Шууд Chart

Хамгийн хэрэгтэй нь гээд тэнгэр рүү дуудагдсан Аавдаа

2015-12-25 15:02:50

Аавыгаа би 53 настай байхад нь мэндэлсэн юм. Хүнд өргүүлчихье ээ гэхэд нь аав минь хэнз юм, ах эгчтэй нь ижлээр нь хүн хийнээ гээд зөвшөөрөөгүй юм гэнэ лээ. Тэр цагаас хойш би аавыгаа алсын алс яван явтал өврөөс нь гаралгүй, гараас нь тавилгүй 20 гаруй жил болсон доо. Аав минь 24/48 гэж нэрлэдэг жижүүрийн ажил хийдэг байлаа.

Аав ажилтай шөнө надад маш хэцүү санагддаг байсан байх аа. Одоо бодоход би дагадаг, дагаад дийлдэг байсан юм болов уу, үйлдвэр дээр нь очиж хонодог байж. Гараасаа салгалгүй өсгөж хоолонд минь хүргэтлээ аав минь надад их зүйлийг үлдээсэн дээ. Ах дүү, найз нөхөд олонтой аав минь найр наадам, үхэл хагацал аль алинд нь л голлох үүрэгтэй явна. Би бас л дагаад хамт байх, би эхэндээ аавгүйгээр байж чаддаггүй байсан бол сүүлдээ аав надгүйгээр явж чадахаа больсон доо. Бусдын гунигийг хуваах зүрх сэтгэлийг, ерөөл буян, баяр жаргал хайрлах утгатай үгийг, эвлэлдэн зохицож эерэг бүхнийг харахыг хичээх төвт ёсыг аав л надад үлдээсэн.

Хүний хүнд сайн байж өөрийн сэтгэлээ нээж өөриймсөн амьдрах ухааныг танаас л өвлөсөн. Үгийн үнэ цэнэ, хүч, утгын уянга, уран зохиолын амттайг аав л мэдрүүлсэн. Буурал аавтайгаа хөтлөлцөөд будрах цастай орой Болор цомоос гарч явахад аав хэзээний шинэ шүлгийн мөрүүдийг нь уншиж шарыг минь малтан ой тойг минь хурцалж ,хөгжүүлж эхэлдэг байж билээ. 1-р ангид ч сууж үзээгүй атлаа тийм их ой той, оюун ухаан яаж танд минь заяасан юм бэ дээ. 20 нас хол өнгөртөл минь хуруун чинээхэн амьтнаар юм угаалгахгүй ээ гээд юунд ч хүргээгүй нь гарыг минь булбарай хэвээр нь үлдээсэн. Одоо 40 хүрсэн миний гангараа гар минь. Баярлалаа ааваа.

Үлдээсэн бүхнээр чинь гоёж, өөрийгөө таниулж бас эрхлүүлж өнгөлөг амьдардаг аа хэнз нь. Хазайж гундах, халтирч алдахын даваан дээр дээрээс намайг ивээж дэргэд минь юм шиг л хайрладаг буурал аавтай би хамгийн азтай хүүхэд. Танаар газар бүр дутах болохоор хамгийн хэрэгтэй гээд тэнгэр лүү явсан л гэж боддог. Тэндээс харж, хайрлаж суугаа гэж итгэдэг болохоор тандаа ХАЙРТАЙ ААВАА гэж хэлье. Танаар дутсан тэнгэрийн орондоо тавтай сайхан өвөлжиж байна уу гэж золгоё!

Эх сурвалж: Бүх хайраа гэр бүлдээ хуудас


Хамгийн хэрэгтэй нь гээд тэнгэр рүү дуудагдсан Аавдаа  
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.92.xxx [103.57.92.xxx] 2015-12-25 21:10
AAVIIGAA MON CH IX SANAJ BAINA DAA , AAVDAA ZAGNYYLAX BAITYGAI MYYXAI CH XARYYLJ YZEEGUI OSSON DOO BI

Бидэнтэй нэгдээрэй