Шууд Chart

Хөрөнгийн зах Засгийн газрын бондоор "бялуурчээ"

2015-10-27 11:26:21

Монголын хөрөнгийн биржийн 20 гаруй жилийн түүхэнд ганц удаагийн арилжаагаар 365 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн дээд  амжилт энэ онд бүртгэгдэв. Хөрөнгийн зах зээлийн хувьд энэ сайны дохио. Статистикийн хорооны мэдээгээр өнгөрсөн есөн сарын байдлаар 758.2 тэрбум төгрөгийн арилжааг биржээр дамжуулан хийжээ. Энэ нь 24.8 сая ширхэг үнэт цаас бөгөөд өнгөрсөн оны мөн үеийн арилжааг 5.5 дахин нугалсан гайхалтай тэлэлт. Үнийн дүнгээр бол үнэт цаасны зах зээлийн арилжаа цэвэр 620.3 тэрбумаар өссөн энэ арилжааг эдийн засгийн өсөлт дээд цэгтээ тулсан үеийг ч давсан мундаг үзүүлэлт болохыг судлаачид онцолсон. Гэхдээ хөрөнгийн зах Засгийн газрын бондын арилжаан дээр тогтож байгааг  тоо баримт харуулж буй нь сайн гэхээсээ илүү муу үр дүнд хүргэв. Тиймээс хувьцаа, бонд хоёрыг ялгаж, салгах нь төсөв мөнгөний асуудал хэлэлцэж буй энэ үед тулгамдсан асуудал болоод байна. Тэгвэл хувьцаа, бонд хоёр юугаараа ялгаатай юм бэ. Энэ хоёр “үнэт цаас” нэрийн дор нэгдэх боловч үнэн хэрэгтээ хөрөнгийн зах гэдэг нэг зоосны хоёр тал юм.

Хөрөнгийн зах зээлийн “шүлсийг асгаруулах” болсон бондыг Үнэт цаасны зах зээлийн тухай хууль өрийн бичиг гэж тодорхойлжээ. Тодруулбал, товлосон хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүг мөнгөн, эсвэл эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр эргүүлэн төлөхийг гэрчилсэн үнэт цаасыг бонд гэдэг. Товчхондоо, бонд нь бусдаас тодорхой нөхцөлөөр мөнгө зээлж буйг гэрчилсэн үнэт цаас юм. Олон улсын түвшинд “Бонд” хэмээх нэрийг түгээмэл хэрэглэдэг учраас Монголын зах зээлд ч энэхүү нэр томьёо хэдийнэ танил болжээ. Одоо хөрөнгийн биржийн нийт арилжааны 98 хувийг Засгийн газрын бонд 431 тэрбум төгрөгөөр эзэлж, үлдсэн хувийг хуваасан хувьцаа, компанийн бонд  7.8 тэрбум төгрөгийн гүйлгээ болжээ. Тиймээс хөрөнгийн зах зээл дээр эрэлт өндөр байгаа Засгийн газрын бонд улсын өрийн дарамтыг нэмэх болсон. Цаашлаад төсвийн зарлагад ч жин  даржээ. Төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу энэ оны төсвийг ДНБ-ий хоёр хүртэл хувийн алдагдалтай байхаар баталсан. Гэтэл өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал тооцоолсон дүнг 290 тэрбумаар хэтэрсэн тоо гарчээ. Хэрвээ оны эцэст нэг их наяд хүрвэл ДНБ-ий 10 хувийг давахаар байгаа юм. Олон сар дараалан өсөж буй төсвийн алдагдлыг нөхөхөөр Засгийн газраас хөрөнгийн зах зээлд их хэмжээний бонд нийлүүлэх болсон. Энэ нь үнэт цаасны зах зээлд багагүй эрэлттэй байгаа. Учир нь 15-16 хувийн хүүтэй арилжиж буй.  Улмаар Засгийн газарт өндөр хүүтэйгээр мөнгө зээлэх сонирхол өссөн хэрэг. Засгийн газрын бондын хүүгийн зардал өнгөрсөн оноос 137 тэрбумаар буюу 52.6 хувиар өссөн нь үүнийг харууллаа. Энэ нь дээр дурдсан зарлагын өсөлтөд хамгийн их хувийг эзэлжээ. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдлыг нөхөх зорилготой Засгийн газрын бонд, эргээд төсөвт хүндрэл учруулах болов. Энэ нь өөрөө хөрөнгийн зах зээлийг эрүүл бус харагдуулах болж, Засгийн газрын бүтээгдэхүүн хувийн хэвшлийн оролцоог чөлөөт эдийн засгаас шахаж буй. Эцэст нь Засгийн газар бондын хүүд жилдээ 800 орчим тэрбум төгрөг зарцуулж байна.

Тэгвэл хувьцаа нь компанийн өмчийг худалдаж авч байгаа хэлбэр бөгөөд эзэмшигч компанийн үйл ажиллагаанд санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ гэж Үнэт цаасны тухай хуульд заасан байдаг. Жишээлбэл, Монгол Улсын иргэд эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшсэнээр тус компанийн хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагч болж, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, болон холбогдох бусад хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчийн эрхийг эдэлнэ. Тухайн компанийн орлогоос хөрөнгө оруулсан хувийнхаа дагуу ногдол ашиг авна. Тиймээс арилжааны банкны хадгаламж болон бондын арилжаанаас илүү ашигтай гэж үздэг. Гэхдээ хувьцаа эзэмших нь дээр дурдсан шиг давуу талтай бол бас сул талтай аж. Тухайлбал, аливаа компанийн хувьцааны ханш нэг тогтсон үнэтэй байдаггүй, эдийн засаг, зах зээлийн мөн компанийн үйл ажиллагаа зэрэг гадаад,  дотоод олон хүчин зүйлээс хамааран хэлбэлзэж байдаг. Тэгэхээр өндөр үнээр худалдаж авсан хувьцаа маань ханшийн уналтад орох тохиолдол гарна. Цаашилбал компани дампуурах эрсдэл ч нүүрлэж болохыг мэргэжилтнүүд анхааруулдаг. Ер нь хувьцаанд хөрөнгө оруулагч нь банкны хадгаламж болон бондоос илүү өндөр ашиг олох зорилготой. Гэвч ашиг их бол эрсдэл мөн адил гэдэг зарчмын дагуу хувьцаа илүү ашигтай ч өндөр эрсдэлтэй тул өнөөдөр хөрөнгө оруулагчид өндөр өгөөжтэй, Засгийн газрын баталгаат бондод ач холбогдол өгөх болов. Эсрэгээрээ хувьцааны арилжаа уруудсаар байгаа юм.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Хөрөнгийн зах Засгийн газрын бондоор "бялуурчээ"   
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.111.xxx [202.21.111.xxx] 2015-10-28 08:47
Hurungiin birjiin zahiral ni darga bolnguutaa huviin broker dilleriin company bguulaad humuusees munguu uguurei geed bns bond hudaldaj avah sonirholtoi bjee, enen ashig sonirhliin zurchil mun uu

Бидэнтэй нэгдээрэй