Шууд Chart

Танд найз байхгүй...

2015-11-25 11:57:00

Нэгэн цагт нэг баг болон ажиллаж, нэг галт тэргэнд явсан нөхөр маань амьдралын нугачаанд хөл алдсан нь саяхан. Гэсэн ч тэрээр итгэлийг нь  алдсан нөхдөдөө хүн шиг амьдралаар гэм хүлээхээр зорьж буй биз. Хүний урмыг хугалахаар ууцыг нь хугал гэж үг байдаг. Зовсон найздаа зоос өгөөд байж чадахгүй, өрөвдөөд байх утгагүй, урам өгч, ухаантай байхыг ташуурдах гэж блогдоо үзэглэдэг бодлуудыг нь уншигч танд хүргэж, сэтгэлийн дэм өгөхөөр шийдлээ. Уншигч та түүнтэй сэтгэгдлээ хуваалцаарай. Магадгүй танд ч нэг өдөр түүнд тохиолдсон шиг биш ч хүндхэн өдрүүд тохиохыг хэн байг гэхэв. Түүний оронд байсан бол гээд тунгаагаад нэг үзвэл...


Ухаарал хайрлах алдаа алтнаас ч илүү үнэтэй

Сайт ухаж байсан чинь нэгэн хуудсанд “танд найз байхгүй” гэсэн хэсэг байсанд жаахан цочирдлоо. Энэ үг намайг хэсэг бодлогшируулахад хүргэлээ. Найрлаж суугаа нөхөд руу бус, зовлонд унасан нөхөр рүүгээ л бүхнээ орхиж яаран тэмцвэл тэр жинхэнэ нөхөрлөлийн үнэ цэнэ байх. “Танд найз байхгүй” гэсэн үг хэдийгээр огт худлаа ч энэ сайт намайг гонсойлгож орхив.  Найз нөхөд бидний сэтгэл санаа, бие мах бодь, сүнслэг амьдрал маань эрүүл байхад чухал байр суурь эзэлдэг гэж би ойлгодог. Хүн аливааг үзэж харснаараа, уншиж мэдсэн хэмжээгээрээ тунгаадаг гэдэгт би итгэдэг юмаа.

Найз нар миний сэтгэлийн шаналалыг чин сэтгэлээсээ сонсдог бөгөөд асуудлаа өөрөө шийд гээд түлхдэггүй гайхалтай хүмүүс. Өрөвдөж байгаа нь биш тусалж байгаа нь Жинхэнэ найз гэсэн үгийг ямагт л санаж явбал болноо. Амьдралын элдвийн түлхэлтэд нам авахуулахад найзууд минь л өмөөрч хамгаалан зогсдогт нь би хязгааргүй баярладаг ч тэр бүр өөдөөс нь хараад хэлж зүрхэлдэггүй сул талтайгаа бодож сууна. Найрлаж суугаа нөхөд руу бус, зовлонд унасан нөхөр рүүгээ л бүхнээ орхиж яаран тэмцвэл тэр жинхэнэ нөхөрлөлийн үнэ цэнэ байхаа.

Мөн тэд маань намайг амжилттай байхад надаас ч илүү бахархан бүгдэд мэдээлдэг… Сонголтын салаа замын уулзвар дээр ирэн тээнэгэлзэн зогсоход зөв сонголт хийх гайхалтай үг хэлдэг. Миний найзууд энэ бүгдийг хийж чаддаг, бүр үүнээс ч ихийг хийж чадах хүмүүс. Жинхэнэ найз алт, үнэт эрдэнэс мэт үнэ цэнэтэй, тэгсэн атлаа маш ховор зүйл гэж боддог доо.

Зовох цагт өргөөд босгох нь чиний найзууд
Зориод очиход тосоод угтах нь чиний найзууд
Гунисан цагт сэтгэлий нь сэргээх чиний найзууд
Гутарсан үед итгэл өгөх нь чиний найзууд.

2011.08.02


Асуудалд эерэгээр хандах хандлага

Саяхан миний найз ууланд авирч байгаад өндрөөс унан хөлөө гэмтээхэд нь хамт аялалд явсан хүмүүс сандралдан, бужигнаад л явчихсан гэсэн. Гэтэл хөнгөхөөн боолт хийсний дараа миний найз юу ч болоогүй мэт инээгээд л алхаж өгч. Хүмүүс мэдээж тэвчээртэйг нь гайхан, бахархсан нь ойлгомжтой байлаа. Гайхалтай нь тэр найз маань гэр рүүгээ өөрийнхөө хоёр хөлөөр, хэний ч дэмжлэггүйгээр очиж  чадсан, тэр тусмаа түүнд ямар ч эмчилгээ, эм тариа хэрэггүй гэж тэр бардам хэлсэнд би ч цочирдсон юм.

Түүний зүүн хөлний шагай булгарсан тул биеийнхээ бүх ачааллаа ердөө л баруун хөл дээрээ авч явсаар гэрийн зүг зүтгэсээр иржээ. Мэдээж түүнд өвдөлт мэдрэгдэж л байсан байх. Гэвч түүнд боломж үлдсэнд л найз маань баярлаж байсан нь тэр. Тэр тамирчин хүн учир бие нь чийрэг учир тиймхэн бэртэл бол асуудал биш маш хурдан эдгэрнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байлаа. Найзад маань үүнээс ч илүү хүнд зүйл тохиолдож болох байсан байх. Бидэнд ямар ч тохиолдолд асуудал тулгарахад гарах гарц зөндөө л байгаа.

Нүдээ томоо нээгээд л эргэн тойрноо эргүүлээр харахад хангалттай л даа. Ай даа энэ амьдралаас баяр баясгаланг хангалттай авч чадах л юм бол бидэнд хэрэгтэй бүхэн бүгд л хангалттай байна даа гэж би танд зөвлөх байна. Асуудлыг аль талаас нь харж буйгаас өөрт тийм мэдрэмж, таашаал, үр дүн ирдэг. Зовлон зүдгүүр хүн бүрт л байнга тохиолддог. Бид хүнд хэцүү асуудлаас ч сайныг нь харж сурчихвал ч бүх зүйл болоод явчих нь тэр дээ найзууд минь.

2011.08.03


Бэлтгэсэн:

Б.Дулмаа
М.Тодбэх


Танд найз байхгүй...  
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй