Шууд Chart

Б.Буянжаргал: “Дэлхийн арслан” би Улсын начин цолыг яаж тоох вэ дээ

2016-02-05 12:31:22

“Гэрт нь” булангийнхаа анхны дугаарыг бид Монгол Улсын Гавьяат тамирчин Бахааваагийн Буядаа буюу Буянжаргалынхаас бэлтгэлээ. Утсаар холбогдож, Төмөр замын дээд сургуулийн өмнө байх шар өнгийн орон сууцуудын өмнө уулзалдахаар бид тохиролцсон. Спортын хатуу шаардлага дор нухлагдсаны зэрэгцээ угийн цаг барих зуршилтай тэрбээр сонгосон газраа, товлосон цагтаа ирсэн байлаа. Түүнийг анх харсан хүн нэлээн ааштай хүн болов уу ч гэмээр. Харин гар барьж танилцаад гэрт нь орж ярилцахад тэс өөр байсан шүү. Заримдаа хөгжилтэй ч гэмээр. Тэрбээр гэртээ оруутаа л биднийг дайлахыг хичээсэн ч цаг орой уулзсан болохоор зорьсон ажлаа түргэн амжуулаад тэднийг амраахыг бид хүссэн.  

Бидний яриа түүний саяхан хүртсэн долдугаар даан бүсний тухай эхэлсэн. ОУЖБХ-ноос жүдо бөхийн спортод өндөр амжилт үзүүлсэн тамирчдад энэхүү бүсийг гардуулдаг. Энэ тухай Буядаа гуай ярихдаа “Залуудаа гайгүй барилдаж явсан. Дасгалжуулагчаар олон  жил ажилласан. Энэ спортын тухай дөрвөн ном бичиж, МЖБХ-нд нэг сая 800 мянган төгрөгтэй тэнцэхүйцийг нь хандивласныг үнэлж долдугаар дааны алаг бүсийг гардууллаа. Чамд үзүүлэх гэсэн боловч зуслангийн байшинд аваачсан болохоор дараа нь ирж үзээрэй” гэснээ “Манай улсын жүдочдоос Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр энэ бүсийг гардаад байсан бол удаахыг нь Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням, МЖБХ-ны Ерөнхийлөгч Монгол Улсын гавьяат тамирчин Х.Баттулга нар мөн тосч авсан. Өмнө нь би зургадугаар даантай байсан. Жүдо бөхийн төрөлд үүнээс илүү амжилт үзүүлж, бие сэтгэлээ зориулбал найм, ес дэхийг нь гарддаг. Одоогоор улсаасаа бид хэд л энэ хүндтэй хэргэмийн эзэн болоод байна. Харин Японы зарим шилдэг тамирчин, дасгалжуулагчдад ес дэхийг нь өгсөн гэсэн” гээд зүүн гарынхаа алгаар халимагаа хойш нь илэв.  

Түүний аавын нэр өвөрмөц санагдаж байсан болохоор “Бахааваа гэдэг нэртэй хүнийг би өмнө нь сонсч байсангүй” гэхэд инээмсэглэснээ энэ талаар нэг их тодорхой хариулт өгсөнүй ч “Ах нь 1945 оны арванхоёрдугаар сарын 12-нд Ховд аймгийн Булган суманд төрсөн торгууд ястан. Торгууд гэдэг чинь торгон цэрэг гэсэн үгнээс гаралтай гэдэг шүү. Аавыг маань Бахааваа гэдэг бол өвөөг Жаргал, өвөөгийн аавыг Бөхөө, Бөхөөгийн аавыг Коокүү гэдэг байсан юм билээ. Өвөг дээдсүүд маань бух ноололдоон гэдэг монгол үндэстний жинхэнэ язгуур бөхөөр барилддаг байсан гэсэн. Энэ бөхийн төрөл 1940-өөд оноос орхигдсон бололтой. Аав маань өөрийгөө цээжин хайч гэдэг мэхийг гаргуун сайн хийдэг гэдэг байлаа. Хил манах дөрөв, гал манах зургаан хүүхэдтэй өнөр өтгөн айлын ууган нь  би. 1968 онд МУИС-ийн Барилга эдийн засгийн ангийг Барилгын эдийн засагч, 1979 онд УБДС-ийн багш, дасгалжуулагчийн ангийг тус тус дүүргэсэн. Миний спортын гараа наймдугаар ангиас боксоор эхэлсэн. Үзэл сурталд тохирохгүй гэх шалтгаанаар тухайн үед энэ спортоор залуучуудыг хичээллүүлдэггүй байсан ч бидний найман нөхөр нууцаар бэлтгэл хийдэг байсан юм. Аймгийнхаа кино театрын нэгэн жижиг өрөөнд ороод л нүдэлцэнэ. Гэхдээ биднийг хэн ч дасгалжуулаагүй. Боксын спортод арай дөртэй нэг нөхөр маань Улаанбаатараас гурван хос бээлий авчирсан байсан болохоор тэрийг нь өмсч, өнөөхөөрөө заалгадаг байсан. Тэр маягаар жил гаруй явсан шүү. Гэтэл аймгийн удирдлагуудад матаас оччихсон байсан. Тэд биднийг “Нөхдүүд минь үүнийгээ орхихгүй бол сургуулиас чинь хөөнө шүү” гэж зэмлээд болиулсан. Ингээд 1965 оноос чөлөөт, 1969 оноос самбо, 1970 оноос жүдо бөхөөр хичээллэсэн” гэв.

Тэрбээр 1966 оны чөлөөт бөхийн УАШТ-д гуравдугаар байр эзэлж, анхны медалиа хүртсэн. Дараа нь самбо бөхийн хотын АШТ болон УАШТ 1968 онд болоход дөрөвдүгээр байр эзэлж байв. Түүнчлэн спартикиадын хошой, жүдо бөхийн УАШТ-ий дөрвөн удаагийн түрүүг хүртсэнээр түүний дотоодод үзүүлсэн амжилтын цуваа эхэлсэн түүхтэй. Түүнийг үеийнх нь тамирчин, дасгалжуулагч, үзэгчид “Манай улсын тамирчдаас магадгүй хамгийн ээдрээтэй хувь тавиланг туулсан алдарт бөх” хэмээдэг.

Учир нь 1972 оны Мюнхений олимпоор АНУ-ын  нэрийн өмнөөс барилдсан Японы бөх Окадатай барилдахдаа мөрөө гэмтээж, аваргын төлөө Японы бөх Кавакучитай бэртэлтэй барилдаж мөнгөн медалийн болзол хангасан. Ийнхүү алтан медалийн төлөөх барилдааны өмнө Грацедин хэмээх эм ууж барилдсан ч ОУОХ-ноос ямар нэгэн албан бичиг ирээгүй байхад “Сэргээш хэрэглэсэн гэсэн бичиг ирлээ” гэсэн цуу яриа Монголд талд ассан түймэр адил тархжээ. Ийнхүү гавьяат тамирчин хэмээх цолыг нь хураан авч, ДАШТ-нд орох эрхийг нь ч хасч байв. Түүнтэй дээрх олимпод явсан Ч.Машбат, Б.Магсар, Д.Цэрэндаш, Ш.Магван нарыг шийтгэсэн.

Тухайн үед Маршал цолтой Ю.Цэдэнбалын цолыг генерал болгож, Л.Дандарын баатар цолыг хураасан хэлмэгдүүлэлт спортын талбарыг ч дайрч Буядаа гуай харамсалтайгаар баримт нотолгоогүйгээр хэлмэгдсэн түүхтэй.

Энэ тухай түүнээс лавлахад “Интернэтэд миний тухай саяхнаас гурван янзаар бичихдээ 1972 оны Олимпийн миний жинд барилдсан бөхчүүдийн хоёрдугаар байрыг эзэнгүйгээр, эзэнтэйгээр, хэнд ч оролцоогүйгээр бичсэн байна. Харин надад Олимпийн мөнгөн медаль олгов гэсэн диплом нь англи, франц хэлээр эх хувиараа байгаа. Түүнчлэн допинг хэрэглээгүй гэсэн шинжилгээ тус Олимпийн дараахан гарсан байхад би хариуг нь авч ирээгүй. Нас залуу, сагсуу ч байсныг хэлэх үү зөвхөн өөрөө мэдчихээд л ирсэн. Германы нэгэн сонинд ОУОХ-ны дарга ярилцлага өгөхдөө “БНМАУ-ын тамирчин Б.Буянжаргалын шинжилгээгээр допинг хэрэглээгүй нь тогтоогдсон дүгнэлт гарлаа” гэж бичигдсэн байсан. Ядахдаа би тэр сониныг авч ирэх байж. Биднийг ахалж явсан хүмүүст ч тийм ухаан байгаагүй. Дээрх дүгнэлтийг би ОУОХ-ны архиваас шүүх ёстой. Тэгэхийн тулд манай улсын Олимпийн хороо ОУОХ-той харьцах хэрэгтэй. Дээхэн МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн ОУОХ-д гэсэн гарчигтай хүсэлт явуулсан ч тэндээс ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахад гэсэн захидал бичээрэй гэсэн байна билээ. Тэгэхээр нь тэд Ерөнхийлөгч рүү нь дахин захидал илгээхэд Томас Бах “Танай МҮОХ-оос эсвэл тамирчин Б.Буянжаргал ОУОХ-ны архивын шинжилгээнээс үзэж болно. Энэ зөвшөөрлийг би өгч байна” гэсэн хариу ирсэн. Тэгэхээр манай улсын Олимпийн хорооноос яг хэн очих болсон тухай захидал дахин илгээх ёстой. Гэтэл манайхан таг болчихлоо. МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар үүнд хөдлөх ёстой. Гэтэл тэд надад эртнээс муу болохоор хүч гаргахгүй байгаа бололтой. Уг нь тэр медалийг аваад ирвэл манай улсын нэр хүндэд л нэмэр болох юм л даа” гээд гомдонгуй ярьж суусан. Тиймээс та аль улсаас, ямар шат дарааллаар медалиа эргүүлж авах боломжтой вэ гэхэд “Допинг хэрэглээгүй гэсэн дүгнэлтээ ОУОХ-оос авч, допингтой тэмцэх төвд хүргэх ёстой юм. Энэ төв өмнө нь Швейцарийн Лозань хотод байсан. Харин одоо Индонезийн Жакарта хотод байгаа сураг гарсан. 1972 онд хүртсэн миний тэр медаль одоо алга болсон болохоор дээрх төвөөр дамжуулж, хуучин загвараар нь дахин хэвлүүлж авах болоод байгаа” гэлээ. Тэрбээр энэ байдлаасаа болж, олимп, дэлхийн медальтнуудад улсаас олгодог мөнгөн тэтгэлгийг хүртэж чадахгүй байгаа юм билээ.   

Аваргын төлөө Японы бөх Кавакучитай барилдахдаа Грацедин гэдэг эмийг хэнээс авч уусан юм бэ гэхэд “Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт З.Ойдов өгсөн. Аваргын төлөө барилдахын өмнө би хүмүүст “Миний мөр дээш өргөгдөхгүй байна. Барилдаж чадахгүй нь ээ” гэхэд Тарваа, Ядмаа гэдэг хоёр эмч иллэг хийж, өөрт байгаа могойн хортой тосоо түрхээд гаргах гэтэл З.Ойдов “Нааш ир. Энэ жин хасдаг эм байгаа юм, уучих. Биеэ сайн халаа. Тэгвэл өвчин нь ч намдах байх” гээд өгсөн. Тухайн үед бид допингийн ямар ч ойлголтгүй байсан болохоор сайн л юм байх гэж бодоод уусан. Гэтэл байдал буруугаар эргэсэн гэсэн шинжилгээ ирсэн. Гэхдээ би З.Ойдовт гомддоггүй. Угаасаа хэрэглэхэд тохиромжгүй бэлдмэлийн тоонд тэр эм байдаггүй юм билээ. 2006 онд миний талаарх гүтгэлэг цагаадсан болохоор түүнийг “Чи энэ тухай ярилцлага сонин, телевизүүдэд өгөөрэй” гэсэн ч одоо болтол сураг алга. З.Ойдов тэр эмийг надад ямар санаатайгаар өгснийг би мэддэггүй ч хар буруу санадаггүй. Гэтэл зарим нь “Чөлөөт бөхийнхөн тэр Олимпоос медаль хүртэж чадаагүй болохоороо чамайг хорлох гэж тэр эмийг уулгасан байх” гэж шорддог байлаа” гээд шооч инээдээр хөхрөв.

Мөрөө та яагаад гэмтээчихсэн юм бэ гэхэд “Окадаг мушгаад хөмрөхдөө би мөрөөрөө тулаад уначихсан юм. Тэгж унахад надад мөрөнд юм дуугарах нь сонсогдсон шүү. Тэгж бэртээгүй бол би эм ч уулгүй түрүүлэх байсан. Тийм зүйл тохиолдох нь миний л төөрөг байсан юм байлгүй. Над шиг ийм байдалд орж, медалиа дараа нь авсан түүх дэлхийд хоёр байдгийг “Соведский спорт” сониноос уншиж байлаа. Тодруулбал, Урмены тамирчин 19 жилийн дараа алтан медалиа гэртээ залж байсан гэдэг. Надад баяжих, жаргах нас байхгүй. Гэхдээ улсын маань нэр дээр намайг Олимпоос мөнгөн медаль хүртсэн гэж бүртгэгдвэл сайхан байна” гээд аягатай бүлээн цайнаасаа балгав.

Тэрбээр Олимпоос мөнгөн медаль хүртсэнээс хойш 44 жил болжээ. Энэ хугацаанд их шаналж, гомдов уу гэхэд “Олон зүйл тохиолдсон шүү. Архи ууж “өвгөнтийн хөндийд” ч очих шахсан. Ар Монголын алдарт дуучин П.Адарсүрэнгээс эхлээд нийлдэг нөхөд маань намайг “Миний найз хэлмэгдсэндээ шаналж байгаа, үүнийг уу” гээд архиа бариад ирдэг байсан. Гэхдээ би тэгэхийг хүсээгүй. Биеэ татаж чадсан. Сэтгэлийн тэнхээтэй байсандаа би тийм байдалд орохоос өөрийгөө сэргийлсэн. Харин ч Адараагаа архинаас гаргахыг хичээсэн ч тэр хүн дийлдээгүй. Хүн өөрөө цааш зүтгээд байхад яая гэхэв дээ. Намайг тэгж хэлмэгдэхэд тухайн үеийн Биеийн тамирын газрын дарга Ш.Магван, хоёрдугаар орлогч Д.Цэрэндаш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Магсар, Ч.Машбат нарыг хамт шийтгэсэн.

Тодруулбал, Ш.Магван гуайг шаазангийн үйлдвэрийн даргаар, Д.Цэрэндашийг Архангай аймгийн рашаан, сувилалын даргаар, Ш.Магсар багшийг Булган аймгийн жүдо бөхийн холбооны дасгалжуулагчаар, Ч.Машбатыг Налайх дүүргийн дасгалжуулагчаар, намайг “Хөдөлмөр” нийгэмлэгийн дасгалжуулагчаар ажиллуулсан. Мөн намайг НАХ яам, Төв хорооноос удаа дараа дуудаж, байцаадаг байсан. Гэр бүлийнхнийг маань айлгаж, сүрдүүлнэ. Намайг орой ажлаас ирэхэд эхнэр маань “Төв хорооноос чамайг дуудсан” гээд айсандаа бөмбөгнөтөл чичрээд сууж байдаг байсан. Тэгэхэд нь би “Битгий санаа зов, би ямар ч буруу юм хийгээгүй. Эх орныхоо алтан соёмбот Төрийн далбааг мандуулж ирсэн болохоос биш элэг буруулсан юм хийгээгүй” гээд тайвшруулдаг байлаа. Төв хорооны спорт хариуцсан даргаар одоогийн УИХ-ын гишүүн асан Л.Одончимэд ажилладаг байсан. Эхнэрт намайг “Буядааг сайхан мэдээрэй гэж хэлээрэй. Наранд биш нарсанд байх ёстой хүн шүү” гээд гараад явсан. Тиймэрхүү байдлаас болж эхнэр маань 30 гаруйхан насандаа бурханы орон руу одсон доо” гэв.

Буядаа гуай 1977 оноос улсдаа эмэгтэй жүдочдыг анхлан бэлтгэж, дасгалжуулсан. Энэ тухай яриа сөхөгдөхөд “Жүдо бөхийг улсдаа улам төгөлдөржүүлье гэж бодсондоо л эмэгтэй тамирчин бэлтгэж эхэлсэн. Гэтэл тухайн үеийн нийгэмд “Эмэгтэй хүн барилдвал сав суулганд нь муу, бэртэл гэмтэл их авдаг гэнэ” гэсэн цуурхал бас л тархсан. Монгол Улсын арслан Д.Мижиддоржийн охин миний бэлтгэлд хамрагддаг байхад тэр охиноо гаргаж авахын тулд энэ яриаг улам өөгшүүлсэн удаа бий. Түүний охин дугуйны дугуйланд явж байхдаа шагайгаа жаахан гэмтээсэн юм билээ. Гэтэл Д.Мижиддорж “Охин маань Буядаагийн бэлтгэлд явж байгаад бэртсэн. Наанадаж бэртлээ, цаанадаж амь насанд нь халтай. Энэ Буядааг дахин хүмүүжүүлэх хэрэгтэй” гэсэн байна билээ” гээд гоморхов.

Тэгэхээр нь таагүй сэдэв рүү орохоос зайлсхийж, та хөвгүүдээ бөх болгохгүй яасан юм бэ гэхэд “Тэдэнд сонирхол их байсан. Жүдо, үндэсний бөхөөр барилдах гээд кимоно, зодог,  шуудаг бэлдчихсэн байхад нь хүртэл би болиулсан. Олон жил өнгөрсөн ч гэсэн надад сөрөг хүчин байдаг л байхгүй юу. Тэд хөвгүүдийг маань үнэн хүчээрээ, сайн барилдсан ч “Бас л допинг хэрэглэлээ” гээд гүтгэвэл би хоёр үеэрээ муу нэр авна шүү дээ. Бага хүү Б.Баянбат үндэсний бөхөөр барилдсан бол өдийд Монгол Улсын заан цол баттай хүртэнэ. Бие хаа, тэнхээ сайн. Миний бэлтгэлд хэдхэн сар хичээллэж байгаад залуучуудын УАШТ-нд барилдахад шүүгчид илэрхий дарсаар байгаад ялагдуулсан. Өрсөлдөгч нь одоо аймгийн арслан цол хүртсэн залуу бий. Түүнийг хааш нь л бол хааш нь авч шидээд вазари үнэлгээ аваад байхад ганц ч оноо өгөөгүй. Муу нэр модон улаатай гэдэг тэр байхгүй юу. Намайг өмнө нь дарах гэж оролддог байсан бол хүүхдүүдийг минь бас тэгэх нь. Тиймээс би хүүгээ АНУ руу явуулж, мэргэжил эзэмшүүлж амарсан. Одоо эх орондоо сайхан амьдарч байгаа. Том хүү маань ч үндэсний бөхийн цол дуудах дуртай. Гэвч би БНСУ руу мөн л явуулсан. Тэд заримдаа “Бид нар бөх болох ёстой байхад та болиулсан” гэж гомдоллодог. Тэгэхээр нь би “Аав нь зөв шийдвэр гаргасан шүү” гэдэг. Том охин Б.Ариунааг Герман, бага охин Б.Алтанхуягаа Орос руу явуулсан. Спортоос хол байлгах гэж л тэр шүү дээ. Атаархагсад дээхэн намайг яаж ялах вэ гэж хуралддаг байсныг үндэсний бөхийн тайлбарлагч, Монгол Улсын начин Ш.Чанрав агсан нэлээн сүүлд миний өмнөөс харамссандаа уйлан байж хэлсэн. Гэхдээ тэд хэчнээн хуралдлаа ч дэвжээн дээр намайг дарж чаддаггүй байлаа. Одоо бодоход би олон аавын хүүг нэг биш удаа гомдоодог байжээ. Гэхдээ би тэднийг “Чи одоо тийм мэх хий. Тэгэхээр чинь би унаж өгье” гэлтэй биш. Намайг яагаад ч барахгүй байсан юм чинь” гээд маг маг хөхөрнө.

Түүнийг үндэсний бөхөөр хэрхэн барилддаг байсан тухай асуухад “Ардын хувьсгалын 47 жилийн ой 1968 онд тохиоход дөрөвдүгээр дамжааны оюутан би үндэсний бөхийн барилдааны гурвын даваанд Улсын заан Барамсайг өвдөг шороодуулсан юм. Дутуу дэгээ хийхэд нь хариулж тэвэрч шууд дороо хийгээд унагасан бол дөрвийн даваанд Дархан аварга Б.Түвдэндоржид амлуулж, мөн л орхисон. Харин тавын даваанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат жүжигчин, Дархан аварга Д.Дамдинд амлуулж, өвдөг шороодсон. Энэ тухай З.Сандагаагийн “Тэр бөх хэний хэн бэ” номонд тодорхой бичигдсэн байгаа. Харин 1972 оны Улсын баяр наадмаар начны найраа эхэлсэн байх гэж би боддог. “Хөдөлмөр” нийгэмлэгийн дарга Гүржав бусад бөхийн хамт надтай уулзахдаа “Энэ жилийн наадмаар чи гурав давах байлгүй. Тэгэхээр чинь Дархан аварга Д.Түвдэндорж чамайг амална. Чи бууж өгөөрэй. Тэгсний дараа аймгийн арслан Баатаржав түүнд амлуулж даваад улсын начин цол хүртэх юм” гээд бүр ил тод ярьсан. Хэрвээ одоо цагт энэ яриа гарсан бол би ямар их мөнгө авч байж бууж өгөх бол оо” гээд яриагаа өндөрлүүлэх гэхэд нь та тэгээд гараад л тахимаа өгчихсөн үү гэхэд “Дөрвийн даваанд намайг гарах гэхэд Дархан аварга Ж.Мөнхбат нарын зэрэг бөх тэр үгийг эсэргүүцсэн. Намайг чөлөөт бөхөөр анх барилдаж эхлэхэд Мөөеө аварга надад багшилж байлаа шүү дээ. Миний дэргэд тэр бүр ирдэггүй хэрнээ тэр өдөр яасан ч юм бүү мэд, хажууд ирж нудраад “Түвдэн багшийг хаяарай” гээд хоёр удаа хэлчихээд явчихсан. Үнэн хүчээрээ би барилдсан бол давах байсан. Гэхдээ өмнө нь дарга нарт амлачихсан байсан болохоор аавын “Эр хүн хэлсэндээ хүрэхгүй бол элэг хатна, эмээлт морь харайсандаа хүрэхгүй бол туурай хатна гэдэг үг бий. Миний хүү амалсандаа хүрч байгаарай” гэсэн үг санаанд орж бууж өгсөн. Бууж өгвөл хийморь унадаг гэдгийг би өмнө нь тоодоггүй байсан ч тэр наадмын дараа Олимпод оролцож, допинг хэрэглэсэн гэж гүтгүүлэхдээ яс махандаа шингэтэл ойлгосон. Тэр үед би жүдо бөхөөр л сайн барилдъя гэж бодож явсан болохоос Монгол Улсын начин цол бодож явсангүй. Зүтгэвэл болох л байсан байх. Гэхдээ би Олимпоос мөнгөн медаль хүртсэнээрээ “Дэлхийн арслан” цолтой болсон юм чинь Улсын начин цолыг яаж тоох вэ дээ” гээд ам бардам хэлнэ билээ.

Сонирхолтой амьдрал туулсан түүний ярианд “согтох” шахсан би цаг орой болсныг сая мэдэж, дахин уулзахын ерөөл өргөн тэднийхээс гарсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Буянжаргал: “Дэлхийн арслан” би Улсын начин цолыг яаж тоох вэ дээ   
Үзсэн: 5913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2016-02-19 10:00
Doping heregleegui gesen alban esnii bichgee WADA-s avchih tegsnii daraa helmegdsen uguigee yri .mongoliin sportiin tuuhend anh udaa doping gedeg har tolbiig gargaj irsen nuher baij shiitgelee huleej chadahgui helmegdsen gej yrih ym
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2016-02-19 08:58
Зөв бичээч нуль алдаа Урмен гэж ямар улс бнаа ккк
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2016-02-07 21:44
сайхан ярилцлага.Хөдөлмөрч сэтгүүлч
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-02-05 22:05
Ene huniig demjeed midaliig ni awah yumsan

Бидэнтэй нэгдээрэй