Шууд Chart

Ерөнхий сайд БНЭУ-ын парламентын доод танхимын даргатай уулзав

2016-04-19 15:14:56

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабхагийн дарга, хатагтай Сумитра Махажан болон Энэтхэгийн Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн онд тохиосон Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүн Нарендра Моди манай улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын дүнд хоёр орны найрсаг харилцаа соёл, боловсрол зэрэг уламжлалт салбараас гадна мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гарсан гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцолсон юм.

Мөн хоёр орны хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн зарчмаар өргөжин, хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Монгол Улс Энэтхэг Улстай харилцан ашигтай, хоёр талын ашиг сонирхолд нийцсэн, тогтвортой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байгааг тодотголоо.

Цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, чиглэл, хэлбэрийг тодорхойлох, хувийн хэвшил хоорондын холбоо, хамтын ажиллагааг дэмжихэд Монгол-Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны үйл ажиллагаа чухал гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Лок Сабхагийн дарга Сумитра Махажан тус улсаас Монгол Улсад айлчилж буй парламентын төлөөлөгчид олон намын төлөөллөөс бүрдсэн гэж танилцуулаад Энэтхэг, Монгол Улс хил залгаа хөрш биш боловч оюун санаа, соёл, шашнаараа холбоотой. Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, мэдээлэл, технологийн хөгжилд хамтдаа урагшлах нь зүйтэй гэв. Мөн Энэтхэг улс хүн ам ихтэй ч тархан суурьшсан учраас орон нутгийг хөгжүүлэх бодлого баримталдаг. Монгол Улстай энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгийг онцоллоо.

 


Ерөнхий сайд БНЭУ-ын парламентын доод танхимын даргатай уулзав  
Үзсэн: 851 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй