Шууд Chart

Өв хийгээд өмчийн тухай

2015-09-14 10:38:01

/Дурсамж тэмдэглэл/

....Хэдэн үеэр ядуу гуйлгачин явсан монгол хүн өмчийн тухай тун чиг балархай ойлголттой явсаар 20-р зуунтай золгож ямар ч байсан феодал ноёдын барлаг хамжлага зэрэг явснаа эрх чөлөөтэй болсон гэдэг. Түүхэнд тийм байлаа гэж социалист нийгэмд ерөнхий боловсролын сургуульд бидний үеийнхэнд зааж өсгөсөн. Өмчтэй болгох гэж гучаад оны эхээр бүх нийтээр баяжих уриалга дэвшүүлсэн ч бэлтгэлгүй шуурсан ажил баларсан. Коммун гэж нэрлэж байв. Нам яарсан учир зүүнтний нугалаа гэж тайлбарласан. Тавиад онд ард олны хөрөнгийг нийлүүлж нэгдэл байгуулснаар дундын өмчтэй болж дөчөөд жил болсон ч монгол хүн хувийн өмчтэй болж чадаагүй юм. Харин 90 оноос хойш өөр болсон. Одоо өмчтэй болсон, хөлд дүүжлэх унаатай толгой хорогдох хувийн байртай болсноос надна газартай болжээ. Энэ тухай зүүдлэхэд хориотой байсан үе удаан үргэлжилсэн. Их, бага ямар ч болов бүгд өмчтэй болж. Өмчийн үнэ цэнийг ойлгохтой болов. Тэгвэл өв гэж юу билээ. Өөрийн ойлгосноор яривал их удаан тайлбар болно. Залхаана. Хүмүүс мэднэ дээ. Миний өгүүлэх өв өөр юм. Монгол Улсад Телевиз гэж юм буй болоод одоо 48 жил болж байна. 1967 оны намар өдийд есдүгээр сарын 27-нд анхны нэвтрүүлэг эхлүүлэх гэж дээр, доргүй бужигнан будаг ханхалсан шинэ байранд учрыг нь гүйцэт ойлгох гэж чармайн суралцаж байгаа залуус идэвхийлэн хөдөлсөн өдрүүд галт тэрэг шиг хурдалж өдөр, шөнөгүй махран гүйж байсан хүмүүс гагцхүү 27-ныг догдлон хүлээж байсан биз ээ. Энэ тухай дөрвөн ангитай баримтат киног найруулагч Насанбатын Байгалтай тээр жил чадан ядан бүтээж бас ахмадууд эхлүүлсэн дөрвөн боть бие даасан ном редакторлан хэвлүүлсэн. Олон хүнтэй уулзаж тодруулан ярилцаж байсан болохоор нүдэнд харагддаг юм. Одоо энэ доорх зурган дээр байгаа хайрцагтай кино яагаад овоорох болсон тухай товч ярих гэж бага зэрэг оршилдоё. За яахав товчхон юм. 1967 оноос өмнө Телевиз ашиглалтад оруулах бэлтгэл ажил эхлэхэд монгол залуусын нэг хэсгийг нь Ленинградын инженерийн сургуулиудад, нөгөө хэсгийг нь Москвагийн Төв телевизийн дэргэдэх сургалтын төвд явуулсан юм. Энэ тухай олон хүн ярьдаг. Би нэртэй зохиолч Дожоодорж гуайтай нэг өрөөнд гурван жил өөд өөдөөсөө харан суухдаа тэр тухай нь амтархан сонсдог байлаа. Ер нь Монголын Телевизийн анхны мэргэжилтнүүдийг Зөвлөлт Холбоот улсад бэлтгэсэн. Ингэхээс өөр арга байгаагүй. Тэр үед Америк, Япон, Герман, Өмнөд Солонгос улсад социализмын дайснууд гэгддэг байсан учир бид тэдэнтэй ойртох арга байгаагүй. Зөвлөлт улсад 1933 онд телевизийн бэлтгэл ажил өрнөж 1937-1938 онд туршилтын нэвтрүүлэг эхлүүлсэн ч Испанид иргэний дайн өрнөж удалгүй дэлхийн хоёрдугаар дайны гал дүрэлзсэн учир хойшлогдож дайн дууссаны дараа 1945 оны хавраас Москвагийн Шаболовка гудамжнаас телевизийн нэвтрүүлэг дахин сэргэжээ.

Тэр үед Европ даяар шуугиан дэгдээсэн хөлбөмбөгийн Москвагийн Динамо баг Английн Манчестер болон Челси багтай тоглосон нь кино хальсанд буулгаснаар лав Шаболовкийн Төвөөс нэвтэрсэн байх аа. 1967 онд Монголын Зурагт радиогийн анхны мэргэжилтнүүд төгсөж үндэсний нэвтрүүлэг эхлүүлэх бэлтгэлд шуурхай орсноор тэр намар зурагтын дэнж халуухан байсан гэдэг. Мэдээний анхны сурвалжлага бэлтгэх ажилд лав залуухан бүсгүй М.Буяндэлгэр 8 сард Зүүнхараа орж фото зургаар анхны мэдээг хадланчдаар бэлтгэж байсан. Тэр үед видео хальс энэ тэр байтугай 16 мм-ийн кино хальс ч байгаагүй. Бүх мэдээг фото зургаар бэлтгэж байв. Дожоодорж гуай мөнөөхөн Монгол залуусыг ахлан Москвад очсон хүн шүү дээ. Тэр үед Зөвлөлтийн Төв телевизийн ерөнхий захирал Лапин гуай дээр орж хадаг, сүү бас монгол архи барин золгож Монгол Улсад телевиз байгуулагдаж байгааг дэмжин сургалт явуулсанд талархаад бас үзэгчдэд үзүүлэх кино сантай болох тухай хүсэлт тавьжээ. Зөвлөлтийн Төв телевиз анхныхаа киног Мосфильм кино студийн баазад түшиглэн "Шуурган галын дундуур" гэж нэртэй дөрвөн ангитай уран сайхны кино бүтээсэн бөгөөд үүнийгээ бэлэглэжээ. Энэ кино бол Зөвлөлт Холбоот Улсын ардын жүжигчин нэрт кино найруулагч Колосовын бүтээл бөгөөд эх орны дайны үед Германы фашизмтай тэмцсэн партизануудын тухай юм. Гол дүрд нь өөрийн нь эхнэр ардын жүжигчин Людмила Касаткинаг тоглуулсан байдаг. Энэ кино Монголын Зурагт Радиогийн анхны сан хөмрөг. Үүний дараа "Зоригт Бонивур" болон Октябрийн хувьсгалын 50 жилийн ойд зориулсан "Нэгэн зууны түүх" гэдэг тавин ангит баримтат киног өгчээ. Энэ завсар Монголын телевиз Дожоодорж гуайн идэвхитэй хөөцөлдсөнөөр Польш Улсын Сирена кино үйлдвэрт бүтээсэн "Нохойтой дөрвөн танкчин" олон ангит кинотой боллоо. Энэ бол Польшийн ард түмний бэлэг байсан. Энэ киног үзээгүй өссөн нэгэн үеийнхэн үгүй байх.



Дараа нь "Амьнаас чухал үйлс" кино 1969 онд ирсэн. Ингэж Монголын Үндэсний телевизийн сан хөмрөг шинээр бүрджээ. 1970 он гэхэд 120 гаруй нэрийн уран сайхны кинотой, олон зуун бүлэг баримтат кинотой долоо хоног бүр кино хөтөлбөртэй телевизтэй болсон байлаа. 1971 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолын дагуу манай улсын Телевиз өөрийн кино студитэй болов. Тэр үед Телекино үйлдвэр гэж нэрлэгдэх болсон. Монгол телевизэд мэдээний кино дүрс, нэвтрүүлгийн дүрс, мөн баримтат болон уран сайхны кино хийж эхэлсэн түүхтэй. Монгол телекино үйлдвэрт бүтээсэн баримтат кино нь Москва хотод болдог олон улсын "Радуга" кино наадамд гурван удаа тэргүүн шагнал хүртэж билээ. 125 орон оролцдог байсан гэхээр цар хүрээ нь ойлгогдоно. Ер нь телекино үйлдвэр маш бүтээлч шаргуу ажиллан 200 гаруй нэрийн баримтат болон 30 гаруй хүүхэлдэйн киног плёнкон дээр бүтээсэн. Энэ завсар Монгол телевиз Зүүн Европын социалист орнуудын телевизийн холбоо "Интервидений" гишүүн болж үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож байв.. Болгар, Унгар, Чехословак, Румын, Солонгос, Куба болон Франц, Финланд, Японоос төрөл бүрийн кино программ уран сайхны киног 35 мм болон 16 мм-ийн кино хальсаар авч 1985 он гэхэд тэр үед 3 сая төгрөгийн өмч харин бүтээлийн хувьд хэзээ ч үнэ цэнээ алдахгүй өв сан хөмрөгтэй болсон байлаа. Энэ өв санг тэр үед залуухан миний бие Кино программын хэлтсийн дарга Герман гэх Ширбазарын Алтансүх даргын удирлага дор фондчин Дашзэгвэ, монтажчин Гэндэнсүрэн гуай нарын хамт бүртгэн өрж цэгцэлнэ. Тэгээд эфирт бэлтгэдэг байв.

Долоо хоногт хоёр удаа нисэх онгоцны буудал явж гадаад орнуудаас ирүүлсэн кино материал авчирч тусгайлан бүртгэн үзэж, орчуулагчдад өгнө, хянана тэгээд эфирт гаргадаг байв. Гадаад орнуудаас мөн ч сонирхолтой мэдээ, сурвалжлага хүүхдэд зориулсан кино хүүхэлдэйн кинонууд ирж байсан даа. Ялангуяа Чехословак улсаас ирүүлсэн "Арабелла", "Нисдэг Честмир" зэрэг кино гарч манай хүүхэд багачууд үнэхээр амтархан үзэж байсан даа. Энэ бүгд манай телевизийн үнэт өв байлаа. Өмчтэй байхаас гадна өвтэй болно гэдэг учиртай явдал. Өвтэй байж ярих түүхтэй болдог. 1981 онд Ардын хувьгалын 60 жилийн ойн өмнө Франц улсын "Пикот" гэх дууны хальсаа тусад нь уншдаг аппарат проекционы төхөөрөмж авсан нь Монгол Улсад хамгийн үнэ цэнэтэй технологийн гарамгай шинэ дэвшилтэт техник байсан билээ. Бараг Останкиногийн телевизэд байгаагүй энэ техникийг тухайн үед валютын өндөр үнээр авсан нь улс телевизийн нэвтрүүэгт хичнээн анхаарч байсны гэрч болно биз ээ. Францын тэр төхөөрөмж Америкад болон Африкийн баян орнуудад Зүүн өмнөд Азийн франц хэлтэй хэд хэдэн улсад байсан гэдэг. Энэ төхөөрөмж 2000-д оны эхээр муудаж хуучирсан тул арга буюу сэлбэг авах боломжгүй гэж нэлээн хэдэн жилийн өмнө буулган акталж билээ. Бидний залуу нас энэ аппаратны дэргэд өнгөрч уран бүтээлийн тухай мэдэж суралцсан, бас их сайхан хүмүүстэй ажиллаж байсан учир хаясны дараа өрөө нь ханхайгаад сэтгэл хэсэг догдлон бачуурах мэт болж байсансан. Их сайхан хүмүүс байсан юм шүү. Телевизийнхээ ажилд үнэнхүү сэтгэлтэй, онгирч сагсуурдаггүй, бие биендээ дээрэлхдэггүй ах, дүү мэт бие биенээ харж түшдэг тийм л хүмүүс байж. Том уран бүтээлчидтэй байсан юм шүү. Жишээ нь, "Эдлэх ёсгүй эрх" жүжиг бичсэн зохиолч Ш.Ёнхор гуай болон нэртэй найруулагч Бадрууган, Бадрах, редактор Дорж, Мишгээ гуай зохиолч яруу найрагч Т.Очирхүү болон Ерөөлсүрэн гуай нар байнга л орж ирдэг сэн. Фондчин өвгөн Гэндэнсүрэн гуай маань хөл их муутай таягтай. Саажилтаас болж хөл татсан тул сойлттой мэт дээш татагдсан учир суга таяган дээрээ л шахуу явдаг байлаа. Нисэхээс ирсэн хайрцагтай кино бүрийг эгээ л хүүхэд өлгийдэх мэт нямбайлан арчиж цэвэрлээд марк тэмдэг тавиад эфирт бэлтгэнэ. Намайг хайрцгаа арай хүчтэй буулгахад хөөе гээд эгээ л ёолох нь холгүй уулга алддагсан.

Хөөрхий Дашзэгвэ гуай маань 60 хүрч явсан байх. Надад учиргүй хөгшин хүн шиг санагддаг байж билээ. Аргагүй би тэгэхэд 22-той байлаа шүү дээ. "За та урдаас ийм, ийм кино аваад ир дээ. Би орчуулга тааруулна" гэхэд хорь гаруй хайрцгийг хүч гаргаад л тэвэрчихсэн орж ирдэг сэн. Намайг залуу болохоор бас цаашлуулна. "Бичиг үсэгтэй, хэл устай хүн ирээд сайхан байна аа гээд зөөлөн харцаар илбэх мэт харж өхөөрдөнө". Би аргагүй залуу байжээ. Монтажчин өвгөн Гэндэнсүрэн гуай маань кино бүрийнхээ хайрцаг дахь метр болон маркийг нямбайлан тавьж дуусаад өрөөнөөсөө гарч шатан дээр суун тамхилна. Нэг их жаргалтай амгалан тайван харагддагсан. Тэгээд ороодог тамхиныхаа жижиг хайрцагнаас нэг янжуур гарган над бариад охин маань гадаадаас авч ирсэн юм гэж дайлна. Охин нь циркийн жүжигчин акробатчин Магда байсан. Хүмүүс танина. Бид хэд иймэрхүү амьдралтай 1990-ээд оныг хүртэл Телевизийнхээ фондыг эмхэлж цэгцэлж бөөцийлж өөрийн өв сантай болгосон доо. Гэхдээ 1970-аад оныхныг ч бас дурдах хэрэгтэй. Надаас өмнө Цэрэн-Очир гэж ах байсан. Бас л энэ архивыг цэгцлэхэд их ажил хийсэн хүн дээ. Намайг ирэхэд мэргэжлийн бус гээд өөр ажил руу явуулсан. Бид хэд одоо телевизийн ажилчдын шинэ байр барьсан газрын дэргэдэх саарал нэг давхар фондын байшиндаа бүртгэл хийж эмхлэх, өрөх ажилтай өнжих нь олонтаа байсан даа. Тэнд 20-иод мянган хайрцаг кино байж билээ. Бүгдийг нь дугаарлаж бөөрөн дээр нь тосон будгаар тэмдэг тавьж хураасан.

Дашзэгвэ гуай цэцэг их тарина. Өвөл гадаа хүйт тачигнаж байхад Дашзэгвэ гуай цэцгээ услаад угтдагсан. Энэ өрөөний баруун талын хэсэгт хэдэн жилийн өмнө одоо тэнгэрт хальсан орчуулагч Пүрэвээ маань сууж байсан юм даа. Хоёр жилийн өмнө фондын байшинг ганцхан шөнийн дотор буулгаж нэг муухай хар туурь үлдээж билээ. Удалгүй дэргэд нь орон сууц сүндэрлэн боссон. Олон айл гэр оронтой болж телевизийнхний залуучуудын хэдэн жил мөрөөдөл байсан хүсэл биелж сууцтай болсон. Гэхдээ фонд буулгасны дараа тэр олон зуун хайрцаг киног харанхуй подвалд зөөн оруулж газраар зулснаас болон усанд автаж олон зуун хайрцаг кино хэрэггүй болж билээ. Бараг машин хог хаясан гэж харуулууд халаглаж байсан. Бидний ихэнх нь энэ явдлыг мэдээгүй бөгөөд их л харамссан юмдаг. Одоо үлдсэн нь 10 -аад мянган хайрцаг хүрэхтэй үгүйтэй болжээ. Өнгөрсөн зун Доржзовдын Энхтуяа захирлын идэвхийлэн хөөцөлдсөнөөр Голланд улсаас пленк сэргээдэг аппарат авч ирсэн. Энэ асуудлыг жил хагасын өмнө Үндэсний Зөвлөлийн хурлаар хоёр ч удаа авч хэлэлцсэн. Ний нуугүй хэлэхэд Программын дарга Ө.Нарангэрэл маань тулж хамгаалсан юм шүү. Яагаад гэвэл тэр үеийг сайн мэдэх хүний хувьд энэ хичнээн үнэ цэнтэйг ойлгосон хэрэг. Бид хоёр хааяа энэ тухай ярьдаг юм. "Штеенбек" бол Телекино үйлдвэрт ирсэн монтажны сайн ширээ байсан бөгөөд манай улс телевизийн шилдэг сайн кинонуудаа энэ техникийн хүчээр эвлүүлж монтажилсан. Хожим 1992 онд өмч хувьчлалын балгаар үрэн таран болсныг ийнхүү өнгөрсөн жил бараг хорин таван жилийн дараа эргүүлж шинийг захиалан авчруулсан.

Одоо үүгээр өнөөх үндсэн өв болох кинонуудаа сэргээх заримаас нь үзэгчиддээ дахин үзүүлэх боломж нээгдэж байна. Харин Үндэсний телевизийн хуучин төвийн хонгил аймшгийн харанхуй хар нүх болж хогонд дарагдан үзэшгүй муухай болсныг энэ зунжин цөөн хэдэн сайн сэтгэлт хүмүүсийн тусламжаар засч шохойдон хүн орохтой болгож дахин тавиур зангидан үнэт өвөө хадгалах боломж нээх гэж байна. Даанч хүч хүрэхгүй мухарддаг дээрээ тулсан үед залуучуудад хандахад өлгөж авсан нь сэтгэлд нар гийх шиг болов. Бидний ахмад үе бие сэтгэлээ зориулан байж хоёргүй зүтгэлээр Монгол Улсад Телевиз гэгчийг хөл дээр нь босгож бий болгосон л юмдаг. Цааш яаж авч явах нь залууст үлдсэн хэрэг. Амьдрал хөвөрсөөр ус мэт урсан одоход архив уул мэт сүндэрлэн хоцордог гэж нэг үг байдаг нь бас чиг үнэн үг юм даа гэж бодогддог. Юу болох бол ...

Нийтэлсэн: Г.Золжаргал

Өв хийгээд өмчийн тухай  
Үзсэн: 1198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.55.190.xxx [202.55.190.xxx] 2015-09-15 17:47
сайн байна золоо минь хэдэн үеин давтагдашгүй түүхийг үнс болохоос нь аврах хувь тохиол чамд байсан вм байлгүй амжилт хүсье Төрөө

Бидэнтэй нэгдээрэй