Шууд Chart

15 настай Хлоя Кимийг дасгалжуулагч нь АНУ-ын ирээдүй хэмээв

2016-01-26 12:00:12

Олон улсын цанын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сноубордын дэлхийн цомын тэмцээн АНУ-ын Калифорниа мужид болж, ангилал тус бүрийн шилдгүүд тодорлоо. Энэ сарын 21-нээс эхэлж дөрвөн өдөр үргэлжилсэн тус тэмцээн slopestyle болон halfpipe ангилалд зургаан орны 40 гаруй тамирчин хурд, хүчээ сорьсон юм. Өчигдөр болсон halfpipe ангиллын шигшээ тоглолтод эрэгтэй 10, эмэгтэй зургаан тамирчин өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн ангилалд 2014 оны дэлхийн аварга Япон улсын тамирчин Рио Аоно тэргүүллээ. Тэрбээр сүүлчийн гараанд амжилттай газардаж, нийлбэр дүнгээр 91.20 оноотой болсон юм. Хоёрдугаар байрт АНУ-ын тамирчин Чэйс Жооси шалгарлаа. Тэр гурван гарааны дараах нийлбэр дүнгээр 90.20 оноо авсан. Харин гуравдугаар байрт мөн л АНУ-ын тамирчин Гэйб Фергюсон 85.80 оноотойгоор бариаллаа. Энэ нь түүний өөрийн карьерт тогтоогоод байгаа хамгийн анхны өндөр үнэлгээ болж байна. Уулын цанын спортын сноуборд ангиллын хоёр гарааны дараах байдлаар Япон улсын тамирчин Аоно 1450 оноотойгоор тэргүүлж, АНУ-ын тамирчин Чэйс Жооси 1090 оноотойгоор удаалав. Эмэгтэйчүүдийн halfpipe ангиллын эхний гурван байрыг зохион байгуулагч орны тамирчин эзэлсэн юм. Тодруулбал, 2002 оны өвлийн олимпийн наадмын аварга, 2010, 2014 оны олимпийн наадмын хүрэл медальт Келли Кларк. Тэрбээр гурван гарааны дараах байдлаар 93.80 оноо авсан бол түүний араас АНУ-ын тамирчин Хлоя Ким шалгарсан юм. Өдгөө 15 настай түүнийг дасгалжуулагч нь АНУ-ын ирээдүй хэмээн тодотгов. Гуравдугаар байрт Мэдди Маестро 83.20 оноотойгоор шалгарав. Уулын цанын спортын сноуборд ангиллын эмэгтэйчүүдийн төрлийг АНУ-ын тамирчин Келли Кларк 1400 оноотой тэргүүлж байгаа бол БНХАУ-ын тамирчин Хуетонг Цай 500 оноотой удаалж байна.

Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

15 настай Хлоя Кимийг дасгалжуулагч нь АНУ-ын ирээдүй хэмээв  
Үзсэн: 1275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй