Шууд Chart

Мэдлэгээ усалж, мөнгө ургуулах хөрс

2016-04-13 15:54:38

Энэ бол газар тариалан биш. Харин мэдээлэл технологийн эрин үетэй Монгол Улс хөл нийлүүлэн алхах суурийг тавьж буй Шинжлэх ухааны парк (хуучнаар Мэдээлэл технологийн үндэсний парк) дахь бизнесийн инкубаторыг үүнтэй зүйрлэж болох юм. Гэхдээ бидний анзааралгүй ирсэн үржил шимтэй энэ хөрс 14 жилийн өмнө бүрэлдэн тогтжээ. Мэдээлэл технологийн салбарын 114 компани тус инкубаторт бойжиж,  одоо 60 гаруй нь зах зээл дээр хэдийнэ байр сууриа олсон. Тэд бүгд “Start up” буюу гарааны бизнес эхэлж байсан бол өдгөө салбартаа толгой цохих компаниуд болжээ. Тухайлбал, “Болорсофт”, “Хуур.мн”, “Интерактив” компаниудыг дурдаж болох талаар Шинжлэх ухааны паркийн ерөнхий захирал Б.Буян-Өлзий танилцууллаа. Өнөөдөр 14 компани инкубаторт бойжиж байна.  

Анх 1-2 хүнтэй элссэн компаниуд нийтдээ 80 орчим ажлын байр бий болгожээ. Сайн хөрсөнд суулгасан үр арав дахин үрждэг шиг инкубаторын компаниуд бие даасныхаа дараа 800 ажлын байр ч бүрдүүлэх боломжтой. Тэр цагт “Skype”, “Facebook” мэт монголчууд өөрсдийн гэсэн үндэсний баатартай болох нь гарцаагүй гэдэгт мэдээлэл технологийн мэргэжилтнүүд итгэлтэй байдаг аж. Одоо инкубаторт бойжиж буй  “Айхотел” компани гэхэд олон улсын хэмжээнд зочид буудлын захиалгын үйлчилгээ явуулдаг цахим хуудсуудтай, өөрийн орны зочид буудал, амралтын газруудыг холбох үйлчилгээ эрхэлдэг. Тус компани хэдийнэ олон улсын зах зээл дээр холбоо сүлжээтэй болсон гэсэн үг. Ийнхүү алхам алхмаар хөгжиж буй гарааны компаниудын өсөлтөөс улс орны ирээдүй шууд шалтгаалдаг болсон. Тиймээс Шинжлэх ухааны паркийнхан бизнес эхлүүлэх сонирхолтой хэнийг ч гололгүй ажиллах орчныг бүрдүүлсэн байх юм. Гарааны бизнес эрхлэгч, ажил хэрэгч, ажлын байргүй, байнгын ажлын байрны шаардлагагүй, улирлын чанартай ажил, төсөл гүйцэтгэгч болон хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчдэд  инкубатор нээлттэй. Бүр нэг ширээ, сандал ч эзэмшиж болох юм байна. Бизнесийн инкубатор жилд 2-3 удаа элсэлт авдаг бөгөөд цаашид олон болгохоор ажиллаж байгаа гэнэ.

Монгол Улсад  2000 оноос хойш 2688 шинэ бүтээл бүртгэгдсэн байдаг. Тэдний хэд нь бизнес болж чадсан бол. Гол нь санаа юу, эсвэл санаа хэрэгжүүлэх баг чухал уу гэдгийг ойлгох хэрэгтэй. Гарааны компаниуд гоё бизнес санаа олоод ирдэг. Гэвч тэр санаагаа ямар менежментээр яаж зохион байгуулж хэрхэн хийх вэ гэдэг чухал. Эдгээрийг мэдэхгүйгээс санаагаа бизнес болгож чадахгүй тохиолдол олон байдаг талаар Б.Буян-Өлзий ярилаа. Тиймээс инкубаторт бойжиж буй компаниуддаа бэлэн мөнгө бус үйл ажиллагаа хэлбэрээр дэмжлэг үзүүлдэг юм байна. Ялангуяа  анх байгуулагдсан компаниуд тэр болгон хууль, санхүүгийн зөвлөгөө авах чадваргүй байдаг аж. Мөн маркетинг бизнесийн уулзалт хийхэд нь хүртэл үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг болохыг инкубаторын компаниуд хэлж байлаа.

Инкубаторт амжилттай бойжиж буй “Alchemist” компани дэлхийн мэдээллийн технологийн төв буюу Цахиурын хөндийд туршлага судлаад иржээ. Тус компанийнхан Монголын мэдээллийн технологийн салбарт туршлага, хөрөнгө оруулалт дутаж байгааг АНУ-д очсон хойноо анзаарсан байх юм. Энэ цаг үед аж үйлдвэржсэн орнууд шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурласан мэдлэгийн эдийн засагт шилжихэд анхаарах болсон. Харин аж үйлдвэрээс хэдэн арван жилээр хоцорч буй манай улсын хувьд өнгөрсөн онд л Аж үйлдвэрийн яамаа байгуулсан гэхээр дэлхийн хөгжлөөс хэдэн үе хоцорсон болохыг харж болно. Мэдлэгт суурилсан гарааны компаниудыг бойжуулах замаар аж үйлдвэрийн эрин үеийг хурдасгах шаардлага бидний өмнө байна. Манай улсын эдийн засаг эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл маш бага, эрсдэл өндөртэй бүтэцтэй явж ирсэн. Тэгвэл мэдээллийн технологийн салбар эдийн засгийн олон тулгуурын нэг  байх нь гарцаагүй. Үгүй гэвэл, Монгол гэдэг улс мэдээллийн технологийн эрингээс 100 жилээр хоцорч мэдэх юм. Дэлхий дахин био, нано, мэдээллийн технологид суурилсан хөгжлийн шинэ үе рүү шилжиж байгааг олон улсын эрдэмтэд дуу нэгтэй тунхаглаж буй. Хөгжлийн төвшин нь мэдлэгийг бий болгох, түүнийг ашиглах чадвараар илэрхийлэгдэж байна. Үүнд Израиль, Сингапур, Япон зэрэг байгалийн баялаггүй, манай улсаас хавьгүй жижиг газар нутагтай улс орнуудыг дурдаж болно. Гэхдээ тус улсуудын эдийн засаг манайхаас хэдэн арав дахин том гэдгийг онцлох нь зөв. Тиймээс мэдээлэл технологийн салбар түүхий эдийн экспорт түшиглэсэн эдийн засагтай манай улсын эдийн засгийн солонгын нэг өнгө байх нь. Мэдээлэл технологийн салбарын цөм нь хүн. Улмаар хүнээ хөгжүүлэхэд л энэ салбар хөл дээрээ өндийгөөд ирнэ. Аж үйлдвэр хөгжөөгүй, байгалиас хараат газар тариаланд найдсан бидэнд хамгийн ойрхон салбар бол энэ гэдгийг Б.Буян-Өлзий хэллээ. Энэ үеэр түүнтэй мэдээлэл технологийн салбарын шавхагдашгүй нөөцийг хэрхэн ашиглах талаар ярилцсан юм.

 “Инстаграм” ба “Чингис” бонд

-Шинжлэх ухааны паркийн хөгжил ямар шатандаа явж байгаа вэ?

-Мэдээлэл технологийн үндэсний парк 2002 оны үед вэб сайт, санхүү, бүртгэлийн програм чухал байсан. Тэгвэл одоо 14 жилийн турш бий болсон туршлага дээрээ тулгуурлаад мэдээлэл технологид суурилсан Шинжлэх ухаан технологийн парк болж, хоёр дахь үеийн хөгжлийг эхлүүлэхээр ажиллаж байна.

-Сүүлийн үед “Монголчууд газраа ухах шаардлагагүй. Ай Ти-гийн салбараас  асар их валют олж болно” гэдгийг цөөнгүй эдийн засагчийн амнаас сонсож байна. Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд нөөц бололцоог нь хэрхэн хардаг вэ?

-Израиль компютерийн зүрх буюу “сипу”-г үйлдвэрлэдэг. Тэдэнд өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардага алга. Мөн бидний хэрэглэдэг “Инстаграм”-ыг бакалаврын төвшний мэдлэгтэй найман залуу хийсэн. Тэд гар утасны аппликэйшнаа тэрбум ам.доллараар “Фэйсбүүк”-т зарчихлаа. Гэтэл манай “Чингис” бонд 1.5 тэрбум ам.доллар. Энэ мөнгөөр Монгол Улс ямар хэмжээний бүтээн байгуулалт хийсэн билээ. Үүнээс харахад, манайд маш их боломж бий. Мэдээлэл технологийн салбарын цөм нь хүн. Тиймээс манай төр, хувийн хэвшлийнхэн оюуны салбарт хөрөнгө оруулах хэрэгтэй.

-Манайд мэргэжлийн хэд хэдэн сургууль байдаг. Тэд мэдээлэл технологийн салбарын цөм болсон хүний нөөцийг бэлтгэж чадаж байна уу?

-Би өөрөө ШУТИС-ийг төгссөн. Манай боловсролын систем, онол маш сайн. Харин практик дутаж байна. Нөгөө талаар инженерчлэл сайтай нь бизнес болгож чаддаггүй.   Тиймээс бид мэргэжлийн сургуулиудтай хамтарч ажиллах ёстой. Сургуулиудад маш том хүний нөөц бий. Түүнд тулгуурласан олон төрлийн инновац, патентууд байдаг. Манай инкубаторын үүрэг нь тэдгээрийг бизнес болгох юм.

-Удахгүй шинжлэх ухаанд хамгийн бага мөнгө зарцуулдаг улсаар Монгол тодорно гэх юм. Тухайлбал, мэдээлэл технологийн салбарын суурь болсон танайх хаанаас санхүүждэг юм бэ?

-Улсаас нэг ч төгрөг авдаггүй төрийн өмчит газар. Манайхыг аж ахуйн нэгжүүдэд түрээслүүлж их хэмжээний мөнгө олдог гэж боддог байх. Инкубаторын нэг компанид үйл ажиллагааны хэлбэрээр 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт  хийдэг. Энэ байшингийн урсгал зардал гэх мэтийг зохицуулахын тулд орлого олох шаардлагатай. Орлого олохын тулд түрээслэхээс өөр арга байхгүй. Гэхдээ энэ бол хамгийн зөв хувилбар биш. Миний харж буйгаар бизнесийн инкубаторт бойжсон компанид үйл ажиллагааны хэлбэрээр 400 орчим сая төгрөгийн хөрөнгө хийдэг. Улмаар бойжсон компаниасаа тодорхой хэмжээний хувь эзэмшдэг байж болох юм. Түүнээс орж ирсэн хөрөнгөөр дараачийн компаниа бойжуулах боломж бий.

-Нийслэлчүүд ухаалаг карт ашиглан нийтийн тээврээр зорчиж эхэлсэн. Тэр ухаалаг системийг солонгосчууд хийсэн. Би автобусанд суух  болгондоо монголчууд үүнийг хийж чаддаггүй юм байх даа гэж бодох юм?

-Үйлдвэрлэгч орны мэргэжилт­нүүд технологио даган орж ирсэн байх. Нөгөө талаар монголчууд бизнесийн хариуцлага суугаагүй байна. Мэдээлэл технологийн чиглэлээр АНУ-д ажилладаг залуу монгол компанид ажил олж өгсөн. Гэтэл монгол компанийн гүйцэтгэл нь дутуу, дахиад засаад өгсөн бас болоогүй. Дараа нь хаяад алга болсон. Ийм жишээ манай салбарт олон байдаг. Бусдаар бол дотоодын зах зээл дээр нөөц бололцоо хангалттай байгаа. Саяхнаас гэр хорооллын дундах худгууд автомат болсон. Үүнтэй ижил системийг шатахуун түгээгүүрт суулгах боломж байна.      

Н.Даваасүрэн: Бид компьютер дээр ажиллахыг бизнес гэж боддог байсан

“Марчаахай” компанийн захирал Н.Даваасүрэн бол Шинжлэх ухааны парк, мэдээлэл технологийн газрын анхны эмэгтэй инкубатор. Тус компани монголчуудын өөрсдөө бүтээсэн хүүхэлдэйн киногоор дамжуулан бага насны хүүхдэд боловсрол, мэдлэг олгохыг зорьж буй аж. 

-Гаднын контент үзэж дадсан монголчууд өөрсдөө бүтээгээд телевизийн салбарт өрсөлдөж байгаа гэхээр сонин санагдаж байна. Тэр дундаа хүүхдэд зориулсан анимэйшн мэдлэг чадвар шаарддаг төрөл. Үүнийг хэдэн хүний оролцоотой бүтээдэг юм бэ?

-Манайх 10 орчим ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Мэдээлэл технологийн салбарын онцлог нь олон хүн ажиллах шаардлагагүй. Чадварлаг цомхон бүтцээс ямар ч чанартай бүтээл гарч болно. Манай компанийг тойроод мэдээлэл технологийн компаниуд байдаг. Тиймээс инкубаторын компаниуд хамтран ажиллах боломжтой.

-Шинжлэх ухааны паркийн бизнесийн инкубаторт хэзээнээс орсон бэ?

-Жил гаруй болсон байна. 2014 онд инкубаторын элсэлтэд орсон. Тухайн үед арав гаруй компаниас нэгийг  шалгаруулахад манайх тэнцээгүй. Надаас бусад нь эрэгтэйчүүд байсан болохоор их гайхаж байлаа. Өнгөрсөн онд санаандгүй энүүгээр явж байгаад эмэгтэй инкубатор шалгаруулж байгааг сонссон юм. Улмаар эмэгтэй инкубаторуудын шалгаруулалтад тэнцээд энд байрлах болсон.

-Танай бүтээгдэхүүнээс “Марчаахай” хүүхэлдэйн киног л мэдэх юм байна. “Skymedia”, “Univision” IPTV-ийн хэрэглэгчдэд хүрсэн. “Skymedia”, “Univision” компани хэрхэн хүлээж авсан бэ?

-Анх таван контент гаргачихаад үндэсний IPTV компаниудад хандсан. Тэд “Монгол бүтээл учраас дэмжье, гэхдээ эхний ээлжид  үнэгүй тавина болж байвал худалдаж авъя” гэсэн. Гар утасны аппликэйшн борлуулалтын хоёрдугаар суваг байгаа. IOS, Android  үйлдлийн систем хэрэглэгчид “Marchaahai” гэж бичээд татаж авах боломжтой. 

-Өргөн нэвтрүүлгийн телевизүүд гаднын контентод их хэмжээний хөрөнгө хаях болсон. Тэдэнд хандаж үзсэн үү?

-Одоогоор хандаагүй байгаа. 

-Хүүхэлдэйн киноны зах зээл дээр гаднын зохиолын дагуу бүтээлүүд зонхилж байна. Танайх зохиолоо хэрхэн гаргадаг вэ?

-Санхүүжилт хомс учраас зохиолоо өөрсдөө гаргадаг байсан. Одоо зохиолчтой хамтран ажиллаж байгаа. “Маша, Миша хоёр” хүүхэлдэйн кино бол хүүхэд үзэхэд сонирхолтой бүтээл. Гэхдээ монгол хүүхдэд тохирсон гэвэл бас үгүй. Монгол хүүхдийн өсөж буй орчин, зан заншил, ёс суртахуун өөр шүү дээ. Бүтээлээ дэлхийн жишигт нийцсэн, мэргэжлийн өндөр төвшний бүтээл гэхгүй. Ямартай ч 2-8 насны хүүхэд үзээд зөв хэл яриа дадалд сурч, хүндэтгэн харилцах арга ухаанд суралцана гэж боддог. Хамгийн гол нь монгол ардын ёс заншил, өв уламжлалыг мэдэх зэрэг танин мэдэхүйн мэдлэгтэй зөв хүн болж хүмүүжихэд хувь оруулах болов уу.

-Хүүхэд багачуудад шинэ бүтээлээсээ танилцуулахгүй юу?

-Хамгийн сүүлд “Мэдэмхий Марчаахай” нэртэй хүүхдийн дууны номтой цомог гаргасан. Энэ бүтээл маань БСШУЯ-ны хүүхдийн шилдэг бүтээлээр шалгарсан.   

-Бие даан бизнес эрхлэх боломж байсан уу. Инкубаторт орохын давуу тал нь юу байв?

-Манайх 2013 онд байгуулагдсан. Нэг жилийн хугацаанд нэг л явж өгөөгүй. Шалтгаан нь  маш ердөө энгийн. Бид компьютер дээр ажиллахыг бизнес гэж боддог байсан юм билээ. Инкубаторт орсноор үүнийг олж харсан. Хамгийн наад зах нь хямд өртөгтэй ажиллах орчин. Мөн хэрэглэгчтэй холбоо тогтоох, байгууллагаа олон нийтэд таниулан сурталчлах тал дээр хамаагүй хурдацтай байсан. Дээр нь бизнес хийхэд хуулийн, санхүүгийн зөвлөгөө гэх мэт маш олон зүйл шаарддаг. Энэ мэт гарааны компаниудад маш их бэрхшээл бий. Тэр болгоныг Шинжлэх ухааны паркийн мэргэжилтнүүдээс үнэгүй авдаг. Гадуур хуулийн зөвлөгөө, санхүүгийн үйлчилгээ ямар үнэтэй  байдаг билээ дээ.

-Та хамгийн түрүүнд ажиллах орчныг дурдлаа. Инкубатор гэж нэрлээд байгаа өрөөний түрээс хэд вэ?

-Ам метр нь 35 мянган төгрөг байдаг юм. Анх ажлын байрны түрээсийн төлбөрөөс 90 хувь,  улмаар  50, 30 гэх мэтээр хөнгөлдөг.

-Инкубатороос хэзээ гарах бодолтой байгаа вэ?

-Төгсөх бодолтой байгаа. Учир нь бизнесийн хариуцлага гэдэг зүйлийг энд давхар суралцдаг юм байна. Инкубаторын компаниуд Шинжлэх ухааны паркад сар бүр тайлан өгдөг. Хэрэв муу үнэлгээ авбал инкубатороос хасагдана. Үүгээрээ гарааны компаниудаа шахаж өгдөг юм.  Бойжих хугацаа 2-2.5 жил байдаг.   

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Мэдлэгээ усалж, мөнгө ургуулах хөрс  
Үзсэн: 3083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй