна. Социализмын үед монголчууд хувцасаа өөрснөө хийж өмсдөггүй байсан.Монголд костюм хийдэггүй,монгол дээл өмсөхийг хориглодог байсан. Дэнжийн мянгын хар захаас гадаадын хуучин костюм,жийнс,гутал авч өмсдөг байсан юм шүү. Ботинк гэж нэг муухай юм хийдэг. Тэрнийг хүн голоод бараг өмсдөггүй.Хэдэн жилийнхийг хурааж байгаад Вьетнамд тусламж болгон явуулдаг байсан.Тэр үед хувийн тэрэгтэй хүн Монголд 16-хан байсан. Замын цагдаагийн бүртгэлээс шалгаж болно. Одоо цагийг социализмынхаас дордсон гэвэл ёстой нүгэл болно. Та нэг бол мэддэггүй,эсвэл худлаа хэлэгч байна.
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2015-09-10 08:17
Хятатдын зах зээлтэй чөлөөт өрсөлдөөнд тэнэг хүн нь оролцоно. Төрөөс бодлогоор дэмжихгүй бол монголын ямар ч үйлдвэрлэл ашиг олж чадахгүй., дампуурна.
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2015-09-09 23:23
энэ ч бас нөгөө тариаланчдыг дэмждэг шиг туслалцаа авна ихэнхийн шууд хувьдаа авна зохих хэмжээгээр нь тариад дахиад нөгөө тонн тутамын шагнал нэрээр цалингаа өгөөд л хямд шатахуун техник нэхээд авчихна тэгээд л үр ашгаа гурилын үйлдвэрт үнэтэй өгсөн тариагаараа олоод л дахиад худлаа үнэн хэцүү зардал зарлгаараа айлгаж нэхдэг шиг л байгаа уг нь чанартай сайн хийж үйлдвэрлэлээ нэмчээд цааш хөдлөх олох орлого тооцолдог болчихвол энэ хогын зангаасаа салбал манай үйлдвэрлэл аль дээр боссон худлаа гэвэл захирал л баяжаад үйл ажилагаа доголдсон амь тариа төдий ажил хийж дараагийн хөнгөлөлт зээлээр явж байгаа ш дээ одоо аргаа өөрчлөж үнэнчээр өөдлөхсөн
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2015-09-09 17:43
Худлаа битгий ярь. Маш муу чанартай. Хүүхдэд аллерги өгдөг.
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2015-09-09 17:11
Монголын даавуугаар оёсон дүрэмт хувцасыг миниы зээ хүүгиын ангиынхан бүгд өмссөн байдаг Яагаад ч юм үүнийг бичигч сэтгүүлч эхлээд сургуултар явж сайн судалж байж,үндэсний үйлдвэрээ МУУЧИЛАХ эрхтэй болмоор юм.Угаахад агшихгүй,элдэв бөөс гарахгүй ҮНЭХЭЭР сайн ЧАНАРТАЙ шүү дээ Монгол дүрэмт хувцас...Энэ жил дүү нь амсаж байна.Лав л 2-3 жил эдлүүлнээ....

Бидэнтэй нэгдээрэй