Шууд Chart

Эрчим хүчний хэмнэлттэй халаалтын системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ

2016-03-05 18:31:03

Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын систем нэвтрүүлж байгаа инженерүүдтэй уулзлаа. Гэр хорооллын оршин суугчдын дулаан хангамжийг хямд үнэтэй, эрчим хүчний хэмнэлттэй халаагуураар шийдэх инновацийн бүтээлүүдийг энэ үеэр танилцуулж, шинэ дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд засгийн газраас дэмжлэг үзүүлэхээр боллоо.  

Эрчим хүчийг ухаалаг хувиарлах төхөөрөмж бүтээх төслийн багийнхан 10 гаруй жилийн судалгаагаа үйлдвэрлэлд нэвтрүүлж 2014 онд “Дэлхийн шилдэг бүтээл” шагнал авчээ. Тэдний энэ бүтээл цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг хамгийн багадаа гурав дахин багасгах чадалтай гэж доктор Д.Баяраа танилцууллаа.  

Төслийн багийнхны туршилтаар зарим төхөөрөмж эрчим хүчийг 13 дахин хэмнэх боломжтойг ч тогтоосон байна. Мөн гэр хорооллын айлуудад зуухны оронд ашиглаж болох ууран бойлурыг ч харуулж байна. Тухайлбал, 1500 литр ус агуулах багтаамжтай уурын зуухаар нүүрсний галлагаатай халааж байсан 4500 м3 талбайтай үйлдвэрийг дэвшилтэт технологи ашиглан 30 литр усаар бүтэн өвлийн турш халааж байна.  

Эрчим хүчний хэмнэлттэй радиатор, битүүмжлэгдсэн халаагуурыг үйлдвэрлэж эхэлснээр ирэх есдүгээр сар хүртэл 45 мянган ширхэг халаагуурыг айл өрхөд нийлүүлэх боломжтой болох юм байна. Үйлдвэр байгуулахад шаардагдах хөрөнгө, зээлийн асуудлыг судлах, бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Ерөнхий сайд холбогдох албаныханд үүрэг болголоо.

Одоогоор 600 ваттаар монгол гэрийг бүрэн халаах халаагуурыг үйлдвэрлэхэд бэлэн болсон байна. Энэ нь айл өрх сардаа нүүрс түлэхгүйгээр, 50 мянган төгрөгийг халаалтанд зарцуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын галлагааны зуухыг орлох боломжтой бүтээгдэхүүн юм. Харин ууран бойлурыг томоохон барилга орон сууц, обьектийг халаадаг нам даралтын зуухуудыг орлуулан ашиглаж болох юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрчим хүчний хэмнэлттэй халаалтын системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ   
Үзсэн: 3204 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй