Шууд Chart

“Төл таван-Эрдэнэ”-ээс үүдсэн тэмдэглэл

2016-04-04 11:24:12

Энэ  удаагийн “Төл таван-Эрдэнэ” маань  дуутай,  хуртай,  Дугараатай,  найрагтай, дөрвөн ихэртэй, халзан  цагаан хоньтой, азтай, хийморьтой  байлаа.

“Аяллын цаг”-ийн Дуламсүрэн, “Араажавын Дугараа”, “алтан гар”-тай  эрхэм дүү Болороо оператор, “ерөнхий” жолооч Алтанхуяг бид хэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай  аймгийн малчдын хотоор орж, “Төл таван-Эрдэнэ” нэвтрүүлгийг бэлтгэлээ.

Элэгсэг  дотно зангүй,  эв түнжингүй хүмүүстэй явахад долоо хоног 70 хоногоос ч уйтай, саарал байдаг юм. Манай баг сайхан хамт олон. Ердөө л гарын таван хуруу гэсэн үг. Үүрэг, зорилгоо мэдэх хүмүүстэй явах дэндүү урамтай.  

Анхны халзан цагаан хонины мялаалга

Баянхонгорын Бөмбөгөр сумаас гараад Хүрээмарал сумынхантай холбогдлоо. Бидний зорилго бол шөнийн зураг авах. Хонь хургалуулж, малчинтай жижүүрлэх явдал.

ИХ-ын дарга н.Отгонбаатар яг цагтаа болзсон зам дээрээ хүлээж байна. Очих айл нь ч ойрхон юм. “Чавганцын зүүн бууц” гэдэг газарт хаваржиж байгаа Сумын сайн малчин П.Түвшинтөгсийнд очлоо. Эхнэр нь Уртнасан. Хоёулаа  30 дөнгөж гарч яваа л болов уу   гэмээр сайхан залуус. Шалз чанасан толгой, шийрийг гурилаар бүтээсэн уламжлалт  хоолоор биднийг дайлж байлаа.

Гэрийн эзэн “Ойрдоо мал төллөх зогсосхийсэн байгаа. Гэхдээ та нарын уран бүтээлийг  мялаах “азтай” хонь хургалж юу магад” гэж байна.

Хооллож дуустал гэрийн эзэгтэй “Хонь хургаллаа” гэхэд нь бид гарлаа. Өдрөөс хойш  дуншсан халзан цагаан хониноос халзан цагаан хурга гарахад бид их баярласан.

Малчин П.Түвшинтөгсийнх МҮОНРТ-д халзан цагаан хургатай хонь бэлэглэв. 3 сарын 31-ний шөнийн 2 цагийн үед.

П.Түвшинтөгс “Та нарынхаа  уран  бүтээлийг  энэ  халзан  цагаан  хонь,   хургаар  мялаая”   гэхэд нь бид маш их бэлгэшээв. Ийнхүү Монголын Үндэсний  олон  нийтийн  радио,  телевиз  хоёр халзан цагаан хоньтой болов.

Нойрсож буй бяцхан төлчин 

МҮОНРТ зургаан хоньтой боллоо

Баянхонгор аймгийн  Өлзийт сумын малчин “Аймгийн шинэ хот айл” төсөлд тэргүүн байр эзэлсэн Сумын сайн малчин Б.Цэвээндоржийнд очлоо. Хургална гээд хашчихсан хоёр  хониноос  хув, хар нүдэн хоёр хөөрхөн хурга гарлаа. Нэгийг нь МҮОНР-д, нөгөөг нь МҮОНТ-д хургатай нь бэлэглэв.

Өлзийт сумын малчин Б.Цэвээндоржийнх биднийг очиход хургалсан хургатай 2 хониор бүтээлийг маань мялаав.  

Ингээд МҮОНРТ гэдэг айл зургаан хоньтой  болов.  Энэ маягаар бол “Төл таван-Эрдэнэ” гэдэг буянт нэвтрүүлгээр суурь хоньтой болох нь ээ.

Дөрвөн ихэр буюу “Гэрэлт-Од” нэртэй бяцхан  хурга

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын малчин Г.Батсүхийнд, эмч Ё.Гэрэлт-Одтой холбоо  барьсаар зорьж очлоо. Ихэр дөрвөн хурга сэргэлэн цовоо гэж жигтэйхэн. Эхнэр Бадамсүрэнгийн инжинд ээж, ааваас нь өгсөн нэг л хониноос ийм олон хурга  гарсан гэнэ.  Хоёр удаа гурван ихэр, сүүлчийн удаа дөрвөн ихэр гаргаад буянт мал нь үхсэнд эзэд нь,  бас эмч нь их харамсаж байна лээ.

Хагалгаа  амжилттай  болж, 10 гаруй хоног амьдарсан ч цагаан цорой, хэвлийн хэсэг  нь язарсан, төрөлтийн хүндрэлтэй байсан гэнэ. Гэвч дөрвөн хөөрхөн хургаар амиа “сольсон” буянт малынхаа тухай эзэн нь уйлчих гээд ярьж чадсангүй.

Хагалгаа хийсэн эмчийг Ё.Гэрэлт-Од гэнэ. Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт  ажилладаг, мэргэжилдээ гаршсан, хүсэл зорилготой залуу. Ё.Гэрэлт-Од эмч хэрэг болгон  ирж бидний нэвтрүүлэгт оролцсон. Харин харамсалтай нь дөрвөн ихрийн нэгнийх нь гэдэс нь  өвдөөд, хөл нь майжийгаад байхаар нь эзэн нь “үхчих нь” гэж айгаад эмчийнх нь нэрийг өгсөн гэнэ. Хөх нүдэн хөөрхөн тэр хурга “Гэрэлт-Од оо, Гэрэлт-Од оо” гэхээр гүйгээд ирнэ. Ё.Гэрэлт-Од эмч эхлээд үнэмшихгүй байсан. “Гэрэлт-Од”-ыг дуудахад гүйгээд  ирэхээр нь тэр үнэмшсэн.

Манай багийнхан 4 ихрийн хамт. Миний тэвэрсэн хурга бол Гэрэлт-Од

Харин эзэгтэй “Эмчийнх нь нэрээр нэрлээд  л зүгээр  болчихсон. Хүнддэх вий гээд эхлээд эмчийгээ дургүйцэх байх гээд утсаар  хэлээгүй  байсан юм. Угжинд байхдаа “Гэрэлт-Од”  гээд дуудахаар ирчихдэг байсан. Харин “эхтэй” болсноос хойш биднийг тоохоо больсон” гэж тэр ярьсан.

Энэ тэмдэглэлийг бичиж дуусаагүй байхад дөрвөн ихрийн “ээж”-ийн зусаг хониноос гурван ихэр гарлаа гэсэн баярт мэдээ хүлээж авлаа. Үнэхээр л буянтай мал юм даа.

Мал ид төллөж, малчдын хот сонин сайхнаар дүүрэн байгааг “Төл таван-Эрдэнэ”  нэвтрүүлгээс минь үзэх биз ээ.  

“Таван-Эрдэнэ” хамтлаг

“Дүү” групптайгаа Өвөрхангай орчимд уулзах нь тодорхой болов. Тэдэндээ ямар “срюприз” барих тухай “бүтээлч”-ээр ярилцав.

“Таван-Эрдэнэ” дуугаа Алтанхуяг, Болороо, Дууяа бид дөрөв дуулж, Монголын радиогийн  сурвалжлагч Дугарсүрэн дууны дундуур “Малчин” шүлэг унших болов.

Шүлэг уншиж байхад бид дуугаа амандаа зөөлөн аялах, хөтлөгчөөс бүх юм шалтгаалах гээд олон зүйл дээр ярилцаж “Таван-Эрдэнэ” хамтлагийг байгуулав. Машин дотроо  зөндөө давтлаа. Дууяа найруулагч унтаад л байв. Сэрээд дуугаа давт гэсэн чинь “Би шууд дуулна” гэж “биеэ тоож” байна.

“Дүү” групптай Өвөрхангайн цэргийн ангийн ард болзсон юм шиг  уулзав. Сайхан хамт  олноо бид зөндөө саначихжээ. Тэврэлдэж уулзлаа. Машинаараа тайз засаж байгаад   бэлдсэн дуугаа тэдэндээ дууллаа.

Үнэндээ энэ удаад хамтлагийн маань тайз, үзэгч хоёр “тасархай” байсан. Бөхөөнөө, Сүхээ, Ванчиг, Болдоо дөрөв маань бидний “тоглолт”-ыг үзээд дахиулах гэж “удтал алга ташив”.  

"Таван эрдэнэ"  хамтлагийн ая дуугаа өргөсөн тайз 

Ингэж эрхэм дүү нартаа уран  бүтээлийн   амжилт  хүсэж, санахад илүүдэхгүй олон зүйлийг  захиж,  машины дугуйнд  нь  ингэний аарц түрхэн мялааж, аян замын турш  хэрэглэсэн газрын зургаа  дурсгав. “Ах” группынхаа машиныг нар зөв гурав тойроод тэд маань алсын замд гарсан.

Цастай, бороотой, хавсаргатай, нартай, бүрхэг, дулаахан олон өдөр өмнө чинь  байгаа. Уртын урт зам хүлээж байгаа.

Сайн  яваарай, уран  бүтээлийн  өндөр амжилт хүсье, эрхэм дүү нартаа.

2016.04.03

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

“Төл таван-Эрдэнэ”-ээс үүдсэн тэмдэглэл   
Үзсэн: 1505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.189.85.xxx [180.189.85.xxx] 2016-04-05 10:01
Saihn nevtruuleg shuu hamt orondoo utsn buteeliin amjilt husii

Бидэнтэй нэгдээрэй